Баянхонгор аймаг нь газрын нэгдмэл сангийн ангиллаар 1 га газар нутагтай. Үүнээс га бэлчээрийн элчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 78,3 хувийг ашиглаж байна. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89.4 толгой болж өссөн.
Аймгийн хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон төв суурин газар, ил задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглаж байгаа нь цэгэн талхлагдалт үүсгэж, нийт бэлчээрийн 14,5 хувь буюу 1,2 сая га.бэлчээр тодорхой хэмжээгээр доройтоод байна.
Мөн эрдэмтдийн тооцоолсноор Монгол орны нийт бэлчээрийн 65% нь ямар нэг хэмжээгээр талхагдан доройтсон гэсэн судалгаа бий. Тийм учраас сум орон нутаг өөрсдөө бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж бие даан хөгжих, малчид, хот айл, малчдын бүлэг нөхөрлөл, Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад шилжих зайлшгүй шаардлага тавигдаж байна.
Баянхонгор аймгийн хувьд сүүлийн таван жилийн байдлаар мал сүргийн тоо толгой жил дараалан өсч тэр хирээр бэлчээрийн даац багтаамж нэмэгдсэн байна. 2017 онд аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай, 30 орчим хувь гандуу байснаас мал сүрэг тарга хүчээ бүрэн авч чадаагүйн дээр бэлчээрийн даацыг 192 цэгт фото мониторингийн аргаар тооцож үзэхэд бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ.
Бэлчээр доройтоход тэжээлийн шимт ургамлын төрөл зүйл цөөрч аажмаар мөхдөгийн улмаас мал сүрэгт махан тарга авахуулдаг ургамал давжаарч, сийрэгжин арви нь буурдаг үүний улмаас ургамлын хооронд халцарч нүцгэрсэн газар ихсэн шороон шуурга элбэгшиж, үржил шимт хөрс элэгдэлд ордог. Энэ бүхэн бэлчээр ашиглалтын талаар аймаг, сум, багт хариуцлагын үлгэрчилсэн журам гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Малчдын дийлэнх олонх нь бэлчээрийн ашиглалтын журам гаргахыг дэмжсэн байна. Энэ журмыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлэн аймгийн ЗДТГ болон ХХААГ хамтран боловсруулжээ. Түүнчлэн журмын төсөлд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслөөс санал өгч, хамтран ажилласан юм.
Энэ сарын 24-нд зохион байгуулагдсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ын хэлэлцүүлгээр эцэслэгдсэн төслийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураахад төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр уг журам батлагдсан байна. Ийнхүү сум бүр анхан шатны нэгж болох багийн ИНХ-уудаар хэлэлцүүлж, нутгийнхаа онцлогт тохирсон журам, аргачлалыг боловсруулж сумдын ИТХ-аар батлуулан мөрдөж ажиллах юм. Ингэснээр өмнө дурдсанчлан тухайн жилийн бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх харилцааг зохицуулах эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.