Хүндэт малчид аа,
Эрхэм оролцогчид оо
Та бүгдийн энэ өглөөний амар амгаланг айлтгая!
“Мал аж ахуйн Тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, эрх зүй, тулгамдсан асуудал, малчдын нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн асуудлууд, цаашдын хөгжлийн гарц, арга замуудыг тодорхойлох чиглэлээр мэдээлэл солилцон харилцан ярилцаж, хэлэлцсэн, үр дүнтэй арга хэмжээ болно гэж итгэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болж хөгжихөд чиглэгдэж байгаа болно.
Үүний тулд бид уламжлалт мал аж ахуйг зонхилон, эрчимсэн аж ахуйг хот, суурингийн орчимд болон тариалангийн бүсэд төрөлжүүлэн эрхэлж, хил зааг тогтоосон тодорхой бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг төлөвшүүлэн, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон болохын төлөө зорин ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 53,9 хувь, аж ахуйн нэгжийн 54,1 хувь ажиллаж, 331 сумын 85.0 орчим хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь болж байгааг харуулж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66,2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343,7 мянган тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тн ноос, 9,5 мянган тн ноолуур биет хэмжээгээр үйлдвэрлэсэн болно.
Улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг сайжруулж, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх эх үндэс нь орон нутгийн хөгжил, түүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээмжийг өсгөх, хөдөөд тав тухтай амьдрах нөхцлийг сайжруулах, шаардлагат дэд бүтцийг бүрдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудал бөгөөд үр дүнд нь монгол түмний, малчин ардын маань амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж, сайжрах ёстой.
Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх өргөн хүрээтэй, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж үр дүнг нь үзэхийн тулд гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьлоо. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг төлөвшүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд төрийн зарим зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгаа.
Мал аж ахуйн салбарыг тойрсон ололт, алдаа, сургамж, бэрхшээлийг бид бүгд мэддэг ч мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнээ өсгөж чадахгүй байна. Малын тоо өссөн ч гаднаас мах, сүү авч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлтийг баялаг болгож эргэлтэнд оруулж чадахгүй байна. Юунаас болж байна? Дүгнэлт хийх, ярилцах, зөвлөлдөх, шийдвэрлэх үүрэг энэ цаг хугацаанд амьдарч буй бидний өмнө нүүр тулан иржээ.
Малын эрүүл мэндийг тойрсон багц асуудал, монгол малын тэсвэрт чанар, ашиг шимийн түвшин, бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалт, малаас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал зэрэг нилээдгүй асуудалд бид бодитой хандах цаг хэдийнээ болжээ.
Мах, сүү зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах түвшинд байгаа ч чанар, аюулгүй байдлын баталгаа хэрхэн хангагдаж байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болоод байна. Малчны хотоос хэрэглэгчийн ширээ хүртэлх “хүнсний сүлжээ”-ний бүх үе шатанд чанарын шаардлага хангасан, аюулгүй болохыг баталгаажуулдаг тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрт очоод үйлдвэрийн шаардлага хангаж байгаа эсэхэд бүх шатанд анхаарал сул байна. Хамгийн энгийн хэрэгжүүлэх нэгэн зүйл бол ахуйн хэрэглээнд ихээр ашиглагдаж байгаа хүнсний бус зориулалттай “хөх, шар” савыг өөрчилж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй байна.
Үр дүнтэй зохицуулалт, хяналтгүйгээр, амь амиа хичээсэн байдлаар мал аж ахуйн салбарын хөгжлийг авч явж болохгүйг бидэнд амьдрал өдрөөс өдөрт улам тод харуулж байна
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оновчтой тэмцэх ажлыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулдаг болох, хэрэглэгчийн болон гадаад зах зээлийн шаардлагыг хангаж чаддаг байх нь бидний томоохон үүргийн нэг юм.
Малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, үр шимийг нь урт хугацаандаа хүртэх, хүн бүрийн оролцоонд суурилан мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжээр эдийн засгийн өсөлт бий болгох талаар сайтар бодох, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, санал, санаачилгаа нэгдмэл болгох хэрэгцээ шаардлага нэгэнт бий болжээ.
Иймд мал аж ахуйн салбарын суурь хууль болох Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг оны өмнө Улсын Их Хурлаас баталж, эдгээр хууль нь ердөө хоёр долоо хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байна
Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-г өрнүүлж, мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах хөдөлгөөнийг санаачилан, шинээр “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг 2018 онд тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хурдасгахад үндэсний хөтөлбөрүүд чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Иймд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимүүлэх ба 2020 он хүртэлх хугацаанд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Монгол малчин”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Малын гаралтай гол нэрийн бүтээгдэхүүнийг боловсруулах, дотоодын хэрэглээнээс давсан нөөцийг гадаад зах зээлд борлуулах оновчтой менежмент туйлын чухал байна. Бидний одоогийн арга барил, ур чадвар хангалттай бус байна.
Тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр орон нутагт хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн кластер, ложистик, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн зардал, хүндрэл багатай бүтээгдэхүүнийг эхний ээлжинд гадаад зах зээлд гаргаж экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах боломж нээгдэнэ. Иймд урт хугацаанд тогтвортой хөгжлийг авчирахуйц худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг ойртуулах, нээх шаардлага бидэнд байна гэж дүгнэж байгаа.
Хүндэт малчид аа,
Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь Та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг мал аж ахуй эрхлэх, энэ чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа байнга солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлснээр экспорт өсөх боломж бүрдэх ба улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавхи бэхжих юм.
Дотоодын болон бусад орны хэрэглэгчдийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өсч байгааг харгалзан органик хүнс экспортлогч болох боломж бидэнд бүрэн байна. Энэ бидний давуу тал.
Тансаг хэрэглээний болон органик мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хөдөө аж ахуйн эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бидний боломж гэж харж байгаа. Мэдээж олон улсын стандарт, хүлээн авагч талын шаардлагыг хангахын тулд зах зээлд өрсөлдөх давуу талаа дахин дахин нарийвчлан судлах хэрэгтэй байна. Бидэнд боломж байна, зарим ажлаа аль хэдийнээ эхлүүлчихсэн байна. 2 жишээ хэлье.
Мах. 2017 онд манай улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Иран, Катар гэсэн 6 улсад 29,3 мянган тонн мах экспортлосон нь өмнөх оны экспортын үзүүлэлттэй харьцуулахад 3 дахин нэмэгдлээ. Салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2018 онд манай улс хүн амын хэрэглээнээс илүү гарч байгаа 164,9 мянган тонн махыг экспортонд гаргах боломжтой байна. Цаашид махны экспортын зах зээлийг тэлэх бодлогын хүрээнд Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстан Улстай мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлаар холбогдох протокол, хэлцэл байгуулахаар судалж байна. Бид экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна махаа үнэ цэнэтэй болгоход малчид, аж ахуйн нэгжүүд маань анхаарч ажиллах хэрэгтэй байна..
Ноолуур. Дэлхийн ноолуурын нөөцийн 40 орчим хуь Монгол байна. Өнгөрсөн онд 9,4 мянган тн ноолуур мал аж ахуйгаас нийлүүлсэн. Ноолууран бүтээгдэхүүний экспорт жилээс жилд өсч байна. Гэхдээ бид ямааны тоогоо нэмэгдүүлэх биш, бүтээмжийг нь өсгөх, чанаржуулах шаардлагатай байгаа. Нөгөө талдаа манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинг сайжруулах хэрэгтэй байна. 2017 оны байдлаар бид нийт ноолуурынхаа 90 хувьд анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргасан. Цаашид бид ээрэх, сүлжих технологийн түвшинг нэмэгдүүлснээр экспортыг 5,7 дахин өсгөж, 4,3 их наяд хүртэл төгрөгийн борлуулалт хийх, 5500 ажлын байрыг хадгалж, 3600 ажлын байр шинээр нэмэгдүүлнэ.
Бидэнд боломж байна, мөн бэрхшээл ч байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт, хүний хүчин зүйлийн нөлөөллөөр нийт нутаг дэвсгэрт, үүнээс бэлчээрийн газрын 70 гаруй хувийг тодорхой хэмжээгээр доройтолд орж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд сөрөг нөлөөлөл ихтэй байна. Үүнийг эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатай байгаа тул бид Бэлчээрийн тухай хуулийн төслийг удахгүй эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд дараахь асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай болсон гэж үзэж байна:
Гадаад, дотоод худалдаанд гарч байгаа хандлагын өөрчлөлт, хэрэглэгчийн сонирхолд нийцүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах;
МАА-н үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах арга замыг оновчтой тодорхойлж, эрдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бүрдүүлэх;
Мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үйл ажиллагааны тогтвортой, таатай орчин бүрдүүлэх;
Зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, малчин өрх бүр үндэсний үйлдвэрлэгчийн баталгааны тэмдгээ ашигладаг байх;
Малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах олон улсын шалгуур үзүүлэлтийн хангах, бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах;
Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, цахим технологийн хурдацтай өөрчлөлт, дэвшлийг ашиглан малчдыг мэдээллээр байнга хангах;
Мал аж ахуйн нөөцөд суурилан нэмүү өртөг бүтээх бизнест хөгжлийн болон арилжааны банкны сонирхлыг төрүүлэх, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлж, мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх.
Та бүхэнд танилцуулж байгаа салбарын бодлого, зорилго, зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон анхааралдаа авч байгаа үйл ажиллагааг амжилтай үр дүнд хүргэхэд салбарын нийт хамт олон, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хамтын ажилагаа туйлын чухал билээ.
Мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхой болгон хэрэгжүүлэх аваас дэвшүүлсэн зорилт, хүсэл, хүлээлтийг бид өөрсдийн гараар бүтээх билээ. Бидний бүтээлч санаачилга, нэгдмэл санаа, нягт хамтын ажиллагаанаас олон ажлын хувь заяа шалтгаална гэдгийг салбарын сайдын хувьд онцлон хэлэх байна.
Эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн малчид маань бие биеэнтэйгээ танилцаж, мал маллах уламжлалт арга ухаан, мэдлэг, тэргүүн туршлагаа солилцон, тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах гарцаа тодорхойлоход өнөөдрийн энэ Зөвлөгөөний нэгэн зорилго чиглэгдэнэ гэдэгт итгэж байна.