Дорнод аймгийн бэлчээр ашиглагчид чууллаа

Дорнод аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвлөгөөн 5-р сарын 31-нд Хэрлэн суманд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү зөвлөгөөнд 2016 онд “Ногоон Алт” төсөл хэрэгжиж эхэлсэн Цагаан-Овоо, Баян-Уул сум мөн энэ жил төсөлд шинээр хамрагдаж буй Чойбалсан сумдын Засаг дарга нар, Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, БАХ-ийн ахлагч нар, малчид түүнчлэн Дорнод аймгийн ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Төслийн хүрээнд өнгөрсөн жилээс Цагаан-Овоо, Баян-Уул, Булган сумдад бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан сургалтуудын үр дүнд тэд судалгаа хийх, төлөвлөгөө боловсрууулах, мониторинг хийх зэрэг арга зүйг эзэмшсэнээ зөвлөгөөний эхэнд хэлж байлаа. Мөн энэ үеэр МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбаттай уулзаж, 2017-2020 онд тус аймагт хэрэгжих төслийнхөө үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан.

Тэрээр “Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд Дорнод аймгийн ЗДТГ-аас батлан хэрэгжүүлж буй “Бэлчээр хадлан ашиглах бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа МБАНХ-ны удирдлагад уламжилсан юм. Өнгөрөгч онд батлагдсан энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулахад МБАНХ-ны зүгээс тодорхой хэмжээний санал дүгнэлтийг гаргаж, хадлан хадах хугацаа, хадах өндөр гэх зэрэг технологийн зөвлөмжийг өгч хамтран ажилласан юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд оролцогчид маань 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үндсэн чиглэлээ хамтран гаргасан бөгөөд МБАНХ-ны зүгээс энэ жил Дорнод аймагт БАХ-ийг бэхжүүлэх, бэлчээрийн төлөв байдлын судалгааны үндсэн дээр малчдад зөвлөмж өгөх мөн малчдын дундын санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, малчид болон малчдын байгууллагуудын бичил төслүүдийг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.