2016 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ хамтран “Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХХААИС, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлэг, үржлийн газар, Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, ноос ноолуур, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүд, малчид, малчдын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол малын түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээр бусдаас ялгарах давуу чанар буюу өрсөлдөх чадвар нь байгалийн цэвэр бэлчээрт тааваараа идээшлэн, өвс тэжээлээ өөрөө сонгон идэш тэжээлээ авдаг, байгалийн жам ёсны органик үйлдвэрлэл буюу органик бүтээгдэхүүн гэдэгт байдаг.
Гагцхүү өрсөлдөх чадварын бусдаас ялгарах эдгээр давуу чанаруудыг хэрэглэгчдэд хэрхэн мэдээлж, баталгаажуулж болох вэ цаашлаад Монгол малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх талаар талуудын оролцоог ханган хэлэлцлээ.
Зөвлөгөөний эхний өдөр “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн багийнхан үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулж:
Бэлчээрийн төлөв байдал, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх,
МАА-н гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх,
Сарлагийн хөөвөр, торомны ноосны экспортыг нэмэгдүүлэх,
Малчдын эрэлтэд чиглэсэн нэвтрүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх
Мал эмнэлгийн бодлого, хууль эрх зүйг сайжруулах
Бруцеллёз өвчинтэй тэмцэх стратеги
Шүлхийн стратеги болон мал эмнэлгийн албан боловсрол зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн энэ өдөр зөвлөгөөний төлөөлөгчид “Мах”, “Ноос ноолуур”, “Арьс шир” гэсэн гурван бүлэгт хуваагдан, сүлжээнд оролцогч талууд цаашид хэрхэн хамтарч ажиллах, бэрхшээл саадыг хэрхэн даван туулах, Төрийн зүгээс ямар бодлого хэрэгтэй байгаа талаар санал бодлоо солилцон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гурван бүлгийн хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж, зөвлөмж гаргасан бөгөөд үүнийгээ салбарын яамандаа уламжлахаар болсон.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Үндэсний үйлдвэрлэгч “Сор Кашемир”, “Баялаг Өлзий”, “Дархан Нэхий”, “Алтай кашемир”, “Үүжин” компаниуд нэхий, сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийхээ загварын үзүүлбэрийг толилуулж, үзэсгэлэн гаргасан. Үүний дараа “Ногоон Алт”,“Малын эрүүл мэнд” төслүүдийн зорилго, үр дүнг хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласан Төр ба хувийн хэвшлийн байгууллага, малчид, малчдын байгууллагад шагнал гардууллаа. “Ногоон алт” төслөөс:
“Малчдад чигэлэсэн мэдээлэл, үйлчилгээгээр манлайлагч байгууллага”-аар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн,
“Малчдад ээлтэй үйлдвэр”-ээр “Баялаг Өлзий” ХХК,
“Шинийг санаачлагч үйлдвэр”-ээр “Алтай кашемир” ХХК,
“Манлайлагч сумын бэлчээр ашиглагчдын холбоо”-гоор Говь-Алтай аймгийн Халиун сумын Бэлчээр ашиглагчдын холбоо,
“Манлайлагч хоршооны дарга”-аар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан алдар” хоршооны дарга С.Сүхбаатар,
“Төр хувийн хэвшлийн түншлэлийн манлайлагч”-аар Говь-Алтай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгмаа,
“Залуу манлайлагч” өргөмжлөлөөр Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Жамбалдорж,
“Байгальд ээлтэй малчин” өргөмжлөлөөр Баянхонгор аймгийн Богд сумын “Дулаан богд” Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, малчин Н.Батхуяг нар тус тус шагнагдлаа.
“Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцсон таван хүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас шагнал гардуулсан. Үүнд :
Ё.Гэрэлт-Од – Өвөрхангай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн Халдварт өвчин хариуцсан малын их эмч,
С.Бүрэнжаргал – ХААИС-ийнМал эмнэлгийн сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор,
Ц.Пүрэвхүү – Мал эмнэлэг, үржлийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор,
Я.Номхон – Мал эмнэлэг, үржлийн газрын халдварт болон зооноз өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
С.Дивангар – ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Мал эмнэлгийн хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.