КИРГИЗСТАНЫ БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД АЙЛЧИЛЖ БАЙНА
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны урилгаар Киргиз Улсын Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн удирдлагууд болон сумын холбооны удирдлагууд манай улсад айлчилж байна. Киргизстан улсаас ирсэн зочид төлөөлөгчид өнөөдөр Бэлчээрийн эрх зүйн байдал, цаашдын зорилт ILC гишүүн байгууллагуудын төлөөлөл болох Бодлого судлалын төвд очиж уулзалт хийсэн юм. Дараа нь МБАНХ дээр хүрэлцэн ирж, холбооны үйл ажиллагаатай танилцах уулзалтад оролцлоо.
Киргизстан улс нь 7 бүс нутаг, 44 дүүрэг, 442 Бэлчээр ашиглагчдын холбоотой, 10 сая гаруй малтай, айл өрх бүр 2 болон түүнээс дээш тооны малтай гэнэ. Цөөн тооны малтай айлыг малчин айл гэж нэрлэх боломжгүй ч малын тоогоор нь Бэлчээрийн хуулийн дагуу төлбөр хураамж авдаг аж. Харин мал маллагааны ажлыг шийдвэрлэхдээ багийн зохион байгуулалтаар жилийн дөрвөн улирлын туршид цөөн тооны малтай айлын малыг нийлүүлэн, их малтай айл нь өсгөх гэсэн зарчимаар асуудлыг шийдвэрлэсэн ажээ.
Киргизстан улс 2009 онд “Бэлчээрийн тухай хууль”-ийг баталсан байна. Энэ хуулиар дүүрэг район буюу аймгийн эрх мэдлийг шийдвэрлэхдээ орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын удирдлагуудтай хамтарч “Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө”-г нэвтрүүлж, тэдгээрийг ашиглах зөвшөөрөл олгоно гэж заажээ.
Мөн Геоботаникийн судалгаанд үндэслэн бэлчээрийн сэлгэх схемийг баталж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг гаргана гэжээ. Харин тосгон буюу сумын эрх мэдлийг шийдвэрлэхдээ бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, ашиглах, хэргжүүлэхэд оролцох, орон нутгийн нутаг дэвсгэрт байрлах бэлчээрийн хуваарилалтын асуудлыг шийдэх эрхийг олгосон байна.
Зочид төлөөлөгчид маргааш Хэнтий аймгийг зорих бөгөөд малчин айлаар зочилж, тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооныхонтой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, туршлага солилцох уулзалтад оролцох юм.