“Бэлчээрт ээлтэй, эрүүл махыг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх вэ” сэдэвт гурван талт уулзалт боллоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонын байранд өнөөдөр “Бэлчээрт ээлтэй, эрүүл махыг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх вэ” гэдэг сэдвийн дор гурван талт уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуяг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хоршоо хариуцсан зөвлөх С.Жамбалдорж, махны чанарыг муутгахгүй хадгалах тал дээр судалгаа хийж байгаа МУИС-ын Тогтвортой хөгжил хүрээлэнгийн захирал Т.Чулуун, хэрэглэгчдэд стандартад нийцсэн сайн чанарын мах нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Делта компанийн Ерөнхий менежер Б.Ууганболд нарын  төлөөлөл оролцлоо.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуяг “Төслийн шугамаар малчдад бэлчээрийн мэдээллийг өгөхдөө махны үнийн талаарх мэдээллийг өгөөд эхэлсэн. Одоо махны чиглэлийн бизнес хийж байгаа танайх шиг компани суурь нь болно.  Нэг суманд төсөл хэрэгжүүлээд бусад 64 сум нь очиж туршлага судлах боломж байна. Хамгийн гол нь малчид малаа тогтмол, тасралтгүй тууштай нийлүүлэх эсэхийг сайтар тохиролцох хэрэгтэй.  Малчид зарим жилд малаа өгөх дургүй, зарим жилд зуншлага тааруу байсан гээд малаа мянга мянгаар нь өгье гэдэг. Тэгэхээр анхнаас нь зөв ойлгуулаад системтэй ажиллах хэрэгтэй юм”.

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хоршоо хариуцсан зөвлөх С.Жамбалдорж “Малчдыг ченжүүдтэй биш хоршоодоор дамжуулан үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд холбож өгье. Тухайлбал, бид торомны ноос самнаж зах зээлд нийлүүлэх ажлыг эхлүүлснээр  2500 төгрөгний ханштай байсан тэмээний ноосыг 2 жилийн дотор 12000 мянга болсон байна. 14,5 микро- той ямааны ноосноос нарийн гарч ирсэн.

Тиймээс малчид малаа маллаж байхдаа ченжүүдэд зарах биш яавал илүү боломжтой үнээр, чанартайгаар зах зээлд нийлүүлэх вэ гэдэг судалгаа хийгээд одоогоор 170 гаруй хонины махыг стандартын дагуу бэлдээд хадгалсан байгаа. Хоршоодууд бэлтгэсэн малаа арай ахиу хэдэн төгрөгөөр зараад өгөхийг малчид хүлээж байгаа. Бид хэрэглэгчидэд гарал үүсэл нь тодорхой сайн мах нийлүүлэх боломжтой гэдгийг танилцуулахад “Энэ мах одоо хаана байна, очоод авч болох уу” гэж асуудаг. Хэрэглэгчид харьцангуй эрүүл мэнддээ анхаардаг болсон байна. Зах зээл бэлэн байна”.

Делта компанийн Ерөнхий менежер Б.Ууганболд “Малын махыг хэрэглэгчдэд нийлүүлэхэд хэр баталгаатай вэ гэж асуудаг. Хотод ирсэн хойно нь тодорхой хэмжээнд нян судлал, эрүүл ахуй, эмийн хор нөлөө байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байгаа. Гэтэл өнөөдрийн нөхцөлд сумын, аймгийн малын эмч гарал үүслийн бичгийг шууд бичээд өгдөг.

Хамгийн эрсдэлтэй нь зуданд нэрвэгдсэн малын махыг ченжүүд арьсных нь үнэ дээр 10 мянга нэмж өгье гээд малчдаас шууд худалдан авдаг гэх мэдээлэл байна. Гэтэл ямар ч сум аймгийн мао эмнэлгийн шинжилгээ байхгүй мах зах худалдааны төв, замын хоолны газар, хотын цайны газар рзсторанд нийлүүлэгдэж байгааг мэдэх боломж алга байна. Махны чанар, аюулгүй байдал алдагдсан гэсэн үг.

Миний хувьд монголчуудын хоол хүнсний хэрэглээ, ялангуяа махны чанар, стандарт аюулгүй байдалд их анхаарал хандуулж ирсэн. Тиймээс махны салбарт анхаарал хандуулж хэрэглэгчдэд жилийн 4 улиралд чанартай, стандартад нийцсэн шинэ мах нийлүүлэхээр зорьж ажиллаж байна. Монгол малын махыг экспортод гаргахын тулд эхний ээлжинд олон улсын стандарт шаардлагыг хангаж бэлдээд зах зээлд жишиг болгоод худалдаалдаг байя гэж зорьсон.

Өчигдөрхөн ОХУ-ын махны наймаа эрхэлдэг залуутай уулзсан. Тэр хүн оросоос их хэмжээгээр тахианы мах оруулж ирдэг. Тахианы мах авч ирээд буцахдаа хоосон явдаг. Танайх махыг ОХУ-д худалдаалах боломж байгаа гэхдээ эхлээд чанар стандартад нийцсэн гэдэг сертификаттай болчихвол аваад явж болно гэсэн. Өмнөд хөрш буюу өвөрмонголчууд  хонь, үхэр, тэмээгээ өсгөх бодлого барьж, Өмнөговийн хилийн боомтууд, Хөвсгөлд  махны үйлдвэр бариад эхэлсэн байна.

Хамгийн гол нь махаа шинээр нь хадгалж чадах уу гэдэг чухал асуудал. Уг нь стандартын дагуу өлгөж, гүн хөлдөлтөөр хадгалах ёстой. Мөн тухайн махны чанарыг судлах лаборатори их чухал. ХХААИС-д хамгийн сүүлийн үеийн малын махыг задлан шинжлэх багаж байгаа ч нэг удаа ч ажлуулж үзээгүй байна. Уг малын гарал үүсэл юу вэ, эрүүл гэдгийг яаж мэдэх вэ гэж асуухад тэр сумын тийм эмчийн гэсэн гарын үсэгтэй бичгээр л асуудал шийдэгдэж байна”.

МУИС-ийн Тогтвортой хөгжил хүрээлэнгийн захирал Т.Чулуун

“Бид бэлчээрийн мал аж ахуйг яаж бүх талаар нь ашигтай байлгах вэ” гэсэн асуудлыг шийдэхээр төлөвлөн ажиллаж байна. Малчид зуд болж магадгүй өвөл малаа нядлаж, хөлдөөгөөд хавар  нь зардаг. Тэгвэл үүнийг Шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж, Монгол Улсын сум болгон дээр цаг агаар, өвөлжилтийн судалгаа хийж, мал сүргээ тэдэн хувиар алдах магадлалтай байна гэсэн  урьдчилсан мэдээлэл гаргах юм. Тэгээд танай сум өвлийг хохирол багатай  даван гарахын тулд тэдэн тооны малыг мах болговол ямар вэ гэж зөвлөх юм.

Гол нь махыг шинээр нь технологийн горим алдахгүйгээр хадгалах нь чухал. Энэ тал дээр  Японы Hitachi групп анхаарч, Монголд тохирсон хөргөх системийн технологи нэвтрүүлэхээр ажилласан. Их сургуулийнхаа шугамаар туршилт хийж үзсэн. Мах хөлдөөдөг чанар нь маш сайн яг намрынх шигээ хадгалагдаж байна. Одоо Монголдоо сайн чанартай хөргүүр угсрах компанийг хайж байна.

Уулзалтын төгсөлд талууд “Мөшгих тогтолцоо бүхий махны амталгаат худалдаа”-г энэ сарын 31-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.