Дэлхийд гайхуулах нүүдэлчдийн наадам амжилттай боллоо

Монголчууд бид дэлхийд гайхуулах дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Хүн төрөлхтөний ихэнхи үеийн түүхийг үүрч ирсэн Монгол нүүдлийн соёл иргэншил бол гэр бүл, хот айл, саахалт, овог аймаг, улс гүрний гал голомт, залгамж чанар, үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл, хүмүүжил, ёс суртахууныг цогцоор нь бүтээсэн байдаг. Харамсалтай нь бид нүүдлийн соёл иргэншлийн шавхагдашгүй их өвөө мартаж, уламжлалт ёс заншлынхаа тухай ухвар мөчид ойлголттой явна. Монголчуудын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байгаа тоон мэдээлэл байна.

Тэгвэл байгалийн хуулийг танин мэдэж, түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн нүүдлийн соёл иргэншлээ таниулан сурталчилах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээг Завхан аймаг анх удаа байгалийн үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн хүндэтгэн дээдлэгддэг Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөн дээр амжилттай зохион байгууллаа.

Наадмыг зорин ирсэн зочид төлөөлөгчид, гадаад дотоодын жуулчид, иргэд нээлтээ үзэхээр төв талбайруу морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэг хөллөн, морь, тэмээ, сарлагаа унан очсон нь мартагдах дөхсөн Монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх энгийн бөгөөд эхний алхам байлаа. Нээлтийн үйл ажиллагаа ч ёслол төгөлдөр болж, нүүдэлчин Монголчуудын өв соёл, уламжлалт зан заншил, түүхийг харуулсан олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн нь наадамчин олны сэтгэлийг баясгаж, Монгол түмний омогшлыг бадрааж байлаа.

Нүүдэлчдийн соёл, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхээр адуу, тэмээ, үхэр, бог малын отгууд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, отгуудын хооронд наадамчид ердийн хөсгөөр зорчсон нь аргагүй л Монгол ахуйг харуулсан юм.

Энэ үеэр “НАМЭМ” төсөл, МБАНХ болон Завхан АБАХ-ноос бог малын отгийг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллалаа. Уг отог дээр Завхан АБАХ өөрийн гэрийг барьж, бэлчээр, хоршооны чиглэлээрх үйл ажиллагаагаа болон Сартуул хонины цөм сүргийг үржүүлэхтэй холбоотой хийсэн ажлууд мөн  хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж,  эсгийний найр хийж байлаа. Мөн бог малын сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Завхан буурал, сартуул үүлдрийн эцэг малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.

Түүнчлэн НАМЭМ төсөлтэй хамтарч ажилладаг болон Завхан аймгаас түүхий эд нийлүүлдэг компаниуд бүтээгдэхүүнээ сонирхуулж оролцож байна. Үүнд “Эрдэнэт Хивс” ХХК сийлбэртэй гэрээ бог малын отог дээр барьж ноос, ноолууран бүтээгдэхүүнээ тусгайлан танилцуулсан бол “Хангайн Сор” ХХК гар урлалын бүтээгдэхүүнээ, “Уужин” ХХК сарлагийн хөөврөн болон ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэн наадамчин олонд танилцууллаа.

Харин ҮХРИЙН ОТОГ дээр сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх тэмцээн, үхэр тэргээр нүүдэл хийх, тэрэг хөллөх, нуруу ачаа ачих, гэрийн дээс хошлон томох, сур элдэх тэмцээн зохион байгуулж, үнээ саах, цагаан идээ хэрхэн боловсруулах зэргийг харуулсан бол  АДУУНЫ ОТОГ дээр морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, эмээллэх, айргаар дэмбээдэх, хуруудах тэмцээн зохион байгуулж, гүү саах, айраг эсгэх ёслол, унага тамгалах, унага уралдуулах, адууны циркийн тоглолт, хурдан морины уяа сойлго тааруулах, адууны гаралтай цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан морьтой сайхан хос шалгаруулсан бол ТЭМЭЭНИЙ ОТОГ дээр тэмээгээр нүүдэл хийж ачаа тосох, ингэ хөөслөх, ингэ саах, эмнэг тэмээ сургах, ботготой ингэ зэллэх, тэмээн тэрэгтэй аялал зэргийг зохион байгуулж нүүдэлчдийн соёлыг сурталчиллаа.

Энэхүү  “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг дотоодын 6000 орчим, гадаадын 300 гаруй зочид төлөөлөгчид, жуулчид зорин ирсэн бөгөөд нүүдэлчин Монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсанд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Габриелла Спирли хэлэхдээ: Үзэсгэлэнт байгальд болж байгаа нүүдэлчдийн наадам үнэхээр сонирхолтой юм. Энэ наадам зөвхөн монгол ахуй, ёс заншлыг харуулаад зогсохгүй малчдыг газар нутаг болон бэлчээрээ хамгаалах, соёлын өвөө хадгалан үлдэхэд нь өндөр үр дүнтэй арга хэмжээ болж байна гээд “Бэлчээр хамгаалах тухай хууль”-ийг нэн даруй батлах нь бэлчээрийн доройтлыг бууруулах болон малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой дэмжихэд нэн чухал юм.

Тухайн хуулийг “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн бодит үр дүн, судалгааны баримтанд үндэслэн боловсруулах, улмаар БАХ болон БАГ-г уг хуульд тусгах нь оновчтой юм. Ихэнх аймаг сумдын малын тоо нь бэлчээрийн даацаас хэтэрч байна. Иймд бэлчээр ашиглалтын хураамжийг нэвтрүүлэх замаар малын тоо толгойг зохистой түвшинд барих нь зүйтэй юм. Малын тоонд биш чанарт илүү анхаарах нь зүйтэй юм. 200-гаас дээш тооны мал бүхий малчдаас бэлчээрийн хураамж авч, түүнийг орон нутгийн хөгжлийн санд нэмэрлэх, улмаар бэлчээрийг сайжруулахад түүнээс хөрөнгө оруулалт хийж болох юм хэмээсэн юм.

Ийнхүү олон зууны түүхтэй нүүдэлчин ард түмний дэлхийд гайхуулах давтагдашгүй соёл, Монгол ахуй, өв уламжлал, ёс заншлыг цогцоор нь харуулж чадсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Завхан аймаг анхны жилдээ амжилттай зохион байгууллаа. Наадмын үеэр малчид ердийн хөсөг, морь, тэмээгээ хөлслөн орлоготой байсан хэдий ч нөгөө талаас бидний Монголчууд морь малнаасаа хөндийрч, нүүдлийн соёлоосоо хэтэрхий холдсонд харамсаж буйгаа илэрхийлж байлаа. Тиймээс “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нүүдэлчин ард түмнийхээ ахуй соёлыг өвлүүлэн үлдээж, сурталчилан таниулах нь нэн тэргүүний чухал ач холбогдолтой гэдгийг тодотгон  харууллаа.