ҮНДЭСНИЙ УУГАН ҮЙЛДВЭР “МОНГОЛ ТЕКСТАЙЛ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Монгол текстайл” компанийн захирал Р.Энхболд МБАНХ-ны удирдлага, зөвлөхүүдтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа. Тус компанийн хувьд, МБАНХ-той эрүүл бэлчээрээс гарсан эрүүл, эко түүхий эд тухайлбал, сарлагийн хөөвөр, хонины ноосыг малчдын хоршоогоор дамжуулан өндөр үнээр худалдан авах чиглэлээр хамтарч ажилладаг бөгөөд цаашид үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд таниулах, хэрэглэгчдэд давуу талаа ойлгуулах түүнчлэн малчин эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулах зэрэг нэлээд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

“Монгол текстайл” компани тэртээх 1934 онд байгуулагдсан Аж үйлдвэрийн комбинатын ууган машинт үйлдвэр болох “Монгол Нэхмэл” ХК-ийн суурин дээр бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл хийж, байгуулагдаад нэлээд хугацааг үдэн амжилттай ажиллаж байна. Эднийх малчдын бэлтгэсэн хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг дөрвөн төрлийн түүхий эдээр бүх төрлийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа монгол хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр даавуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.

“Монгол Текстайл” компани сардаа 5000 гаруй метр даавуу үйлдвэрлэдэг ба түүнээс илүүг ч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэдний үйлдвэрлэж байгаа цэвэр ноос, ноолууран даавуу маш дулаахан, хөнгөн бөгөөд эдэлгээний хувьд маш чанартай байдгаараа импортын бүтээгдэхүүнээс ялгардаг. Үнийн хувьд ч тун боломжийн. Ноос, ноолууран даавуугаар дээл, пальто, хүрэм, нөмрөг, хантааз зэрэг бүхий л хувцас, хэрэглэлийг урлаж болно.

Дээл хувцсыг даавуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр дундаа монголчуудыг дээлгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Гэтэл бид өнөөдрийг хүртэл урд хөршийн худалдаа, наймааг дэмжсээр дээл хувцасныхаа даавууг тэндээс зөөсөөр ирсэн. Хэрэглэгчид ч дотооддоо чанартай, органик даавуу үйлдвэрлэж байгаа. Үүний шалтгаан нь, нэг талаар манай үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээсэн баялгаа төдийлөн хэрэглэгчдэд таниулж амжаагүй ч байх талтай. Нөгөөтэйгүүр, манай хэрэглэгчид дотоодын даавуу байдаг гэдгийг мэддэг мөртлөө өртөг өндөр гэж ташаардагаас хятад даавуу, хувцсыг сонгодог болов уу.

Энэ мэтчилэн бид дотоодоосоо бус, гаднаас дийлэнх худалдан авалтаа хийдэг. Тэр бүү хэл, урд зүгийн хямд бүтээгдэхүүнийг өөрийн орны цэвэр ноос, ноолууран даавуу, бүтээгдэхүүнтэй жишиж дотоодод үйлдвэрлэсэн ноос, ноолууран даавуу, хувцсыг үнэтэй байна гэлцдэг. Гэвч “үнэ дагаж чанар” гэдэг дээ. Өөрөөр хэлбэл, хямд үнэтэй даавуун бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхойгүй байдгаас гадна ихэвчлэн хаягдал түүхий эдээр хийгдсэн байдаг. Харин үнэ цэнэтэй түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүн мэдээж хэрэг илүү үнэтэй байх нь дамжиггүй. Малчдын маань хөлсөө дуслуулж бэлтгэсэн үнэт түүхий эдээр бүтсэн бүхэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болох учиртай хэмээн Р.Энхболд захирал ярьж байна.

https://www.facebook.com/mongolgreengold/