Ядуурлыг бууруулах, Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төслийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоo /МБАНХ/, Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг /AVSF/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн Хамтын Ажиллагааны Төв /GGMBH/, Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв /CSCP/, Монголын Банкуудын Холбоо /MBA/ хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 2018-2021 он хүртэл нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Европын Холбооны санхүүжүүлэх юм.
Төслийн хүрээнд түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн менежментийг чадавхжуулах, санхүү, эрх зүйн зохицуулалт, орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх мөн бүтээгдэхүүний эко тэмдэгтээр дамжуулан маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах, ялангуяа ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Түүнчлэн НҮБ-ын “Тогтвортой амьдралын хэв маяг болон боловсрол”, “Хэрэглэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх” нь төслийн үйл ажиллагааг дэмжиж, Монголын нэхмэлийн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой үйлдвэрлэлд шилжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь төслийн үйл ажиллагааны нэгээхэн чиглэл болох юм.
МБАНХ-ны зүгээс орон нутгийн малчдын байгууллагыг чадавхжуулах, сарлаг, торомны ноосны бэлтгэлийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох, чадавхжуулах сургалт, уулзалт, хурал зохион байгуулах замаар хоршоодын сайн туршлагыг дэлгэрүүлж, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран оролцох юм.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрхэн үр дүнтэй хамтрах талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий уулзалтыг өнгөрөгч 5-р сард зохион байгуулсан бөгөөд энэ сараас төслийн эхний үе шатыг эхлүүлээд байна.