Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимд өнөөдөр Эх үрсийн баярыг угтан хүүхдэд зориулсан хаврын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. “Spring family fair” нэртэй тус үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нийт орлогыг “Дэм брайль” ТББ, “Итгэлийн мод” ТББ зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжихэд зарцуулах юм байна. Хоёр өдөр үргэлжилэх уг үзэсгэлэн яармагийг МҮХАҮТ дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Монгол дахь Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол, Ротари клуб хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөлд хамрагдсан зорилтот аймаг, сумдын малчин эмэгтэйчүүд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх “Гар урлалаар хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх” жижиг төслийн шалгаруулалтыг зарлаж, төслийн хүрээнд санаачлагатай тууштай ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ илүү дэмжиж, зах зээлтэй нь холбох өгөхөд анхаарал хандуулан ажиллаж байна.
Төсөлд хамрагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас ирсэн малчин Ө.Алтансувд “Би анх хүүхдийн бойтог, гутал хийдэг байсан. Одоо 4 бэрх, олбог, бээлийн, улавч, үзэг харандааны сав, нүдний шилний гэр, даллаганы уут хийж байна. Цагаан сараар сумынхаа ахмадын гарын бэлгийг хийж өгсөн. Захиалга ерөнхийдөө тасрахгүй байна. Үнээгээ саачихаад өдөр цаг завандаа хийдэг ажил минь. Нэг туслахтай. Үйлдвэрлэлээ илүү өргөжихөөрөө олон хүнийг ажиллуулна. Түүхий эдээ гутал, бойтог зэрэг бүтээгдэхүүнээр сольж авдаг. Хөдөө орон нутагт хийх ажилгүй гэж хүмүүс их хэлдэг. Мэдээж энэ ажлыг хийхэд жаахан тэвчээр их шаарддаг ч эко бүтээгдэхүүн учраас хэрэгцээ их байна. Тиймээс хийж сурсан бүхнээ харуулж, худалдан борлуулах боломжтой үзэсгэлэнд орж хүмүүст хүргэх нь чухал. Би саяхан Зүүнхараад болсон үзэсгэлэнд оролцох үеэр Бороо гоулдын удирдлагаас 100 ширхэг даллаганы уутны захиалга авсан” гэлээ.