Өнгөрөгч 5-р сарын 22-ны өдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 2016 оноос “Ногоон Алт” төсөл хэрэгжиж эхэлсэн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул сум мөн энэ жилээс төсөлд шинээр хамрагдаж байгаа Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын Төрийн байгууллага, багийн Засаг дарга болон Иргэлийн нийтийн хурлын дарга, малчид, бэлчээр ашиглалтын хэсгийн төлөөлөл болон аймгийн Засаг дарга, ХХААГ, ГЗББХБГ-ын холбогдох албаны хүмүүс зэрэгнийт 120 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн хувьд бэлчээрийн нөхцөл байдал, ашиглалт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авч талхагдал, доройтлоос сэргийлэх вэ, малын эрүүл мэндийг хэрхэн сайжруулах вэ цаашлаад малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа ямар асууудал байна зэрэг хэд хэдэн асуудлын хүрээнд нээлттэй ярилцсан юм. Үүний үндсэн дээр МБАНХ-ны зүгээс 2017-2020 онд тус аймагт хэрэгжих “Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааныхаа чиглэлийг, аймаг, орон нутгаас бэлчээр, малын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогоо танилцуулж, сум бүр 2017 онд бэлчээрийн чиглэлээр хийх ажлаа тодорхой болгож, баталсан юм.
Мөн энэ үеэр МБАНХ-ны зүгээс 2017-2020 онд Хөвсгөл аймгийн Засаг даргатай “Ногоон Алт, Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Засаг дарга Л.Ганболдын зүгээс төсөл хэрэгжих таван сумын сайн туршлагыг бусад сумддаа түгээн дэлгэрүүлэх ялангуяа дээрх сумдад ажиллах ажлын хэсгийн гишүүдийг сургагч багшаар ажиллуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Ийнхүү “Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төсөл Хөвсгөл аймагт хэрэгжснээр аймгийн хэмжээний бэлчээр ашиглалтыг сайжруулах, нүүдэл суудлыг дэмжих, малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар боллоо. Төслийн хүрээнл малчдын орлогыг нэмэгдүүлэхдээ бэлчээр ашиглагчдын хэсэг болон төслийн зүгээс тавь, тавин хувийн хөрөнгө гаргаж малчдын дундын санг бүрдүүлэх юм. Мөн бэлчээрийг сэргээн сайжруулах болон малчин эмэгтэйчүүдийн орлого, үйл ажиллагааг дэмжсэн бичил төслүүдийг дэмжинэ гэдгээ зөвлөгөөний үеэр МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлсэн юм.
Хөвсгөл аймгийн хувьд нийт бэлчээр нутгийн 64 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон судалгааны дүн гарсан. Энэхүү бэлчээрийн доройтол нь малчин өрх, цаашлаад сум орон нутгийн орлогод сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Төслийн зүгээс энэхүү алдагдлыг багасахын тулд 2016 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ХХААГ, ГХБХБГ-ын холбогдох хүмүүс оролцсон ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа юм. Энэ жил сумдад Засаг дарга, МЭҮТ, Газрын даамал, Ус цаг уурын мэргэжилтнүүд, баг, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж эхлээд байна.
Мөн өнгөрсөн жилээс тус аймагт хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх сургалтыг сумдад зохион байгуулснаар өмнө нь салхинд хийсгээд хаядаг байсан хөөврийн үнэ үнэлэмж нь өсч, кг нь 10000 төгрөгт хүрч байгаа, энэ жил тус сум аймгийнхаа бэлчээр ашиглагчдын холбоотой хоёр тонн самнасан хөөврийн гэрээ хийгээд нийлүүлж эхлээд байгаа таатай мэдээг Арбулаг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ж.Үүртуяа хэлээд, одоо нэн түрүүнд дундын сангаа байгуулна мөн малчдынхаа орлогыг дэмжих зорилгоор цагаан идээний үзэсгэлэнг тун удахгүй зохион байгуулна гэлээ.