МБАНХ, Хөвсгөл болон Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Рэнчинжугнай, Бүрхээр, Уранхайрхан, Жаргалант, Зуунмод багуудын 260 гаруй малчидтай уулзалт хийж, нэгдсэн холбоо болон “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг танилцуулж, БАХ-ийг зохион байгуулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд сумын ИТХ-ын дарга Дашдаваа, Засаг дарга Цогт нар оролцож, малчдын байгууллагыг байгуулж, бэлчээр ашиглалтыг сайжруулан малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бүх талаар хамтарч ажиллана гэдгээ хэлж байсан.
Сургалтын эхэнд аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд малчдын өөрөө удирдах байгууллага болох БАХ-ийг хэрхэн зохион байгуулах вэ, ахлагчаа хэрхэн сонгох, дүрмээ хэрхэн батлах, энэ байгууллага маань цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ, сум орон нутагтайгаа яаж хамтарч ажиллах вэ, газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд бэлчээр ашиглалтынхаа төлөвлөгөөг хэрхэн оруулах вэ, БАХ-ийнхээ хурлыг хэрхэн хамтарч хийдэг байх вэ, дундын сангаа хэрхэн зохион байгуулах вэ гэх зэрэг асуудлуудын хүрээнд нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ажилтан Б.Цэрэнмягмар, Тэлмэн сумын “Дулаанхайрхан” БАХ-ийн ахлагч Б.Шаравсамбуу нар “Ногоон алт” төслийн хүрээнд бэлчээр нутгаа доройтлоос хэрхэн хамгаалж, малчдын байгууллагаа хэрхэн бэхжүүлсэн талаархи туршлагаасаа ярьж, үйл ажиллагааныхаа түүхийг харуулсан фото зургийн альбомыг малчдад үзүүлж, шинээр байгуулагдсан малчдын байгууллага яаж илүү үр дүнтэй ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Б.Шаравсамбуу гуай “БАХ-ийг шинээр зохион байгуулахад хамгийн гол ажил бол хурлаа сайн хийж, олон биш бодит үр дүн гарахуйц бүтээлч ажлуудын төлөвлөгөөг харилцан ярилцсаны үндсэн дээр гаргах хэрэгтэй.
Мөн дундын сангаа байгуулах хэрэгтэй. Манай БАХ дундын санг анх 14 өрх 50000 төгрөгөөр тооцож байгуулж байсан бол есөн жилийн хугацаанд одоо дансандаа 7.9 орчим сая төгрөг болоод байгаа. Энэ нь манай БАХ санхүүгийн тал дээр нэлээд тогтвортой болсон гэсэн үг” хэмээж байлаа.
Танилцуулгын дараа малчид маань сургалтын багийнхнаас нэлээд олон асуудлыг асууж тодруулж, харилцан ярилцлаа. Тухайлбал, малчдын байгууллага үүсэн байгуулагдснаар ямар ач холбогдолтой юм, газар нутгийнхаа хилийн цэсийг яаж тогтоогоод байна, энэхүү хилийн цэсээрээ хоорондоо хэрхэн зохицож амьдрах вэ, бэлчээрээ яаж сэлгэж нүүх вэ, түүхий эдээ хаана борлуулах вэ, үндэсний үйлдвэрүүддээ яаж хүргэх вэ зэрэг олон асуултыг асууж, хариулт авсан.
Ингээд сургалтын төгсгөлд баг тус бүр дээрээ хэсгийн зохион байгуулалтад орж ажиллан бэлчээрээ улирлын хуваарьтайгаар, тогтсон цаг хугацаатайгаар ашиглах нь ашиг орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх зөв гарц юм байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрч БАХ-үүдийг зохион байгууллаа.
Бэлчээр нутгаа хамтран ашигладаг Рэнчинжугнай, Бүрхээр багуудын хувьд “Огзом хайрхан”, “Дүүрэн толгой”, “Эрээний цээж” гэсэн гурван хэсэгт хуваагдаж, хэсгийн ахлагчаар М.Цэцэгсайхан, Даваахүү, Энхбаяр нар сонгогдон үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргасан. “Огзом хайрхан” БАХ-ийнхэн анхны хуралдаанаа зохион байгуулж, ойрын хугацаанд дундын сангаа бүрдүүлэх, угаалгын ванныг сэргээх, тарилга туулганы хашаа барих, “Хахиур толгой”, “Бөөрөг”, “Өргөн ширэг”, “Улаан эргийн дэнж”-ийн хадлангийн талбайг хаших, үлийн цагаан оготныг устгах зэрэг ажлуудыг хийх төлөвлөгөө гарган ажилдаа орлоо. Мөн хуралдааны дараагаар хэсгийнхээ хүүхдийн дунд бөхийн барилдааныг зохион байгуулж, бяцхан тамирчдаа байлж шагнасан.
Харин Жаргалант баг “Хуст”, “Жаргалантын өвөр” гэсэн хоёр БАХ, Зуунмод баг дөрвөн БАХ-ийн зохион байгуулалтад орж, бүх гишүүдийнхээ оролцоог ханган хэсгийнхээ хурлыг зарлан хуралдуулж, ахлагчаа сонгож, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргахаар боллоо. Харин “Уранхайрхан” багийн хувьд сумын төвөөсөө 60 км-т оршдог, 247 өрхтэй, 65421 толгой малтай сумынхаа томоохон багийн нэг. Тус багийн малчид маань зөвшилцөн ярилцаад “Тэсийн эх”, “Их овоо”, “Дүнчээ” гэсэн дөрвөн БАХ-т хуваагдан үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн АБАХ-ны тэргүүн Г.Энхболд “Манай АБАХ энэ жил үндэсний үйлдвэрүүдтэйгээ тодорхой хэмжээний гэрээгээр ажиллаж, сарлагийн хөөвөр, хонины ноос, арьс ширийг нийлүүлэхээр гэрээ байгуулаад ажиллаж байна. Энэ гэрээнийхээ төслийн саналыг малчиддаа танилцуулж ярилцлаа. Тэд үндэсний үйлдвэрүүддээ түүхий эдээ нийлүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ хэлж байна.
Цэцэрлэг сум маань өнгөрсөн өвөл нэлээн зудын байдалтай байсан, мал нэлээн цөөрсөн, малчдын маань амьжиргаа нэлээн хүнд байсан ч гэсэн бид бэлчээрээ зүй зохистой ашиглаж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ үнэлэмжийг нэмэгдүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ малчид маань хэлж байна, энэ маш сайн хэрэг” гэлээ.
Цэцэрлэг сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Д.Дамжинрагчаа, малчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор хамгийн тулгамдсан асуудал болох бэлчээрээ зүй зохистой ашиглах, малын гаралтай түүхий эдийг дотоодын үйлдвэрүүддээ малчны хотноос шууд нийлүүлэх суурь нөхцөл бүрдэж байна гэж бодож байна. Мөн бэлчээрээ зөв ашиглаж, эцэг өвгөдөөс уламжилсан бэлчээр нутгаа унаган төрхөөр нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх, өөрийн гэсэн бие даасан байгууллага болсноор бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа тодорхой болж байна гэдгийг хэлж байсан.