card

“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хамтран орон нутгийн  ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” тэтгэлэгт хөтөлбөрийг орон даяар зарладаг билээ.  Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нэмэлт тэтгэлэг олгохоор шийдвэрлэн өнгөрсөн 3-р сард тэтгэлэгт хөтөлбөрийн зарласан юм.

Энэхүү сонгон шалгаруулалтад “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй  Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудаас нийт 24 төсөл ирснээс 19 төслийг шалгаруулсан бөгөөд төсөл хэрэгжих сумдын ИТХ-ын дарга нар, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг өнөөдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр зохион байгуулж байна.

Сургалтыг нээж, “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс болсон Мал аж ахуй, түүний оршин тогтнох үндэс болсон Бэлчээр нутгаа сайжруулан хамгаалах зорилго бүхий төслийн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн та бүхэнд баяр хүргээд амжилт хүсье. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нүүдлийн МАА-н уламжлал алдагдснаас үүдэн гарах эрсдлийг бууруулах, үүний тулд нүүдэл сэлгээгээ тогтмол хийдэг байх, бэлчээрээ зохистой менежменттэй ашиглах, “Ногооон алт, Малын эрүүл мэнд” төслийн үр дүнд бий болсон малчдын байгууллагын зохион байгуулалтыг нэвтрүүлэн Төр, Иргэний нийгмийн байгууллагууд болон малчид бүх түвшинд хамтран ажиллаж байж, тодорхой хугацаанд үр дүн гарах юм. Төслийн хүрээнд Малчид, орон нутгийн холбогдох байгууллагууд, бусад оролцогч талуудад бэлчээрийн талхагдал, доройтлын хор холбогдлын талаар оновчтой, үр өгөөжтэй арга хэлбэрээр ойлгуулан таниулах,  малчид бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орж ажиллах замаар нийтийн эзэмшлийн бэлчээр нутаг, усны нөөцийг нийтээр хэлэлцэн тогтоосон журмын дагуу төлөвлөгөө, хуваарьтайгаар зүй зохистой ашиглахын давуу талуудыг таниулах зэрэг үр дүнтэй ажлуудыг хийх хэрэгтэй юм” гэв.

Энэ үеэр МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг танилцуулан  төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зөвлөмжийг танилцуулсан бол  судлаач С.Сүмжидмаа  “Бэлчээрийн доройтол талхагдал, урьдчилан сэргийлэх арга,  Бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, фотомониторинг хийх” сэдвээр танилцуулга хийлээ.