Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Завхан аймгийн Оёдлын холбоотой хамтран малчин эмэгтэйчүүдийн чадавхижуулах, гарын дор материалаар үндэсний болон европ хувцас хийх сургалтыг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд Завхан аймгийн есөн эмэгтэй, нэг эрэгтэй малчин хамрагдаж байгаа бөгөөд “Үргэлж Залуу Mongolian fashion brand” урлангийн чадварлаг багш нар удирдан явуулж байна. Суралцагчид маань тав хоногийн хугацаанд монгол болон европ хувцасны үндсэн суурь зохион бүтээлт хийж сурах, гадуур хувцас, юбка, өмдний эсгүүр хийж сурах гэхчилэн мэргэжлийн оёдолчны мэдэх байж ажлуудыг нэлээд сайн сурч байгаа тухайгаа ярьж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Цогц гоёл” оёдлын цехийн эрхлэгч А.Чимидцогзол: Миний хувьд, Тосонцэнгэл сумандаа “Цогц гоёл” оёдлын цехийг ажиллуулдаг. Энэхүү сургалтанд хамрагдах гол шалтгаан бол, мэргэжлээ дээшлүүлж, мэдэхгүйгээ мэдэж авах чин хүсэл байлаа. Үнэхээр чадварлаг багш нар, чанартай сургалтын үр дүнд Европ хувцсыг орчин үеийн дизайнаар гоёл чимэглэл бүхий дэгжин сайхнаар урлаж сурлаа. Хамгийн гол зүйл бол, орчин үеийн хувцасны чиг хандлага ямар төвшинд байгаа юм бэ гэдэг талаар мэдэж авсан. Энэ нь цаашдаа цехээ өргөжүүлэх, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, бизнесээ тэлэхэд маш ач холбогдолтой байна. Зөвхөн өөрөө сурч мэдээд зогсохгүй нутагтаа очоод сурсан мэдснээ малчид эмэгтэйчүүдтэйгээ хуваалцаж, сургалт өгнө гэж бодож байгаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ц.Балдорж: Малзүйч мэргэжилтэй боловч 25 жилийн турш аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад оёдлын чиглэлийн үйл ажиллагаа явуулья гэж шийдээд сургалтанд ирсэн. Сургалт хэдий богино хугацаанд байсан хэдий ч зүү, утас нийлүүлж үзээгүй шахам байсан би Монгол цамц, дээлийг өөрөө эсгэж, оёж чаддаг боллоо. Бас товч шилбэ зангидах, төрөл бүрийн чимэглэлээр донжийг нь тааруулж хувцсаа гоёх анхны мэдэгдэхүүнтэй болсон. Түүнчлэн хүний биенээс хэмжээ авах, зохион бүтээлтийн техник ажиллагаануудын талаар ерөнхий мэдлэгтэй боллоо. Маш үр дүнтэй сайхан сургалтанд хамруулсан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олонд талархал илэрхийлье.