-“Монгол орны бэлчээрийн үндэсний II форум” өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай явагдаж байна. Үндэсний хэмжээний форумын үр дүнгийн талаар эхлээд сонирхуулахгүй юу?
-Монгол орны маань өргөн уудам газар нутгийг хамардаг бэлчээрийн асуудал анхаарлаас гадуур явж ирсэн. Үүний улмаас сүүлийн 20 гаруй жил бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаад газар нутгийн 70 гаруй хувь нь доройтсон байдалтай байна. ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд арваан жилийн өмнөөс бэлчээрийн доройтлын судалгааг анх хийж эхэлсэн. Тухайн үед бэлчээрийн доройтлын ойлголт маш их зөрүүтэй байсан. Зарим нь газар нутгийн 90 хувь нь талхлагдаад цөл болж байгаа тухай, зарим нь энэ тоог есөн хувь дээр очсон гэдэг байв.
Үүнтэй уялдаад манай орны бэлчээр 100 сая малыг тэжээх чадалтай гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь 20 сая мал л тэжээх чадалтай гэх зэрэг ойлголтын зөрүүтэй байсан. Тиймээс энэ ойлголтыг нэг болгохын тулд үндэсний хэмжээний судалгаа хэрэгтэй болсон. Түүнчлэн бэлчээр хэрхэн яаж доройтдог үйл явцыг нарийн судалж тогтоох, үүний үндсэн дээр нөхөн сэргээх арга замуудыг тодорхойлох хэрэгтэй байсан.
Манай орны бэлчээр 25 төрлийн экологийн системд хуваагддаг. Тэр болгон нь өөрийн гэсэн заяагдмал экологийн чадавхитай. Говь, хангай, хээрийн бүсийн бэлчээрийг харьцуулашгүй. Иймд Монголын бэлчээрийн төлөв байдлыг олон улсын системийн аргачлалаар арван жилийн турш судалж байна. Яг Монголтой адилхан бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг Шинэ Зеланд, Австрали, Америк, Европын улсуудын туршлагыг судалж байгаад энэ шинэ аргачлалыг Монголын хөрсөн дээр буулгаж, нэвтрүүлсэн.
Энэ шинэ аргачлалын дагуу 2014 онд анх Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг тогтооход 65 хувь нь доройтсон байсан. Гэхдээ тэрний 90 хувь нь байгалийн жамаараа нөхөн сэргээгдэх чадвараа хадгалж үлдсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр зөвхөн ачааллыг нь буулгаад ялангуяа ургамал нөхөн төлжих хамгийн эгзэгтэй үе 4-6 сарын хооронд амраавал тэр бэлчээр байгалийнхаа аясаар нөхөн сэргээд, төлжөөд л ургаад ирнэ. 2015 онд бэлчээрийн төлөв байдлын тайлан гаргасан.
Энэ удаагийн форумаар 2014, 2015, 2016 оны мэдээлэл дээр үндэслэн бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг гаргаж танилцуулж байна. Хэдийгээр нийт бэлчээрийн доройтлын хэмжээ 65 хувиас 57 хувь болж буурсан ч нөхөн төлжих чадвараа алдсан, хүчтэй доройтсон бэлчээрийн хэмжээ 7 хувь байснаа 13 хувь болж өссөн харамсалтай дүн гарсан.
-Тэр газрууд нь хаана, хаана байна вэ?
-Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар гээд малын бөөгнөрөл байгаа газруудад бэлчээр маш их доройтсон байна. Энэ мөчөөс эхлээд малын хөлийн ачааллаа тохируулах, бэлчээрээ амраах, сэлгээх асуудлуудаа хурдан шийдэхгүй бол магадгүй бэлчээр нутгийн маань талхлалтын тоо өсөх аюултай. Дахин нөхөн сэргээнэ гэдэг хүнд. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй манай улсын хувьд хөрөнгө их шаардагдана. Нөгөөтэйгүүр тэнд байгаа бүхий л эко систем сүйдэж, хүн мал амьтан амьдрах аргагүй л болно.
-Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн нутаг сүйдэж байна гэдэг. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэх нь бий. Дэлхий дахин бэлчээрийн талхлалттай яаж тэмцэж байна вэ?
-Үнэн хэрэгтээ эрчимжсэн мал аж ахуй байгалийг маш их сүйтгэдэг. Дэлхий нийт эрчимжсэн мал аж ахуйгаасаа татгалзаж, аль болох байгальд ээлтэй, органик аж ахуй эрхлэх тал руугаа шилжиж байна.. Монгол орны хуурайдуу уур амьсгалтай, бэлчээрийн экосистем их эмзэг учраас олон улсын туршлагаас үзэхэд ачаалал бага үүсгэдэг бэлчээрийн мал аж ахуй бол урт хугацаандаа тогтвортой арга зам гэж үзэж байна. Бид малаас гарч байгаа бүтээгдэхүүнээ харин үнэ цэнэтэй болгох ёстой.
Ноос ноолуур, арьс шир гээд бүх төрлийн бүтээгдэхүүнийг үнэхээр байгалийн гаралтай гэдгийг нь баталгаажуулаад дэлхийн зах зээлд өндөр үнээр зарах боломж байна. Манай улсын хувьд дэлхийн зах зээлд гарч байгаа органик байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хангах бололцоо бүх өгөгдөл нь байна. Гол нь бэлчээрээ сайжруулж, малаас гарч байгаа түүхий эдийнхээ чанарыг сайжруулаад тогтолцоогоо зөв болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ сайжруулах ёстой.
-Форумд оролцогчид бэлчээрийн хуультай болох шаардлагатай гэж нэгэн дуугаар хэлж байна л даа. Бэлчээрийн тухай хуультай болсноор ямар асуудлууд шийдэгдэх вэ?
-Бэлчээрийн асуудал олон байгууллагуудын дунд үндсэндээ орхигдсон. Хаана ч и очоод бэлчээрийн асуудал гэхээр хүлээж авдаггүй. Байгаль орчны яам илүү байгаль орчин хамгаалал, тусгай хамгаалалттай газрын асуудал руу хандана. Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодози зураг зүйн газар бэлчээрийн газрын зохион байгуулалтын асуудал, ХХААХҮЯ малын тэжээлийн нөөцийн талаас нь хардаг.
Харин бидний дэвшүүлж байгаа санал бол бэлчээрийг цогцоор нь хамгаалах, зөв ашиглах төрийн бодлого гэдэг утгаар бэлчээрийн хууль гэж тусдаа баймаар байна. Бэлчээр бол зөвхөн малын тэжээл биш юм. Шинжлэх ухааны нэршил нь үетэн өвс тал хээр хээр нутаг маань өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий байгалийн цогц экосистем, нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, энэ бүгдийг л үзэх гэж гадаадын жуулчид ирдэг шүү дээ.
Монгол орны эдийн засгийн давуу тал бол дэлхийн зах зээл өрсөлдөх чадвар бүхий нүүдлийн мал аж ахуйтай шууд холбоотой. Өөртөө байгаа үнэт зүйлээ өнгөлж, хөгжүүлж чадсан улс орон хөгждөг. Манай малын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Сүүлийн үед бэлчээрээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэл малын гаралтай бүтээгдэхүүний блок чайн технологид суурилсан эргэн мөшгих системийг хөгжүүлж байна.