БРАНДОН БЕСТЕЛМЕЙЕР: БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ЭЕРЭГ ТӨСӨӨЛӨЛ ГАРГАЯ

Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумын үеэр АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор профессор Брандон Бестелмейерийн хийсэн илтгэлээс хүргэж байна.

“Дэлхийн бөмбөрцөгийн 41 хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээр нутгийг хайрлан хамгаалснаар зэрлэг амьтдыг амьдрах орчноор хангах, соёлын өвийг хадгалсан болон сэргээн сайжруулсан газрууд, ургамал болон хөрсөн дэх нүүрстөрөгчийн нөөц зэрэг “экосистемийн үйлчилгээ”-г хадгалж байдаг. Тэгвэл хуурайшилт ихтэй жилүүдэд бэлчээрийг хэт давтаж ашигласнаас дараагийн жилүүдийн үйлдвэрлэгчдийн бүтээмж бүрмөсөн буурдаг.

Тиймээс эдийн засаг болон экологийн тогтвортой байдлыг хангахад аль болох малын нүүдэл хөдөлгөөнийг багтаасан том орон зайг хамарсан менежмент хийхийг шаарддаг. Энэ нь нэг талаараа газар ашиглалтын бусад хэлбэрүүд болон өмч хөрөнгийг албадан хураах зэрэг нь менежментийн зарим хувилбарыг хязгаарлах талтай.

Монгол Улсын хувьд бэлчээрийн менежментийн чиглэлээр хэд хэдэн санал хэлмээр байна.  Тухайн орон нутгийнхаа нөхцөлд тохирсон байдлаар буюу юу оновчтой, юу оновчгүй байна, юуг сайжруулах хэрэгтэйг сайтар баримтжуулаад явах хэрэгтэй. Ц.Энх-Амгалангийн Дорнод аймагт хийсэн ажлыг дурьдмаар байна. Тухайн нутагт тохиолдсон бэлчээрийн доройтлыг шийдвэрлэхдээ онцлогийг нь харгалзсан нь амжилттай хэрэгжиж яваа.

Цаашид одоо бий болгосон тогтолцоогоо үр дүнтэй авч явах вэ гэдэг асуудалд анхаарах хэрэгтэй байна. Бэлчээр ашиглагчдын холбоод бүлгүүд байгуулагдсан. Тэгвэл НАМЭМ төсөл дуусахад түүний дараа бүтэц зохион байгуулалтууд өөрөө өөрийгөө авч явж чаддаг байхад анхаарах хэрэгтэй. Ингэхдээ өдөр бүр чадавхийг нэмэгдүүлэх, материал мэдээллээр хангах, бэлчээрийн төлөв байдлын чанарыг нэмэгдүүлэх, одоогийн амжилттай яваа бүтцийг дэмжих шинэ хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй.

Дараагийн чухал санаа нь Монгол улсын сургалтын хөтөлбөрт бэлчээрийн  асуудлыг тусгах шаардлагатай. 6 настай хүүхдүүдэд энэ талаарх мэдлэг мэдээллийг өгдөг байх хэрэгтэй.  Тэд бол ирээдүйн бэлчээр ашиглагчид болон малчид. Америкт энэ аргыг хэрэглэдэг нь маш амжилтттай хэрэгждэг. Аль болох эрт мэдээлэл өгдөг. Хүүхдэд зориулсан номнууд их гаргадаг. Монголд яг ийм чиглэлээр гаргасан ном байдаг эсэхийг санахгүй байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт энэ талаар оруулах хэрэгтэй.

Хамгийн сүүлийн санал  гэвэл бэлчээрийн тухай эерэг төсөөлөл гаргая. Заавал асуудал ярьдагаа болих хэрэгтэй. Бэлчээрийн асуудал болохгүй байгаа талаар их яриад байвал хүмүүсийн хот руу чиглэх, хотжих хүсэл хэзээ ч зогсохгүй. Тиймээс бэлчээрийг яаж үр ашигтай газар нутаг болгохов, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг нь яаж сайжруулах вэ гэдэгт хүмүүсийн анхаарлыг хандуулж ажиллах хэрэгтэй. Энэ форумд оролцож байгаа хүмүүс сонссон мэдээллээ олон нийтэд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн бэлчээр ашиглагчдын холбоо байгууллага ирээдүйд их зүйлийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.