Бэлчээр бол малчдын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл бэлчээрийг нийтийн өмч гэж үзэж хайр гамгүй ашиглаж байгаа нь бэлчээр өөрөө байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжийг олгохгүй байгаа юм. Нөгөө талдаа дэлхийн дулаарал, хур тунадас багассан зэргээс шалтгаалан бэлчээрийн доройтол, цөлжилт үүсэх нөхцөл бүрдэж байгаа. Гэхдээ энэ бүхнээс бэлчээрийн газар дээр хүн ба малын хүчин зүйлийн нөлөөлөл хамгийн бага байхад чиглэгдсэн Монгол улсын хэмжээнд анх удаа гэж болох Бэлчээр ашиглалтын журамтай болох хэлэлцүүлэг Баянхонгор аймаг болж байгаа юм.
Энэ бол бэлчээр ашиглалтыг нөөц чадавхид тохируулан, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ын төслийн хэлэлцүүлэг юм.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, ИТХ, ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, амйгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо мөн 20 сумын ИТХ, Засаг дарга, Газрын даамал, МЭҮГ-ын Бэлчээр хариуцсан мэргэжилтэн, СБАХ-ны төлөөлөл нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хэлэлцүүлгийн эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Баянхонгор аймгийн бэлчээрийн төлөв байдал” сэвдээр танилцуулга хийлээ. Баянхонгор аймгийн хувьд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог, бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон төв суурин газар, ил устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглаж байгаа нь цэгэн талхагдал үүсгэж, нийт бэлчээрийн 14.5 хувь буюу 1.2 сая га бэлчээр тодорхой хэмжээгээр доройтсон байна.
Иймээс орон нутаг дотооддоо бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж бие даан хөгжих, малчид, хот айл, малчдын бүлэг нөхөрлөл, Бэлчээр ашиглагчдын хэсгийн хэлбэрт шилжих зайлшгүй шаардлагатай. Энэхүү зохион байгуулалтад тулгуурлан бэлчээрийн даацдаа тохирсон малтай байх, нүүдэл сэлгээг тогтмол хийдэг болсноор бэлчээрийн талхагдал, доройтлоос урьдчилан сэргийлэх, сайжруулах, хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Үүнээс үндэслэн тус аймгийн ЗДТГ-аас “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ын төслийг боловсруулан аймаг, сумын багийн иргэдийн нийтийн хуралд хоёроос гурван удаа танилцуулан, хэлэлцүүлжээ. Энэ удаад бүх сумдын холбогдох албаны хүмүүст танилцуулан, саналуудыг тусгаад аймгийн ИТХ-д танилцуулах юм. Энэхүү журмаар гол нь бэлчээрийн даацдаа тохирсон малтай байх, хэрэв даацаас хэтэрсэн малтай бол төлбөр авч сум, орон нутагтаа байгуулсан нэгдсэн сандаа байршуулан, үүссэн хуримтлалаар эргүүлээд тухайн нутаг орныхоо бэлчээрийг сайжруулах ажлыг хийх юм.
Журмын төслийг аймгийн ХХААГ-ын Бэлчээр, Уст цэг хариуцсан мэргэжилтэн Т.Хишигбаатар танилцуулсны дараа, хэлэлцүүлэгт оролцогчид журамд саналаа өглөө. Оролцогчдын олонхи нь журмын төслийг бэлчээр асар хурдацтай талхагдан доройтож байгаа энэ үед энэ журам маш зөв зүйтэй ажил гэдгийг хэлж байлаа. Тэд, малчид “мянгат болох уралдаан”-аас татгалзаж байгаа. Тиймээс малаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд тасралтгүй нийлүүлэх, борлуулах асуудлыг журамд оруулж өгөх мөн малчид банкнаас зээл авахын тулд малын тоогоо өсгөн “хөөсрүүлдэг”. Тиймээс малын тоог үнэн зөв гаргах болон хянах зохицуулалтыг журамд оруулах саналтай байна гэлээ.
Энэ үеэр Богд сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Ган “Машинтай адилтгаж үзвэл, байгаль, дэлхий, бэлчээр нутаг маань “улаан гэрэл”-ээ асаагаад удсан. ийм байдлаар цааш удаан явбал мотор цохино. Тийм учраас бэлчээр ашиглах журам, бэлчээр хамгаалах тухай хууль зайлшгүй хэрэгтэй байна” гэв.
Малын тоо толгой хэтэрч, алсын болон ойрын отор нүүдэл хийх байдал үгүй болсон, ил задгай газрын уст цэгийг жилийн турш ашиглаж байгаагаас гадна уул уурхай, зам, шугам сүлжээ, аялал жуулчлал зэргээр бэлчээрийг эдэлбэр газарт шилжүүлэн бэлчээрийг хомсдуулж байна. Энэ байдал цааш үргэлжилбэл бэлчээрийн хомсдол, доройтол даамжирч, энэ нь цаашлаад МАА-н салбарын тогтвортой хөгжил, малчдын амьжиргааг хангахад ноцтой бэрхшээл үүсгэх эрсдэлтэй.
Энэхүү эрсдлийг бууруулах зорилго бүхий даацад тохирсон малтай байж, малыг эдийн засгийн эргэлтэнд оруулан, даац, ачааллыг тохируулах, ингэснээр малын эрсдэл даах чадвар, МАА-н бүтээгдэхүүний чанар, ашиг шим, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн малчдын амьжиргааг тогтвортой дээшлүүлэх зорилготой “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам” тус аймгийн хэмжээнд мөрдөгдөх журам батлагдаж, үр дүнгээ өгнө буй заа…