card

СБМАХ, СБАХ, БАХ-ЫН АХЛАГЧДАД ЗОРИУЛСАН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗӨВӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА

Төв аймгийн Зуун мод хотноо Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгждэг сумдын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, СБМАХ, СБАХ, БАХ-ын ахлагчдад зориулсан гишүүдийг чадавхижуулах ахисан түвшний сургалт зөвөлгөөн болж байна. Зөвөлгөөнийг Төв аймгийн “Малчдын хамтын хүч” Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-аас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулж байна

Зөвөлгөөнд Швейцарийн Хөгжлийн агентлаг “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар, МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт, МБАНХ-ны Хоршоо, дундын сан хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндолгор, Төв аймгийн Засаг дарга Ж. Батжаргал, Аймгийн АБАХ-ын Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн, Аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж,  Аймгийн БМАХ-ын дарга Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй Төв аймгийн Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийн гишүүд, Төв аймгийн Эрдэнэсант, Борнуур, Бүрэн, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Сүмбэр сумдын ХААТ-ы дарга, даамал, газрын даамал, СБАХ, БАХ-ын ахлагч нар оролцож байна.

Зөвөлгөөнийг нээж Төв аймгийн Засаг дарга Ж. Батжаргал хэлэхдээ “Аймгийн хэмжээнд НАМЭМ төсөл зургаан суманд хэрэгжиж байгаа. Бэлчээр бол мал аж ахуйн хамгийн үндсэн бааз. Бэлчээрийг зөв ашиглах, түүн дээр тулгуурлан мал аж ахуйн салбарын хөгжлийг тодорхойлох, энэ салбарт ажиллагсадын хөдөлмөрийн баталгаа, үүнээс хүн амын хүнсний хангамжийн асуудал яригдана. Энэ нь томоор нь харвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал юм.

Тиймээс бэлчээрийн асуудал монголчуудын хувьд, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд онцгой анхаарах сэдэв юм. Төв аймгийн хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр. Хот суурин газар зорьсон бүх хүмүүсийн дамжин өнгөрдөг газар. Амьдрал амьжиргаагаа сайжруулах гэсэн холын хүмүүсийн буудалладаг газар гэдэг утгаараа хүн, малын шилжилт хөдөлгөөн нүүдэллэлт аймгийн хэмжээний бэлчээр нутийн талхлалтал гол түлхэц болж байдаг. Нөгөө талаар дэлхий нийтээр цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас үүдэн байгалийн зүй тогтолцоо алдагдаж байна.

Мөн малын тоо толгойн хэт өсөлтөөс үүдэн бэлчээр их талхлагдаж байна. Аймгийн хэмжээнд 5,4 сая га бэлчээр байдаг, малын тоо толгойгоос үүдэн 3-5 дахин даац хэтэрсэн байна. Иймд бэлчээрийн менежмэнтийг сайжруулахын тулд оронх нутгийн онцлогийг харгалзан авч хэрэгжүүлэх ажлыг аймгийн удирдлагуудын зүгээс баримталж ажилладаг. Иймд энэ чиглэлээр ажиллаж байгаа туршлагаас суралцан аймгийн нийт нутаг дэвсгэрт нэвтрүүлж, нутагшуулах, сум орон нутгийн бэлчээрийн талхлалтыг бууруулах ажлыг малчдын хамтаар хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилгыг биелүүлэхэд ШХА, МБАНХ, аймгийн БМАХ, аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байна.

Аймаг ирэх оны төсвөө хэлэлцэж байгаа энэ үед элсний нүүдэл, цөлжилтийг бууруулахад мод тарихаас илүү бэлчээр нутгаа сэлгэх, өнжөөж сэргээж хамгаалах сайжруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахаар зорьж байна. Бидний амьдрал үйл ажиллагаа байгалийн нөөц бололцоонд нийцүүлэх нь хамгийн чухал. Гэхдээ малчдыг “малаа цөөл” гэх аргагүй. Харин мал сүргийнхээ тооноос үл шалтгаалан үр шимийг өндөр авах нь чухал юм. Иймд аймгийн зүгээс махны үйлдвэрүүд байгуулах бодлого чиглэл баримталж байна. Бэлчээрийг байгалийн жамаар сэргээх, ногоон тэжээлийн ургамал  тариалах сэргээх гэсэн зарчмаар ажиллаж байна. Мал аж ахуйн салбарын зүй зохистой хөгжлийг хангах,  бусдыг манлайлах, үр өгөөжөө аймаг орон нутгийн  эдийн засгийг дэмжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад төсөл хэрэгжиж байгаа сумдаас ирж, сургалт зөвөлгөөнл оролцож буй та бүхний оролцоо их байгаа. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн онцоллоо

Түүний дараа МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал “МБАНХ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, малчдын байгууллагын бэлчээрийн менежмэнт дэх үүрэг оролцоо” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө.  Дараа нь Төв аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн “ Төв аймаг дахь Ногоон алт малын эрүүл мэнд төслтийн хэрэгжилт” сэдвээр хийсэн ажлаа танилцууллаа. Дараа нь Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж “Төв аймгийн ХАА-н бодлого, зорилт бэлчээрийн талаар баримталж буй бодлого, цаашид анхаарах чухал асуудлууд” сэдвээр мэдээлэл өглөө. Харин одоо Швейцарийн Хөгжлийн агентлаг “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар “Мал эмнэлгийн баталгаажуулалтын систем” сэдвээр мэдээлэл өгч байна.