Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Б.Мэнджаргал. Зөвлөх Л.Ганцог, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар, Монгол нэхмэл компанийн захирал Р.Энхболд нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр тус сумын Өвт, Хүйтэнбулаг багийн III болон V хэсгийн БАХ-ийн дарга гишүүдэд зориулсан сургалт мэдээлэл өгч, Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах арга хэмжээ болсон билээ. Энэхүү уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн БАХ-ын гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар Бат-Өлзий сумын Өвт, Хүйтэнбулаг багийн Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад Өвөрхангай аймгийн БАХ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажил болон төлөвлөж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн билээ.
Тэрбээр хэлэхдээ “Манай Өвөрхангай аймгийн дөрвөн суманд БАХ-ны үйл ажиллагаа өрнөж, 49 бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдаад байна. Манай аймагт “Бэлчээрийн менежментийг сайжруулах”, “Малчдын орлогыг нэмэгдүүлэх” чиглэлээр төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд бэлчээр хамгаалах, бэлчээрийн төрөл зүйл ургамлийг нэмэгдүүлж, бэлчээрийг тамиржуулахын тулд Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах ажлыг хийж байна.
Малчдад бэлчээрийн газрыг нь ашиглуулах “Бэлчээр ашиглалтын гэрээ” ямар үр дүн өгөх вэ. Та бүхэн бэлчээрээ өөрсдөө ашиглаад явах эрхтэй болж байна. Тухайлбал, та бүхний бэлчээрийн газарт алтны уурхай үйл ажиллагаа явуулахаар ухаад эхэллээ гээд ямар нэгэн эсэргүүцэл гаргахад эрх зүйн баримт бичиг байдаггүй. Бэлчээр гэдэг нийтийн өмч хэдий ч малчин хүн ашиглах гэрээ хийсэн нөхцөлд хэн ч тэр газарт орох эрхгүй болох юм.
Уг гэрээ нь “Газрын нэгдмэл сан”-д бүртгэгдсэнээр эзэмших, ашиглах эрх зүйн үндэслэл нь болоод явчихна. Өнөөдөр тийм гэрээгүй учраас Сумын Засаг дарга хэдэн ч удаа бэлчээрийн талаар маргаан үүсгэсэн ч Эрх зүйн акт байдаггүй. Иймд та бүхэн Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсанаар өөрийнхөө ашиглаж байгаа газраа Эрх зүйн акттай болгоод яваач ээ гэсэн зорилгоор мэдээлэл өгч ирлээ.
Өнгөрсөн жил Өвтийн багтай гэрээ хийсэн. Тэр багт багагүй зөрчил гардаг. Та бүхэн мэднэ. Алтны уурхай болон өнжөөж байгаа бэлчээрийн талбай дээр малчид ирж буусан зэрэг асуудлаар манай БАХ сумын ЗДТГ–тай хамтран ажилласанаар бэлчээр нутгаа хамгаалах талаар нилээдгүй ажил хийгдээд явж байна. Зарим нэг асуудал нилээн тэмцэлтэй байгаа. Өнөөдөр “Бэлчээр ашиглалтын гэрээ”-гүй газар ямар нэгэн асуудал үүсэхэд бид тэр газраас хөөж явуулахаас өөр эрх зүйн акт алга. Тиймээс манай аймгийн хэмжээнд Бэлчээр ашиглагчдын 15 хэсэгт энэхүү гэрээ хийгдэнэ. Бат-Өлзий суманд 4 хэсэгтэй гэрээ хийнэ.
Дараагийн чухал асуудал нь “Малчдаа хуримтлалын сан”-тай болгох юм. Судалгаагаар малчдын 70-80 хувь нь банкны өр зээлтэй байна. Гэтэл тэр банк нь гадны хөрөнгө оруулалттай байгууллага. Энэ нь гадаад хүний халаасыг зузаатгаад яваа гэсэн үг. Тиймээс “Малчдын дундын сан” бий болгоод малчин бүрээс 25 мянга төгрөг, Швейцарийн хөгжлдийн агентлагаас 25 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Энэ сангийн үйл ажиллагаа Бат-Өлзий сумын хувьд маш сайн ажиллаж байна. 818 өрхийн 20 сая 450 мянган төгрөг малчдаас цугласан байна. Үүн дээр төслийн дэмжлэг ирсэнээр нийт 40 гаруй сая төгрөг болж, Хуримтлалын санг маш сайн үүсгэж чадсан байна. Малчид маань зээлээ аваад хугацаанд нь төлөөд явж байгаа нь маш сайн. Цаашдаа дундын сангаа өргөжүүлж, Хадгаламж зээлийн хоршоо болгон хөгжүүлээд явах бүрэн боломжтой.
Баян-Өлгий аймгийн 2 суманд 1 тэрбум, 1 тэрбум 200 сая төгрөгийн Дундын сантай болсон байна. Малчны өгсөн 25 мянган төгрөг1.7 хувийн хүүтэй хадгаламж болон өсч, 2 хувиар зээл авч болж байна. Энэ бол та бүхний мөнгө шүү. Баян-Өлгийд мөнгөө өсгөх аргаа олчихсон байна. 1 тэрбум төгрөгийн зээлийн хүү нь гэхэд 170 сая төгрөг. Та бүхэн энэ сандаа 300-500 орчим сая төгрөгийн хуримтлалтай болчихвол заавал банк гэхгүй тэндээсээ зээлээ аваад явах бүрэн боломжтой болно. Малчид өөрсдийн мөнгөө оруулж зээл авах, оруулсан мөнгөө өсгөөд явах боломж бүрдээд байна. Манай аймгийн бусад БАХ бүхий сумдад Дундын сан хөгжөөд явж байна.
Удаах асуудал нь “Малчдын орлогыг нэмэгдүүлэх” чиглэлээр нилээд ажил хийж байна. МБАНХ-оос зохион байгуулж буй “Сарлагийн хөөврийг гадаад, дотоодын зах зээлд таниулах ажил”-д оролцож байна. Манай Монголын хувьд түүхий эд хамгийн сайн нь гэж ярьдаг ч үнэлгээ нь дээшилж гадаад, дотоодод өсөхгүй байна. Тэгвэл төслийн хүрээнд олон оронд сурталчилгаа явагдаж, энэ жил сарлагийн хөөвөр 22-23 мянга хүрлээ. Торомны ноос 3-4 мянгаас 20 мянга хүрсэн. Иймд зах зээлд бүтээгдэхүүнээ яаж зөв таниулах вэ гэдэг нь чухал байна. МБАНХ малчдынхаа орлогыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зах зээлд түүхий эдийн чанар үнэлэмжийг дээшллүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Малчдыг орон нутагтаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгийг тодруулаад гаргаад ирвэл бүтээгдэхүүн болон түүхий эдийн үнэ өсөөд ирнэ. Сум орон нутагтаа жижигхэн үйлдвэрлэл эрхлэх боломжийн талаар малчид санал гаргаж байна. “Нэхий зунд өмхийрээд хаягдаад байна” гэсэн саналын дагууд Богд суманд байсан Нэхий боловсруулах жижигхэн цехийг Засаг дарга н. Жамьянсүрэн, БАХ-ын тэргүүн н.Алтанцэцэг нарын хүсэлтээр танай суманд авчирсан.
Удахгүй ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтраад сургалт явуулна. Сургалтын дараа нэхий боловсруулах ажил хийгдээд эхэлнэ. Гол нь химийн бодис буюу хром хэрэглэхгүй. Шаардлага хангасан, орон нутагт нөхцөлд тохирсон арга технологиор нэхий боловсруулах аргад суралцуулна.
Уянга суманд сарлагийн хөөврийг боловсруулж, ноосон утас хийж, сүлжмэл бүтээгдэхүүн хиймээр байна санал хүсэлтийн дагуу жижигхэн “Нэхмэлийн цех” байгуулсан. Уянга сум аймагтаа хамгийн олон сарлагтай нутаг. Суралцаж байсан хүмүүс маань одоо сургалтаа дуусаад бүтээгдэхүүнээ хийгээд эхэлсэн байна. Цаашдаа Уянга сумын үйл ажиллагааг “Монгол текстайл” компани дэмжээд, хамтраад явна гэсэн. Бор зүрхээрээ яваад байвал бид амжилтанд хүрэхгүй учраас Шинжлэх ухаан технологийн хүрээлэнтэй мөн хамтарч байна.
“Ногоон алт” төслийн нэг гол зорилго нь “Эмэгтэй малчдын орлогыг нэмэгдүүлэх” юм. Саяхан төслийн зар гарсан байна. Өнгөрсөн онд манай аймгийн хэмжээнд эмэгтэй малчид “Эргэн төлөгдөх нөхцөлтэй бичил төсөл”-д хамрагдан 4 сумандаа 20 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн. Бат-Өлзий суманд Дэлгэржаргал гэдэг эмэгтэй 6 сарын хугацаанд эргэн төлөх гэрээтэй төсөл хэрэгжүүлж яваа.
Та бүхэн “Сумын хойхно байх том хашааг сумын БАХ-ын тэргүүн Алтанцэцэг авах гэж байна” гэж гайхсан байж магадгүй. Тэгвэл тэр хашаа бол Бат-Өлзий сумын БАХ-ны хашаа. Бат- Өлзий сумын БАХ-нд нэгдсэн малчдын хөрөнгө гэсэн үг шүү. Та бүхний дундын хөрөнгө болсон. Тэнд агуулах барих 5 сая төгрөг нь шийдэгдсэн байгаа. Мөн “Түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах цэг”-т Хөнгөлөлтэй зээлийн 20 сая төгрөг олгогдсон зэргээр суманд нь дэмжлэг их ирж байгаа шүү.
Цаашдаа та бүхний гар урлалын болон цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад анхаарч ажиллах болно. Өвөрхангай аймгийн БАХ-ны байр Арвайхээр хотод хуучин “ХАА-н газрын байр” гээд улаан байшин бий. Тэнд 5х10 харьцаатай талбайд Бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршооны бүтээгдэхүүнийг борлуулах цэг гаргачихсан байгаа. Тэнд бүтээгдэхүүнээ борлуулж болно.
Мөн МБАНХ дээр бүтээгдэхүүн борлуулах байр бий болгох талаар ярилцаж байна. Ингэснээр та бүхний хийсэн бүтээгдэхүүнүүд чинь борлогдож, илүү орлоготой болох боломжтой. Нөгөө талаар малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Богд суманд “Хөх сарлаг” ажлыг ноднингоос эхлүүлсэн. Энэ жилээс хөх, бор тугалууд гарсан байна. Энэ жил тэр бух тавьсан айл 100 кг цайвар хөөвөр бэлдэж өгсөн. Цаашдаа цайвар хөөврийн үнэ дээшлэх учраас энэ чиглэл рүү анхаараарай. Хонь гэхэд ширүүн бүдүүвтэр ноос гэхээсээ илүү ноолуурлаг чанарыг авч үздэг болсон тул нарийн, нарийвтар ноосны чиглэлд анхаарах хэрэгтэй болсон байна. Зүүнбаянулаан суманд малын тэжээл үйлдвэрлэх “Тэжээлийн цех”-ийн барилга барьсан. Тус үйлдвэрт “Малын хүчит тэжээл” гэж нэрлээд байгаа шахмал тэжээлийг хийж бусад сумдуудынхаа БАХ оор дамжуулан борлуулна. Эргүүлээд танай суманд бэлтгэгдсэн нэхийг бусад сумдаараа дамжуулан борлуулдаг сүлжээ бий болгохоор ажиллаж байна. Хамтраад бүгдээрээ хичээж ажиллавал сайхан амьдрах боломж дүүрэн байгаа шүү.