ДОРОЙТЛЫН ЦЭГТ БИД ХЭР ДӨХӨЖ ЯВНА ВЭ?

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, профессор С.Жигжидсүрэн

Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог.

Манай улсад бэлчээрийн судалгааг ургамалтай холбон энэ талаас нь судалсан мэргэжлийн геоботаникчид нэлээд олон байсан, одоо ч олон залуучууд байгаа. Гол нь тэд маань мал, малчиндаа төдийлөн ойр бус, хөндийдүү байгаа тал ажиглагддаг юм.

Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад нь шингээстэй байгаа нь томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс тэнд бас аж төрж ажил, үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож “бэлчээр нутаг” гэвэл зохилтой.

Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна.

Монгол орны бэлчээр хурдацтай доройтож байгаа нь хэн ч маргахгүй үнэн. Харин одоо ямар хэмжээнд хүрээд байна вэ? гэдэг дээр маргаан явагдсаар байна. Хянан баталгааны ажил бизнес тал руу хэлбийсэн, үнэмшил муутай гэх шүүмжлэл дагуулдаг ч гэлээ, барьж үзэх материалтай нь хувьд улсын хэмжээнд хийсэн бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгаанд илүү итгэхээс өөр гарцгүй байх аа.

Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хянан баталгаа (2008-2010 он)-гаар улсын хэмжээнд 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсоны дотор малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай бэлчээр 9 сая орчим га байна гэж тогтоожээ.

Талхлагдсан бэлчээрийн талбайг сум бүрээр нийт нутагтай нь харьцуулж үзэхэд:  Төв аймагт нийт бэлчээр нутгийн 31.8-43.2%, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймагт 24.831.5%, Хөвсгөл, Архангай, Ховд аймагт 21.6-24.8% нь талхлагдаад байна. Тухайн аймгийн нийт нутгийн ¼ нь муудчихаад байхад “хэвийн” гэж болох уу? Онцолж дурьдвал, нийслэл Улаанбаатар хот орчмын бэлчээрт ашиглах боломжтой гэж тогтоогдсон газрын 60 гаруй хувь нь талхлагдалд оржээ.

Ингэхлээр нийслэлийнхээ хаяанаас холын аймгийн захын суманд хүртэл бэлчээрийн талхлагдал, доройтол, цөлжилт бэлчээр нутгийг маань “залгисаар” байхад  нүдэн балай, чихэн дүлий хараад сууж даан ч боломгүй. Үүнийг мэдэж, мэдэрч,  анхаарч байгаа төрийн байгууллага алга. Байдал ийнхүү цааш үргэлжилбэл Монголд “цунами” байтугай, түүнээс долоон дор аюул үүсэх нь нэгэнт тодорхой боллоо.

Бэлчээр нутгийн хэмжээ  багасч, ургац буурах, малд идүүштэй ургамал цөөрөх явц тод ажиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд нэг талаас бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, усаар хангах, нөгөө талаас малын тооны өсөлтийг хязгаарлах,  сүргийн бүтцийг зохистой болгох, малаа чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь төрөөс баримтлах гол зорилго, стратеги мөн гэж хэлэх байна даа.

Монголчуудын бэлчээрийн мал аж  ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, асар баян. Сонгомол шинжтэй, 2200 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Энэ уламжлал Чингэс хаан болон Их хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай болон төлөвшин тогтсон гэж үзэх бүрэн үндэстэй. “Монголын нууц товчоо”нд өгүүлснээр: Өгэдэй хаан ширээнд суугаад “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя… Бас улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал зохино.