Л.Ганцогт: Бэлчээрийг зүй зохистой ашигласнаар эмх замбараагүй нүүдэл зогсоно

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Б.Мэнджаргал. Зөвлөх Л.Ганцогт, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар, Монгол нэхмэл компанийн захирал Р.Энхболд нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцсан юм.

Өвөрхангай аймгийн нийт газар нутгийн 30 хувь харьцангуй соргог байгаа бол сулаас дунд зэрэг доройтсон бэлчээр 63 хувийг эзэлж байгаа аж. Малын хөлийн ачааллыг цаг алдалгүй тохируулж чадвал тус аймгийн нийт нутгийг хамраад байгаа сулаас дунд зэрэг доройтсон бэлчээр 3-5 жилийн дотор сэргэх бүрэн боломжтой юм байна. Тиймээс Бат-Өлзий суманд ажиллах тус сумын Засаг дарга н.Жамьяаншаравын хамтаар III болон V дугаар багийн БАХ-ын дарга, гишүүдэд сургалт явуулж, мэдээлэл өгсөн юм. Уулзалтын төгсгөлд Өвт болон Хүйтэнбулаг багийн Бэлчээр ашиглалтын хэсгийн малчид Сумын засаг даргатай “Бэлчээр ашиглуулах гэрээ” хийж гарын үсэг зурсан билээ.

Гэрээ байгуулахаас өмнө МБАНХ-ны Зөвлөх Л.Ганцог Бэлчээр ашиглалтын гэрээ, гэрээний  ач холбогдол, яагаад гэрээ хийх  гээд байгаа юм, гэрээг хэрхэн байгуулах вэ зэрэг асуудлаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

“Бэлчээр ашиглуулах гэрээг байгуулах ямар шаардлагатай вэ”

Малчдын дунд маш олон тулгамдсан асуудлууд байдаг. Тухайлбал, бэлчээр нутгаасаа болоод маргалдах, өнжөөж амрааж сэлгэсэн газар нь отор нүүдлээр хэн нэгэн ороод ирэх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа хийхээр орж ирээд бэлчээрийг нь онгичиж сүйтгэх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс энэхүү асуудлыг тодорхой хэмжээнд хариуцлагажуулья.

Нөгөө талаар бэлчээрийг зүй зохистой арчилж хамгаалах асуудал орхигдсон байна. Өнжөөж амраасан нутагт нь гадны отор нүүдэл ороод ирвэл малчин л хохироод үлдэнэ. Тэгээд л ингэж хохирч байхаар өөрийн малдаа идүүлээд  дуусгая гэсэн бодолтой болно. Тиймээс бид малчин түмний олон жилээр  бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалыг баталгаажуулах, цаашид бэлчээрээ тогтвортой ашиглах эрх ашгийг нээж өгөх үүднээс энэхүү Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах ажлыг хийж байгаа юм.

Түүнчлэн бэлчээрийг зүй зохистой ашигласнаар эмх замбараагүй нүүдэл, бусдын бэлчээрийг ашиглах явдал зогсож малчин бүр хариуцлагатай болно гэсэн гол зүйлүүд дээр тулгуурлаж байна. Бэлчээр ашиглалтын гэрээний хууль эрх зүйн үндэслэл нь “Газрын тухай хууль”-ийн 52–ын II дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа. Уг хуульд зааснаар “Өвөлжөө хаваржааны тодорхой бүс нутгийг талхалагдахаас хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах зорилгоор  тухайн бүс нутгийн онцлогийг харгалзан, Сумын Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын  саналыг үндэслэн, Сумын засаг дарга хэсэг бүлгээр  нь гэрээ байгуулж, гэрээгээр ашиглуулж болно” гэсэн энэ заалтын дагуу гэрээгээр ашиглах эрх үзүйн үндэслэл бий болж байгаа юм.

Нөгөө талаар Сумын Засаг дарга  тухайн бүс нутагтаа өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бус нутаг нь энэ гэсэн хуваарийг тогтоож өгнө. Мөн сумын ИТХ-аар “Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудлыг тусгасан журам батлаад түүнийгээ хэрэгжүүлэх тухай заалт 52.6 дугаар зүйлд  байгаа. Иргэний хуулийн 48.1, 195-199 дүгээр зүйлүүдэд энэ талаарх заалтууд бий. Энэ бүхнийг хууль эрх зүйн үндэслэл болгон ашиглаж байна. Өөр нэг баримтлах зарчим нь байгалийн нөөц бүхий отрын нутаг, байгалийн ус  булаг, хужир мараа бүхий нутаг гэрээнд харъяалагдахгүй. Энэ бол нийтээр ашиглах газар нутагт хамаарна.

Сум өөрөө энэ бүхнийг мэдэж ашиглах, хамгаалах асуудлыг шийднэ. Нөгөө талаар гэрээгээр ашигласан болон гэрээгээр ашиглуулахаар өгсөн бэлчээрийг малчид хоорондоо зохицож зүй зохистой ашиглана. Ингэснээр одоогийн төлөв байдлаас нь улам доройтуулахгүй байж, илүү сайжруулах арга хэмжээг малчид өөрсдөө хийнэ. Нөгөө талаар бэлчээр ашиглах гэрээ, гэрээний хэрэгжилтийг зохион байгуулахын тулд Сумын хэмжээнд, Багийн хэмжээнд дагаж мөрдөх журмыг боловсруулах ёстой. Энэ журам нь тухайн багтаа, тухайн сумандаа хууль нь байх юм.

Жишээ нь, гадна дотны отор нүүдэл хийж яваа хүмүүс ирээд малчин Ганцогтын  өвөлжөөн дээр нь зун буучихдаг. Малаа таргалуулах гэсэн энэ асуудлаас үүдэн малчид хоорондоо муудалдцдаг. Гэтэл энэ бүгдийг зохицуулсан эрх зүйн бичиг баримт алга. Тиймээс энэ бүхнийг зохицуулах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх журам хоёр гарсан байх юм. Энэ журмаар бэлчээр ашиглах хугацаа, хуваарь, хариуцлагыг нь зааж өгнө. Түүнчлэн  “Гэрээгээр ашиглах гэж байгаа бэлчээр маань 2018 оны түвшинд ямар төлөв байдалтай байна вэ” гэдгийг тодорхойлж өгнө.

“Гэрээг хэрхэн байгуулах вэ”

Бэлчээр ашиглалтын хэсгийн хил заагаа тогтоогоод малчид өөрсдөө жилийн дөрвөн улиралдаа нүүдэл суудал хийж, сэлгээд явж байгаа. Тэгвэл эхний ээлжинд тухайн Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид хуралдаад Багийн Иргэдийн нийтийн хуралдаа саналаа хүргүүлнэ. Уг саналаараа “Яг энэ ашиглаж байгаа бэлчээр нутгаа гэрээгээр ашиглах хүсэлтэй байна” гэдгээ мэдэгдэнэ.

Багийн иргэдийн нийтийн хурлаас уг саналыг хэлэлцээд хүлээн зөвшөөрвөл Багийн ИНХ-ын тогтоол гарна. Энэ тогтоолоор “Танай бэлчээр ашиглалтын хэсгийн 6200 га газрыг гэрээгээр ашиглуулж болно” гэсэн анхан шатны баримт бичиг гарч ирнэ. Дараа нь Сумын ИНХ-аас гарсан тогтоол болон Багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийн хамт Сумын ЗДТГ-ын  Газрын даамалд уламжилна. Газрын даамал дээрх бичиг баримтыг үндэслэн “Бэлчээр ашиглалтын хэсэг газраа гэрээгээр ашиглах хүсэлтэй байна” гэдгийг Сумын Засаг даргад илэрхийлнэ.

Сумын Засаг дарга тухайн газар, бүс нутгийн онцлогийг харгалзан “Бэлчээр ашиглалтын хэсэгт 10–15 жилийн хугацаатайгаар гэрээгээр ашиглуулж болно” гэсэн Захирамж гаргана. Тэр захирамжийн дагуу Газрын даамал нар тухайн ашиглах гэж байгаа бэлчээрийн талбайн хэмжээ, хил зааг, улирлын бэлчээрийн хуваарь, тухайн бэлчээрийн төлөв байдлыг тооцож  үзээд “Бэлчээр ашиглуулах гэрээний төсөл”-ийг боловсруулна. Уг төслийг боловсруулахаас өмнө тухайн Бэлчээр ашиглалтын хэсгийн хэмжээ, хил зааг, байршил бүхий зураглалуудыг  Газрын мэдээлийн сангийн “Ланд менежер” программд бүртгэж авна.

Ингэснээр тухайн ашиглаж байгаа бэлчээрийн зун, намрын бэлчээр нь хаана вэ, өвөл хаврын бэлчээр нь хаана вэ, отрын бүс нутаг нь хаана вэ гэдгийг тогтоон хил заагуудаа уг программаар зураглаад өгнө. Энэ бүхнийг зураглаж өгсөнөөр тухайн газар нутаг Кадастрын мэдээлийн санд бүртгэгдэж байна гэсэн үг. Энэ ажил хийгдсэний дараа Захирамжийн төсөл, зураглалуудыг Багийн иргэдийн нийтийн хуралд оруулж, бүртгүүлсэний дараа Гэрээний төсөл гарч ирдэг.

Тэр гэрээн дээр “2018 онд та бүхэнд тухайн бэлчээр нутгийг хүлээлгэн  өгөхөд хичнээн тоо толгой мал бэлчих боломжтой юм. Бэлчээрийн төлөв байдлынхаа  хувьд доройтсон уу, хүчтэй доройтсон уу, дунд зэрэг  доройтсон уу, сул доройтсон уу, соргог байгаа юу” гэдгийг тодорхойлж өгнө. Ингэснээр тухайн бэлчээрийн экологийн чадавхийг тодорхой болох юм.

Экологийн чадавхи гэдэг нь тухайн бэлчээр маань хэдэн  жилийн хугацаанд ашиглалтын зөв стратегийг авч хэрэгжүүлсэнэрэ сэргэх боломжтой юм. тухайн бэлчээрт хичнээн зүйл ургамал ургадаг байгаад одоо хэдэн зүйл ургамал ургадаг  болсон вюм. Хөрс ургамлын хувьд ямар юм гэдгийг тодорхйолоод өгч байгаа юм. үүнийхээ дараа сумын гэрээний төсөл гарч ирнэ. Гэрээний төслйиг эргээд Бэлчээр ашигалгчдын хэсгийн малчиддаа танилцуулаад өнөөдөр  яг гэрээгээр ашиглах гэж байгаа  бэлчээрийн талбайн хэмжээ энэ байна.

Энэ дагуу та бүгдэд сумын Засаг даргын захирамжаар  15 жилийн хугацаатай  гэрээгээр ашиглуулах үзахирмж гарсан байна. Та  бүхэн хүлээн зөвшөөрч байна уу. Гэрээнд өрхийн тэргүүнээс гадна эзэгтэй нар гарын үзсэг зурна. Яагаад  гэвэл Бэлчээрийг ашиглах, хамгаалах эрх үүрэг нь эхнэр, нөхөр хоёрт ижил, тэгш оролцоотой тул гэрээг хоёулаа зурдаг юм.