Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалтын асуудал, эргэн мөшгих тогтолцоо” системийн IT чиглэлийг хариуцан ажилласан Дижитал медик компанийн захирал М.Амартогтох, Chain Point компанийн IT инженер Марсел Верстаппен нар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаатай танилцлаа.
Chain Point компанийн хувьд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл аюулгүй махыг олон улсын зах зээлд нийлүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа аж. Тиймээс тус компанийн IT инженер Марсел Верстаппен уг системийг хөгжүүлэх хүрээнд шаардлагатай мэдээлэл авахаар манай улсад ажиллаж байна.
Энэ үеэр МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт, МБАНХ-ны Сургалтын менежер Г.Намуулан нар ирсэн зочдод МБАНХ-ны бүтэц, үйл ажиллагаа, гаргасан амжилт, аймаг сумдуудтай хэрхэн хамтран ажилладаг талаарх мэдээллийг өгсөн юм.
Мэдээллийн төгсгөлд Chain Point компанийн IT инженер Марсел Верстаппен хэлэхдээ “Асар уудам газар нутагтай Монгол орны малчин ард түмэнг холбож нэгтгэсэн та бүхний энэ ажил маш сайн зохион байгуулалттай, үр дүнтэй үйл ажиллагаа хийж байгаа нь харагдаж байна. Та бүхэн энэ бүх хийж байгаа ажлынхаа тухай, бүтэц зохион байгуулалт зэргийг англи хэлээр буулган ном товхимол болгон олон улсад туршлагаа хуваалцаасай гэж хүсэж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.