Хөдөө нутагт байгалийн сайхныг харан сэтгэл сэргэж, цээж дүүрэн амьсгалах дургүй Монгол хүн гэж үгүй. Хараа цуцам уудам тал, хуйрнан шуугих ус мөрөн, тал дүүрэн бэлчих мал сүрэг, хөх цэнхэр тэнгэртэй өнгө хослох хөдөөгийн сайхан дүр зургийг муухай харагдуулдаг ганцхан зүйл бий. Энэ бол хүмүүсийн ирээд явсны ул мөр болон үлддэг хог хаягдал.
Хэн нэгэн ирээд явсан гэдгийг илтгэх архи, ундааны шил, ариун цэврийн цаас, гялгар уут, хүүхдийн живх зэрэг нь байгаль орчныг бохирдуулсан нь холын замд хаа сайгүй харагддаг нь нууц биш. Зөвхөн зам харгуй дагасан хог хаягдал гэхгүй байгалийн үзэсгэлэнт газруудад ч хаа нэгтэй нь дээрх хог хаягдалтай таарч, бухимдал төрүүлдэг.
Тэгвэл энэхүү таагүй сэтгэгдэл төрүүлдэг хог хаягдлыг эргүүлэн ашиглаж, байгальд тустай үйл хийдэг хүмүүс цөөнгүй ажээ. Тэдний нэг нь Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Судлаач, сургагч багш Ж.Батцэцэг. Тэрбээр өнгөрөгч 2017 оны VI сард Увс аймгийн Завхан суманд Газрын даамлаар ажиллаж байхдаа байгальд ээлтэй аргаар хүмүүст туслах үүднээс хаягдсан архи, ундааны шилийг цуглуулж жорлон барьжээ.
Уг жорлонг барихдаа орон нутгийн иргэдээс болон хувиасаа мөнгө гаргаж, нэг шилийг 20 төгрөгөөр тооцон 1500 ширхэг шилийг худалдан авчээ. Шил цуглуулах ажлыг хоёр хоногт хийсэн гэнэ. Мөн рам зангидах болон гишгүүр дээр тавих 10 ширхэг 3 метрийн урттай банз, 5 шуудай цемент, элс, шар шавар зэргийг бэлдсэн байна.
Жорлон барихад ашиглах шил нь ижил хэмжээтэй, бөөрөнхий ёроолтой байх ба элс, шар шавар, цементээ холиж зуураад яг тоосгоор өрдөг шиг өрсөн гэнэ. Суурь хундамаа томхон хэмжээтэй шилээр дөрвөлжлөн тойруулаад дээр нь шавардаж барьцалдуулсан байна. Харин хаалгыг нь хог дээр хаягдсан угаалгын машины хавтгай нүүрэн хэсгийг ашиглан будаж хийсэн ажээ.
Энэхүү нийтийн хэрэгцээнд зориулсан жорлон нь Увс аймгийн Завхан сумын Хяргас, Айраг нуурыг холбосон хоолойд Хэцүү хад жуулчны бааз руу явах замд машин гаргадаг бирвазын ойролцоо байрладаг. Тэр замд хүмүүст хэрэгтэй зүйл нь нойл байсан гэнэ.
Тэрбээр нутгийн уугуул иргэн бөгөөд газар нутаг, сайхан ногоон тал маань хуванцар сав архины шилээр дүүрсэн байхыг хараад сэтгэл өвддөг. Тиймээс хөдөө орон нутгийн иргэд маань санаа авч, амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйл хийгээсэй гэж хүссэн гэдгийг онцолж байна.