Ч.Бадрахзул: Малын эмч таны хувийн өмчид анхаарал тавьдаг

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад зориулан сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн Шинжээч эмч Ч.Бадрахзул “Малын эмийн үлдэгдэл”-ийн талаарх мэдээлллийг Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Мал гэдэг малчин таны хувийн өмч. Малын эмч таны хувийн өмчид анхаарал тавьдаг. Тиймээс малчин та малын эмч рүүгээ өөрөө хандаж, цаг хугацаанд нь малдаа эмчилгээ үйлчилгээ хийлгэе. Унаа хөлсний мөнгийг төлье гээд дуудаж болно.

Гэтэл өнөөдөр малын эмч хувийнхаа унаагаар очоод таны малд эмчилгээ үйлчилгээ хийгээд буцаад явах гэтэл “Тэтгэвэр буухаар өгье”, “Ноолуур тушаагаад мөнгөтэй  болохоор төлбөрийг нь төлье” гэдэг. “Мал эмнэлэг” хувийн байгууллага. Тэр утгаараа эмчилгээ үйлчилгээ, эмийн мөнгөө авч чадахгүй, өөрийнхөө халааснаас мөнгөө гаргаад явахаар ажил нь тогтвортой, эмнэлэг нь өсөн дэвжих боломж бүрдэхгүй байна. Гадаадад малын эмч хамгийн өндөр орлоготой мэргэжил. Харин манайд хамгийн доод үнэлэмжтэй.

Малын эмч таны малыг үзээд вакцин тарихгүй бол маш сайн. Яагаад гэвэл танай мал өвчингүй байна гэсэн үг. Вакциныг өвчний голомт бүхий бүсэд л тарьдаг. Гуур, ширх, хүрддэх зэрэг өвчнүүд сэргийлж, ариутгал угаалга зэрэг тохирсон арчилгаа, үйлчилгээг хийлгэж байгаарай. Малчин та хувийн өмчөө илүү ихээр анхаарч, малын эмчтэйгээ нягт хамтран ажилласнаар малаа эрүүлжүүлж, түүнийхээ ашиг шимийг хүртэн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж байна.