“Хангайн сор” компанийн захирал Н.Болормаа: ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГААСАЙ
“Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төсөл болон МБАНХолбоо Өвөрхангай аймгийн “Хангайн сор” компанитай хамтран сарлагийн хөөвөр, хонины ноосоор гар урлалын бүтээгдэхүүн хийх долоо хоногийн сургалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд явууллаа.
Энэхүү сургалтанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн хоршооны гишүүн болон малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 15 хүн хамрагдаж байгаа юм. Сургалтыг хамтран зохион байгуулж буй “Хангайн сор” компаний үйлдвэрлэдэг сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүд гадаад, дотоодын зах зээл дээр эрэлт ихтэй байдаг ч захиалгынхаа тоог гүйцэж үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байгаа. Энэ нь нэг талдаа хөдөө орон нутагт боловсон хүчин бэлтгэх нэн шаардлагатайг харуулж байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд маань сарлагийн хөөврийг эсгийрүүлэх технологийг сурч, мөн “Хангайн сор” компаний бүтээгдэхүүнүүдийн бэлдцүүдийг стандартын дагуу хийж чаддаг болсон болохоор сум орон нутагтаа түүнийг бэлтгэж явуулаад үйлдвэр дээр угсраад эцсийн бүтээгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлэх гэх мэтээр нэг талаас малчин эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, нөгөө талаас орон нутагтаа үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
“Сарлагийн хөөвөр, хонины ноосыг боловсруулж, бүтээгдэхүүн хийх анхан шатны ойлголтгүй хүмүүс ирж байсан. Тэгвэл энэ удаагийн сургалтаар сарлагийг хэрхэн яаж самнах, түүхий эдээ яаж боловсруулах, ноос угааж бэлтгэх гээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлтгэх бүхий л шатны мэдлэгийг онолын хичээлээр олгосон. Үүнийхээ үндсэн дээр малынхаа түүхий эдийг боловсруулаад ахуйн хэрэгцээндээ хэрэгтэй бүхнээ эцсийн бүтээгдэхүүн болгон хийх чадвартай болж байна.
Тухайлбал, үйлдвэрийн аргаар боловсруулсан болон хаягдал гэж үзэж байгаа түүхий эдээр оймс, гутал, ширдэг, олбог, бэлэг дурсгалын зүйлийг гэртээ үйлдвэрлэх технологийг сургаж байна. Олбог хийж сурлаа гэхэд хээ тавих, битүү эсгүүр хийх, зулах зэрэг бүх технологийг эзэмшиж байгаа. Ингэснээр цаашдаа өөрсдөө сэтгээд бүхий л хэрэгцээт зүйлээ хийж чаддаг болж байгаа юм.
Малчид маань зуны дэлгэр цагт ноосоо, хөөврөө бэлтгэчихээд өвөл суурин байх үедээ бүтээгдэхүүнээ хийх боломжтой юм. Манай компанийн бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээл дээр ихээхэн эрэлттэй байдаг ч захиалгынхаа тоог гүйцэж чаддаггүй. Энэ удаагийн сургалтанд хамрагдсан хүмүүс бэлдцүүдийг стандартын дагуу хийж чаддаг болсон болохоор орон нутагтаа түүнийг бэлтгэж явуулаад үйлдвэр дээр угсраад эцсийн бүтээгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлэх гэх мэтээр нэг талаас малчин эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, нөгөө талаас орон нутагтаа үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж байгаа юм. Ер нь бол өрх бүр үйлдвэрлэгч байгаасай гэж хүсдэг” хэмээн “Хангайн сор” компанийн захирал Н.Болормаа ярилаа.
Энэ удаагийн сургалтыг илүү үр дүнтэй, илүү олон малчин эмэгтэйчүүдэд хүргэх, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор МБАНХ, “Хангайн Сор” ХХК болон суралцагчид гурвалсан гэрээг байгуулж байгаа юм. Энэхүү гэрээгээр сургалтанд хамрагдсан суралцагч маань аймаг, орон нутагтаа очоод 2-оос доошгүй малчин эмэгтэйд сарлагийн хөөвөр, хонины ноосоор бүтээгдэхүүн хийх арга барилыг эзэмшүүлэн сургах юм. Мөн уг бүтээгдэхүүнүүдээрээ Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад зохион байгуулагдах сарлагийн наадмын үеэр үзэсгэлэн гаргаж, жуулчдад таниулж худалдаалах юм.
Хөвсгөл аймгийн иргэн Ш.Батжаргал:
Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ, Түнэл сумаас тавуулаа ирсэн. Ноосоо машиндахаас эхлээд олбогыг эсгийрүүлж хээтэй зулж хоёр янзаар мөн эсгийгээр оймс, гутал, сувинерийн зүйлсийг хийж сурлаа. Өмнө нь эсгийгээр хийсэн бэлэн бүтээгдэхүүнийг харж байснаас хийх аргачлалаа мэддэггүй байсан. Хамгийн гол нь мэргэжлийн түвшинд маш чамин гоё, ур чадвартай бүтээгдэхүүнийг зүү оруулахгүйгээр хийж сурсан. Нутагтаа очоод бусад эмэгтэйчүүддээ зааж сургахаас гадна хамт сурсан бүсгүйчүүдтэйгээ хамтраад сувинерийн зүйлсийг хийж борлуулалт хийнэ.
Бид хятад эсгий аваад оймс, гутал хийж хүүхдүүддээ өмсгөдөг тэгвэл одоо хөөвөр, ноосоо өөрсдөө боловсруулаад хэрэгцээт зүйлсээ хийж чаддаг боллоо. Нутагтаа очоод эсгий урлалын сургалтын төв эсвэл жижиг хэмжээний цех ажиллуулаад малчин эмэгтэйчүүдээ чадавхижуулах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг харж авсан ньы энэ сургалтын том үр дүн байлаа.
Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн М.Ширмэнтогоо:
Технологийг нь сурсан болохоор цаашид өдөр тутмын хэрэгцээний бүх зүйлсээ хийж чадах болсон төдийгүй “Хангайн сор” компанийн боловсон хүчин болж, хамтдаа эсгий, эсгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа нь маш ач холбогдолтой юм. Тийм болохоор сумандаа нэг ч юмуу самнагч машин аваад тэр бүр үнэ хүрч чаддаггүй сарлагийн хөөвөр, хонины ноосоо ашиглаад малчин эмэгтэйчүүдээ чадавхижуулах, хөгжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.