МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮД “ОЕКО ТЕКС” ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн “Монгол экспорт экспо-2018” арга хэмжээ Мишээл экспо төвд боллоо.

Уг арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал  В.Энхболд, ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Лаосын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Нгуен Дао, ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын агентлагийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Просекин А.С, Швейцарийн Ерөнхий консул Габриела Спирли, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Бат-Очир нарын хүндэт зочид болон олон улсын төсөл хөтөлбөрүүд, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон юм.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл экспо худалдааны төв, хамтран зохион байгуулж, Гадаад харилцааны яам, Баягаль орчин аялал жуучлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон алт-Малын эрүүл мэнд, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Свич Эшиа, Степ Эколаб, НҮБ-ийн аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Секим-2, Дэлхийн банкны Экспортыг дэмжих, Олон улсын худалдааны төвийн Монгол улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг, Европын холбооны улсын санхүүжилттэй Монголын худалдааг дэмжих Трам төслүүд дэмжин оролцлоо.

Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг эрдсийн буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. 2018 оны эхний 9 сарын дүнгээр эрдсийн бүтээгдэхүүн 4,5 тэрбум ам.доллар буюу экспортын орлогын 86 хувийг эзэлж байна. Үүнээс харахад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх нь манай улсын гадаад худалдааны салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс экспортын хууль эрх зүй, санхүү, татварын таатай орчныг сайжруулж, экспортыг төрөлжүүлэх зорилгоор Засгийн газраас мөн “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

“Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээний үеэр “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, “OEKO TEX-100” олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа болсон юм. Мөн экспортын бүтээгдэхүүн, “Монгол экспорт” хөтөлбөрийн танилцуулга хийсэн. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцаа төсөл хамтран “Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний чанар, стандарт” семинар боллоо. Семинарын хүрээнд дээр дурдсан төслийн үйл ажиллагааны явц, Монголын хаан ширхэгтийн танилцуулга, чанарын тогтолцоо, эцсийн бүтээгдэхүүний стандартын санал, бүтээгдэхүүнд хийсэн чанарын хяналт зэрэг асуудлыг танилцуулсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн  47 дугаар тогтоолоор батлагдсан “Ноолуур” хөтөлбөрт “Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах” гэж заасан байдаг. Оюуны өмчийн газрын 10876 дугаартай “Монголын ХААН ширхэгт”  ноос, ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам эзэмшдэг. Уг чанарын гэрчлэх тэмдэг эзэмшигчийн зарим эрх, үүргийг гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах чадамжтай хуулийн этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2017 оны 5 дугаар сард зарласны үндсэн дээр Монголын ноос, ноолуурын холбоог шалгаруулсан юм.

Монголын ноос ноолуурын үйлдвэрүүд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулан, сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй  ажиллаж буй. Үүний үр дүнд Снөү Фийлдс ХХК, Сор кашемир ХХК-ууд олон улсын ОЕКО ТЕКС стандартын шаардлагыг хангасан гэрчилгээгээ гардаж авлаа. Сарлагийн хөөвөр, торомны ноосыг дэлхийн зах зээлд гаргахад томоохон дэмжлэг үзүүлж байгаа Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн тусламжтайгаар энэхүү ОЕКО ТЕКС олон улсын стандартыг хангасан ажээ.

1992 оноос эхлэн мөрдөгдөж байгаа энэхүү стандарт нь ноос ноолууран бүтээгдэхүүнд үл байж болох, хүний биенд хор хөнөөлтэй химийн бодисын талаар дэлхий нийтийн хэмжээнд мөрддөг нэгдсэн стандарт юм. Энэ стандартыг хэрэглэснээр боловсруулах шат бүрт гарч болох эрсдэлээс хамгаалж чадна.

Энэхүү батламжийг авснаар тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах  явцад байгаль орчинд хор хөнөөлтэй ямарваа нэгэн бодис хэрэглээгүй түүнчлэн хөдөлмөр нийгэм хамгааллын дэлхийн стандартыг хангасан 15 төрлийн шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэсэн үг юм. Энэхүү стандартыг хангаснаар олон улсын зах зээлд нэр хүндээ өсгөх том боломж нээгдэж байна.