Үндэснийхээ бахархалыг сэргээсэн наадам боллоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос бэлчээрийн тогтвортой менежментийг боловсруулах, төлөвшүүлэх, мал эмнэлгийг үйлчилгээг сайжруулах, мал аж ахуйн  бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчдын байгууллагыг хөгжүүлэхээр зорин ажиллаж буй.

Өнөөдөр тус холбоо нь Монгол Улсын 18 аймгийн 186 суманд 63 мянган малчин өрхийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийдэг  билээ. Энэ удаад Хөвсгөл аймгийн Хатгал суман “Монгол Сарлаг 2018” фестивалийг зохион байгуулсан юм.

Сарлагийн гаралтай үнэт түүхий эдийг сурталчилах малчдад дотоодын  боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх гол зорилготой тус наадамд 18 аймгийн малчдын төлөөлөл оролцлоо. Үндэснийхээ бахархалыг сэргээсэн сайхан наадам боллоо хэмээн оролцогчид хэлж байлаа. Тус наадамд оролцсон  Бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Б.Жавзандулам: Сарлагийг ийм ойроос харж байгаагүй

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын БАХ-ын гишүүн

Сэлэнгэ аймгаас хүрэлцэн ирсэн. Сарлаг фестивальд маш идэвхитэй оролцож байна. Урьд өмнө сарлагийг ийм ойроос харж байгаагүй, сүрдмээр амьтан байна. Үнэхээр сайхан наадам болдог юм байна. Гадаадын жуулчид сэтгэл бахдан шимтэн үзэж байна. Дараа жилээс энэ наадмыг зорин зорин үзээрэй гэж хэлмээр байна.

Ц.Цолмон: Сарлагийг ашиг тустайгаар хэрэглэж мэддэггүй байжээ

Төв аймгийн Эрдэнсант сумын БАХ-ны дарга

Би Төв аймгийн БАХ-ны Удирдах зөвлөлд байдаг. Эрдэнэсант суманд Бэлчээр ашиглалтын  5 БАХ байгуулагдсан. Бид өөрсдийгөө хөгжүүлж, баг болгонд хоёр хоёр худаг засварласан. Малчид үнэхээр баяртай хүлээн авсан. Энэ ажлыг бид өөрсдөө сэтгэл нийлээд хийж байгаа. Энэ баярт ирсэндээ өндөр сэтгэгдэлтэй байна. Сарлаг гэдэг сайхан сүрлэг малыг уналга эдэлгээнд хэрэглэж  байгаа нь гайхалтай байна.

Сарлагийг ийм сайхан, ашиг тустайгаар хэрэглэж мэддэггүй байжээ. Үнэхээр бахадмаар юм. Эмэгтэй хүн морь шиг унаад сайварлуулаад явж байгаа нь сайхан юм байна. Дэл хөөвөр нь үйлдвэрт ноолуурыг орлохуйц чанартай бүтээгдэхүүн  болдог гэж байна. Өмнө нь сарлагийн ноолуур их хямдхан байсан ч одоо ямааны ноолуур шиг самнаж авдаг болсон. Хөөрхөн эсгий таавчиг хийсэн байна. Үзэсгэлэн  худалдаанд тавигдсан бүтээгдэхүүнүүдээс санаа авах юм их байна. Энэ фестивальд оролцохоор ирсэндээ их баяртай байна.

Д.Оргодол: МБАНХ бидэнд их хэрэгтэй мэдээллүүд өгдөг

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин

Би сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч. Аймгаасаа зургуулаа ирлээ. Энэ наадам их сайхан болдог юм байна. Өнгөрсөн онд болсон Сарлагийн фестивальд оролцож байсан. Үнэхээр их таалагдаж байна.

Говийн хүн Хөвсгөл далайгаа үзэж, уул ус ургамал ногоо элбэг сайхан байхыг харах гоё юм. Үнэхээр сайхан байна. Зохион байгуулалт сайтай, дэг журамтай сайхан нааддаг хүмүүс юм гэж харлаа. Хоол хүнс, худалдаа наймаа нь эмх замбараатай. Олон ч наадамчид цугласан байна.

МБАНХ манай аймагт өнгөрсөн оноос хамтран ажиллаж ирсэн. Сургалт зөвлөгөөнд сууж байна. Бидэнд их хэрэгтэй мэдээллүүд өгдөг. Хангай газар, говь нутаг хоёр өөр байгааль хөрс шороотой.  Бэлчээрийн нөхцөл төлөв нь ч өөр. Тэр бүхнийг эерэгээр шийдэж, хамтарч хийх ажил их байна.