Г.Батчимэг: Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн угаах тусам зөөлөн болдог

Хөвсгөл аймгийн Хатгал суманд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хамтран “Эрүүл бэлчээрийн төлөө 10 жил хамтдаа” уриатай зөвөлгөөнийг зохион байгуулсан юм. Тус зөвлөгөөнд оролцогчдод Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжлийн хүрээлэн Эрдэм шинжилгээний дэд ажилтан магистр Г.Батчимэг “Ноолуурын ширхэгтийн ард нуугдсан сарлагийн хөөвөр” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Ноос ноолуур, судлалын салбар нь 1960 онд Ноосон дундын үйлдвэрийн лаборатори гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж, нэр нь өөрчлөгдсөөр 2015 онд Засгийн газрын тогтоолоор Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжлийн хүрээлэн болсон. Ноос ноолуурын салбар, Арьс ширний салбар, Металл машин судлалын салбар, Сорилын салбар, Инноваци хөгжлийн салбар гэсэн бүтэцтэй.

Хүрээлэнгийн гол ажил нь шинжлэх ухааны төслүүд дээр ажиллах бөгөөд торомны ноос, сарлагийн хөөвөр, ургамлаас будаг гаргах, чийглэг орчинд хонины ноосноос гардаг үнэрийг дарах зэрэг ажлууд хийсэн. Бидний судалгаа шинжилгээ тасралтгүй үргэлжилэхэд үйлдвэрлэгчид, малчид, МБАНХ гол үүрэг гүйцэтгэдэг.

Сарлагийн хөөврийн судлал анх 1978 онд доктор Бат-Эрдэнийн санаачлагаар эхэлж, Говь компанид туршилтийн бүтээгдэхүүнийг хийж байсан. 2001 оноос Нэхмэлийн хүрээлэнгээс төсөл хэрэгжүүлж, сарлагийн хөөврийг хяргаж биш, самнаж авах арга бий болсон. Төслүүдийн үр дүнд хүн бүр сарлагийн хөөврийн ач тусыг мэддэг болсон.

2005 онд Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт төслийн санхүүжилтээр Архангай аймагт анхны сарлагийн хөөврийн тухай сургалт явуулж байсан. Сарлагийн хөөврийг самнаж аваад бүтээгдэхүүн болгоход маш олон хүний хөдөлмөр орж, нэмүү өртөг шингээж чаддаг. Ноолууран ширхэгтийн цаана нуугдсан сарлагийн хөөвөр гэж онцолсон нь ямааны ноолууртай маш ижил төстэй байдаг. Бусад ширхэгттэй харьцуулахад дулаан хадгалах чадвар өндөр, агаар нэвтрэх нь сайн. Чийгийг өөртөө хуримтуулдаг, арчилахад хялбар, хэрэглээ сайн даадаг угаах тусам зөөлөн болдог. Хүзүү хөөрч хөшүүлдэггүй, өвөл сарлагийн хөөврөн өмд өмссөн байвал огт даарахааргүй байж чадна.

Сарлагийн хөөвөр гарц багатай хэдий ч судалгааны явцад илүү үр ашигтай болгох талаас нь судалж, ширхэгтийн үс нэг бүрийг ашиглаж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн болгон ашиглахыг зорьж байна. Тухайлбал, сарлагийн хөөврийн хатуулаг бөх бат чанарыг ашиглаж нүүрний багс, хөнжил зэрэгт ашиглах талаар судалж байна. Дулаан болон дуу тусгаарлахад ашиглах боломжтой. Сарлагийн хөөврийг ашиглан нутгийн брэнд үйлдвэрлэх боломжтой. Ингэж чадвал гадаадад гаргахад сурталчилгааны давуу тал нь болно. “Жинст мөрөн” компани Хөвсгөл аймгийн брэнд бүтээгдэхүүнийг гаргаж  чадаж байна. Бид энэ компанитай хамтран ажилласанаар сарлагийн хөөврийн гарцыг нэмэгдүүлэх тал дээр хамтран, улмаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумтай хамтран ажиллах болсон. Бидний хамтын ажиллагаа өргөжсөөр Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран ажиллах болсон.

Бид  2015 оноос Архангай аймгийн Тариат сумын БАХ-тай хамтран Ногоон алт төслийн захиалгаар судалгааны ажил хийсэн байна. Хамгийн сүүлд Увс аймагт очиж ажиллан, цаашдаа хамтран ажиллах гэрээ хийсэн. Энэ бүхэн маань 2017 оны маань ажлын үр дүн юм. Харин 2018 онд бид та бүхэнтэй хамтран ноос ноолуурын салбарт хийх ямар ажлууд байж болохыг ярилцахаар ирсэн. Цаашид энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсэж байна”.