Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ нь Бороо Гоулд компанийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Доргонотын бэлчээрийн болон Бортолгойн зурвасан ойн экосистемийн дүйцүүлэн хамгаалах төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Бортолгойн тариалангийн орхигдож эвдэрсэн талбайд зурвасан ой байгуулах зорилгын хүрээнд 2018 онд 11.2 мянган га талбайд мод тарьлаа. Энэ ажлыг Дарханы Агроэкологи Бизнесийн сургуулийн дэргэдэх Байгаль судлалын Төв ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн 8 гэрээт ажилтан ажиллаж байна.
Хоёрдугаарт: Доргонотын бэлчээрийн экосистемийн дүйцүүлэн хамгаалах төслийн хүрээнд Доргонот бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдсан нь газар нутаг, малын төрлөөсөө хамааран Эрээний нуруу, Баянгол, 179-р зөрлөг гэсэн гурван бүлэгт хуваагдаж ажиллаж байна.. Доргонот БАХ-ын ахлагчаар Ө. Бямбацогт, бүлгийн ахлагчаар Б. Ядамжав, М. Янжинлхам, Н. Даваасүрэн нар сонгогдон ажиллаж байна. Хамтдаа дундын бэлчээрээ хуваан ашиглаж буй малчдыг зохион байгуулалтанд оруулах, бэлчээрээ сэлгэж амраах, ачааллыг тохируулах зохистой ашиглалтыг хамтдаа төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас тоймловол:
179-р зөрлөгийн бүлгийн гишүүн малчид хамтран 8 га талбайд тэжээлийн ургамал /царгас/ тариалж сан бөгөөд тус талбайг малчид өөрсдийн хүчээр хашаалж, харин үр материал, усалгааны системийн зардлыг төслийг санхүүжүүлэгч Бороо Гоулд компаниас санхүүжүүллээ.
Доргонот БАХ-ын нутагт бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 10 гаруй цэгийг сонгон хөрс, ургамлын суурь судалгааг хийж анхдагч мэдээллийг цуглуулан мэдээллийн сан бүрдүүллээ.
Доргонот БАХ-ын Эрээний нуруу бүлгийн нутагт орших хүчтэй доройтсон бэлчээрийг сэлгэж ургацыг нэмэгдүүлэх, ургамлын нөхөн сэргэх чадварыг дэмжих үүднээс 2018-08-01-ээс 2018-09-01-ны хооронд ашиглалтаас чөлөөлөхөөр БАХ-ын малчдын 2018-07-18-ны өдрийн хурлаар шийдвэрлэв.
Доргонот БАХ-ын гишүүн малчдад шаардлагатай үед бэлэн мөнгөний, бага хүүтэй зээл олгох, нөгөө талаас малчдын дундын хуримтлал үүсгэх зорилгоор Дундын сан байгууллаа. Малчид дундын сандаа 50000 төгрөг нийлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхний ээлжинд Ядамжав ахлагчтай Эрээний нуруу бүлгийн 19 өрх нийт 950000 төгрөгний хуримтлал бүрдүүлж дансандаа байрлууллаа.
Малын ашиг шим, гарц, МАА-н гаралтай бүтээгдхүүний чанар үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор мал зүйч ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийж зөвлөгөө өгсөн бөгөөд бяруу тэжээж сайн чанарын мах бэлтгэж нийлүүлэх арга боломжийг нэвтрүүлэх зорилгоор Булган аймгийн Хутаг өндөр суман дахь Ханаду компаний үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах бэлтгэл ажлыг хангаж байна.