“Мандал баян улаан” хоршоо гишүүддээ ноогдол ашиг хуваарилжээ

ШХА-ийн санхүүжилт бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаанд 2016 оноос хамрагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн С.Үүртуяа хэдий богино хугацаанд ч гэсэн  идэвхи зүтгэл гарган санаачлагатай ажиллаж, малчдынхаа итгэлийг бүрэн хүлээсэн байна.

Тэрээр сумынхаа бэлчээрийг хамгаалах, талхагдал доройтол, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар малчдынхаа санаа бодлыг байнга сонсож, ингэснээр тэдний оролцоог  идэвхжүүлэх, малчдын дунд санг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанар, бэлтгэлийг сайжруулах чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг байна. Энэ хүрээндээ малчдын “Мандал баян улаан”  нэртэй Түүхий эдийн хоршоог үүсгэн байгуулж, малын гаралтай түүхий эд, тэр дундаа  хонины ноосыг түлхүү авчээ.

Үүний үр дүнд өнгөрсөн жил сумын хэмжээнд нийт 18.1 тонн ноосыг цуглуулан авч, үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлжээ. Ингээд ноосоо тушаасан малчин өрхүүдийг ноосны урамшуулалд хамруулах, хоршооны олсон ашгаас гишүүддээ ноогдол ашиг хуваариласан зэрэг нь малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, урам дэм өгсөн сайхан ажил болжээ.

Энэхүү сайн туршлагыг та бүхэнд хүргэж байна. Ноос худалдан авах үнэ ханшийг тогтвортой байлгаж, цаг хугацаанаас үл хамааран тухайн үеийн зах зээлийн ханшаар авч, эцсийн борлуулалтыг хийсний дараа 2000 төгрөгөөр бодож 3.627.000 төгрөгийн зөрүүг бүх малчин өрхүүдэд буцаан олгосон байна.Малчид хамтран ажиллаж, хониныхоо ноосны чанар, үнэлэмжийг дээшлүүлж чадсаны үр дүнд бий болсон хөрөнгөөр өөрсдийн байгуулсан дундын сангийнхаа хуримтлалыг нэмэгдүүлж, одоогийн байдлаар 35,310,200 төгрөг болсон бөгөөд сумын нийт малчин өрхийн 80 гаруй хувь нь дундын санд хамрагдсан байна.

Энэхүү ажлын үр дүнд гарсан малчдын сэтгэгдлээс хүргэж байна.

Сэтгэгдэл 1: “Цадаа баян” БАХ-ийн ахлагч Л.Мөнгөнтуяа: “Зун болохоор малчид бид хонио ноосолж, хяргасан ноосоо ченжүүдэд тушаадаг байсан. Эрт ноосолсон айл тухайн үеийн ханшинд тааруулаад өгдөг,  харин 7-14 хоногийн дараа нөгөө тушаасан үнэ маань 2-3 дахин нэмэгдсэн, эсвэл буурсан байх ч юмуу тогтвортой биш хэцүү байдаг. Ноосоо хадгалаад байх хэцүү ер нь их асуудалтай, ченжийн амаар л байдаг байлаа. Энэ жил Арбулаг сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/-ны дэргэдэх “Мандал баян улаан” Малчдын анхан шатны  хоршоо байгуулагдан  хонины ноосыг нэгдсэн журмаар авснаар малчид үнэ ханшийн тал дээр тогтвортой байлаа. Эхэндээ малчид зөрүүг буцаан олгоно гэхэд итгэхгүй байсан харин олгосны дараа илүү урам орж “Дундын сан”-даа хүртэл элсэж сургалтанд идэвхтэй хамрагддаг болсон.

Сэтгэгдэл 2: “Сөрт” БАХ-ийн ахлагч Б.Ганхуяг: “БАХ-ийн ахлагч бидний хувьд энэ зун малаа маллахын хажуугаар төслийн хүрээнд малчин өрхүүдийг зохион байгуулах сонгуульт ажилтайн дээр цалин урамшуулал аваад боломжийн байлаа. Намар болохоор хүүхдүүд хичээл сургуульдаа явдаг болохоор бэлэн мөнгөний хэрэг маш их байдаг. Цаашид бид байнгын иймэрхүү ажилтай бас тодорхой хэмжээний урамшуулал аваад байвал төвд байхаас ч илүү сайхан амьдрах боломж байна гэж бодож байна”

Сэтгэгдэл 3: “Ихэр мандал” БАХ-ийн гишүүн Г.Цэнгэн: “Ер нь ний нуугүй хэлэхэд анх ноос аваад цаана үйлдвэрт тушаачихаад зөрүү мөнгийг нь буцаан танд өгнө гэхэд нь итгээгүй. Ченжүүд зөрүү мөнгөөр нь л ашиг хийдэг байхад та нар өөртөө ашиггүй юм хийхгүй байлгүй гэж хэлж байсан. Гэтэл 7-р сарын 18-ны өдөр СБАХ-ноос таны ноосыг тушаагаад зөрүү мөнгийг өгч байна гээд 86.500 төгрөг надад өгч гарын үсэг зуруулаад явсан. Хөгшин бид 2 ийм юм байдаг юм байна гэж баярлаад сум орж, уяачдын наадам үзэж жаал жуул хүнсний юмаа цуглуулаад, унаандаа дүүртэл нь бензин хийгээд ирсэн дээ. 9-р сарын 3-нд манайх “Дундын сан”-даа хонь өгч элсэн орсон. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье”

Д.Бурмаа