ДУНДГОВЬ АЙМГИЙН “БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол орны эдийн засгийн суурь болсон бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглах нь бидний өнөөгийн амьдралд төдийгүй ирээдүй хойч үедээ өвлөн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэх ажлын нэг билээ.
Энэхүү чухал асуудлыг ажил хэрэг болгохоор өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ны өдөр Дундговь аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Элгэмсэг Дундговь төрийн бус байгууллага, 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Газрын даамлууд , Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга нар, НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа таван сумын СБАХ-ны тэргүүн, БАХ-ын төлөөлөл хамтран “Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмын төсөл”-ийг хэлэлцлээ.
Аймгийн бэлчээр ашиглах журмын төслийг өмнө нь сумдад хүргэж, холбогдох албаныхан, малчдад танилцуулан санал авсан гэнэ. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь гуравдахь удаадаа зохион байгуулагдаж байгаа ба хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж журмын төсөлд тусган аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсээр хянуулах ажээ.
Ингээд тус хэлэлцүүлэгийн үеэр Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Шинэ-Уянга “Бэлчээр ашиглах журам”-ын төсөл танилцуулсныг хүргэж байна.
Тэрбээр хэлэхдээ “Дундговь аймгийн бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээллийг эхэлж өгье. Дундговь аймаг нь 7,4 сая га нутаг дэвсгэртэй. Үүний 95,2 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. ХАА-н эдэлбэр газрынхаа 99 хувийг бэлчээрийн газар эзэлдэг ч жилээс жилд хэмжээ нь буурч байгааг аймгийн Газрын нэгдмэл сангийн тайлангаас харж болно.
Бэлчээрийн бууралтыг 2015 оныг 2016 онтой, 2016 оныг 2017 онтой харьцуулж үзэхэд бэлчээрийн талбайн хэмжээ улам бүр буурчээ. Газрын нэгдмэл сангийн тайланг сум бүрт гаргасан. Дэлхийн дулааралтай холбоотой байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгойн өсөлт, ашигт малтмал олборлолтоос үүдэн зам харгуй ихээр гарсан зэрэг хүчин зүйлүүдээс үүдэн бэлчээрийн хэмжээ байна.
Энэ хэрээр бэлчээрийн хүрэлцээ хангамж жилээс жилд буурч, эсрэгээрээ мал сүрэг хонин толгойд шилжүүлсэнээр жилээс жилд өссөн байна. Улсын хэмжээний үзүүлэлтээр 100 га бэлчээрт байх мал сүргийн тоог тогтоосон бөгөөд манай говь нутагт 45-50 хонин толгой мал шилжүүлснээр тооцдог.
Тэгтэл 60 гаруй хонь толгой байгаа нь бэлчээрийн даац хэтэрсний шинж юм. Хөдөө аж ахуйн үзүүлэлтийг гаргахдаа 100 га бэлчээрийн талбайд Ус цаг уур орчны шинжилгээний газар, газрын даамлууд, фотомониторинг хийж, бэлчээрийн даац ямар байгааг гаргадаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар бэлчээр нутгийн маань 18.5 хувь соргог, 81.5 хувь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэж байна. Сумдаар нь харвал Өлзийт суманд л ганцхан 100 га бэлчээрт 29,3 хонин толгой ноогдож байна. Бусад сумдууд хэтэрсэн байдалтай харагдаж байгаа юм.
Энэ жилийн хувьд бэлчээрийн даацыг Ус цаг уурын газраас гаргасан мэдээллийг баримталж ажиллалаа. Энэ мэдээгээр Хулд сумын хойд хэсэгт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч, Дэлгэрхангай, Өндөршил, Гурван сайхан сумдын зүүн хэсэг, Говь-Угтаал, Өндөршил, Эрдэнэдалай, Луус, Адаацагийн хойд урд тал, Дэлгэрцогтын баруун урд тал, Сайхан-Овоо, Хулд, Дэрэн, Цагаандэлгэр сумдын баруун зүүн тал зэргээр нийт нутгийн 55 хувь нь 2-3 дахин даац хэтэрсэн байна.
Төв хэсэг буюу Дэлгэрхангай сумын зүүн хойд хэсэг, нийт нутгийн 5 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэх судалгаа гарсан. Үүний дагуу бид отор нүүдлээ төлөвлөх, гаднаас отор нүүдэл авахгүй байхад анхаарсан. Цаг агаарын төлөвөөс харахад 2018-2019 оны өвөл хаварт өөрийн хэмжээнд аваад явах чадал байна. Өөр аймгаас отор нүүдэл ирэх нөхцөл байдал үүсвэл хариуцсан газар нутгаа зөв ашиглан зохицуулалт хийх хэрэгтэй гэдэг чиглэл баримталж байна.
Мэдээлэл хүргэхэд манай аймгийн бэлчээрийн даацыг муутгаж байгаа өөр нэг хүчин зүйл бол хортон мэрэгч. Нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь буюу 1сая 500 мянга гаруй га бэлчээрийн талбайд хортон мэрэгч, үлийн цагаан огтоно тархсан байна. Өнгөрсөн онд нийт 8 сумын 72,5 мянган га бэлчээрийн талбайг хамруулаад энгийн механик болон микробиологийн аргаар устгах ажлыг зохион байгуулсан. Эргээд бусад “суманд огтоно олширлоо” гэсэн мэдээлэл ирсэн.
Бид уг мэдээллийг үндэслэн ХХААХҮЯ болон Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнд хүсэлтээ уламжилж дараагийн ажлууд хийгдэж байна. юм. Одоогоор 15 сумын 12 т нь хортон мэрэгч тархсан байна. Энэ жил Сайхан-Овоо сум бас нэмэгдсэн Өвөрхангай аймгийн хил залгаа сумаас орж ирсэн гэж үзэж байгаа. Хортой мэрэгч устгах ажлыг сумандаа үр дүнтэй хийх хэрэгтэй. Та бүхэн мэдээллээ өгч байгаа ч газар дээрээ хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн.
Нөгөө талаар энэ ажлыг хийхэд сум орон нутгаас ч хөрөнгө гаргах шаардлагатай байна. Бэлчээр нутгаа усжуулах ажлын хүрээнд сумдаас ирсэн хүсэлтийн дагуу багийн ИТХ ын хүсэлтийг үндэслэн 34 худгийг гаргаж 50 гаруй мянган га газрыг усжуулсан” хэмээн танилцуулсан юм.
Дараа нь үндсэн танилцуулгаа хийсэн.
“Бидний ажлыг гол чиглүүлж өгсөн НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч МБАНХ ны Дунговь аймгийг хариуцсан Зөвлөхүүддээ юуны өмнө талархал илэрхийлье. Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмыг боловсруулах ажилд Аймгийн Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг, Элгэмсэг Дундговь ТББ, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Газар зохион байгуулалтын газар, Байгаль орчны газар хамтран бусад аймгуудын журмаас санаа авах маягаар ажилласан.
Журмын төслийг урьдчилсан байдлаар өмнө нь хүргэж танилцуулсан учраас гол үзэл санаа, зорилго, талуудаас ирсэн санааг зөв зохистой, тэгш эрхтэйгээр хэлэлцэх нь чухал юм. Энэ журмын зорилго, зарчим, хэрэгжүүлэх арга замын талаар эхлэн танилцуулья.
Бэлчээрийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төлөвлөх зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх замаар бэлчээрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх,түүний нөөц чадавхид тохируулан мал сүргээ маллан өсгөх, малчдынг урамшуулах, эдийн засгийн хөшүүргийг зөв тооцоолох, аймгийн мал амьтны тогтвортой хөгжлийг хангахад энэхүү журмын зорилго оршино. Манай Дундговь аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Нийт нутаг дэвсгэрийн 90 ээс дээш хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.
Журмын зарчим нь “Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхид суурилсан, оролцогчдын тэгш оролцоог хангахад дор дурьдсан зарчмыг баримтална. Үүнд:
- Бэлчээрийн төлөв байдал чанарт хяналт үнэлгээ хийх, зохистой ашиглах хамгаалах, олон настын үр тарьж нөхөн сэргээх, сэлгээж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотой төлөвлөн хэрэгжүүлнэ.
- Бэлчээрийн экологийн чадавхи бүтээмжийн чанар даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлнэ. Улирлын бэлчээр дэх нөөц буюу хужир мараа, байгалийн усны ил эх зүүсвэрийг ашиглахдаа оролцогчдын тэгш байдлыг хангана. Цаг улирлын болон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлчээрийн даац хэтэрвэл мал оруулахыг хориглоно. Гэргүй өрхийн малыг тухайн амьдарч байгаа өрхөд оруулан тооцно.
Бэлчээр ашиглалтын чиглэлээр сар улирал, жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дор дурьдсан зохицуулалтыг баримтална. Үүнд.
- Бэлчээр ашиглалтын чиглэлээр сар улирал жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн ИНХ-аар хэлэлцүүлнэ.
- Хавар зун намрын сар улиралд хэсэгчлэн орсон хур тундасны мөрөөр хэсэгхэн ургасан ногоо бэлчээрийг зохистой ашиглах талаар хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг сумын ИНХ-ээр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
/Өөрөөр хэлбэл хэсэгчлэн орсон борооны мөрөөр ургамал нь бүрэн гүйцэт ургаж дуусаагүй байхад малчин айл бууж нөгөө газраа талхалчихаад нүүгээд явчихдаг. Түүгээр байгаа айлууддаа чхүнд нөхцөл үүсгэдэг. Үүнийг Багийн ИНХ-аар хэлэлцэж шийдвэрлүүлнэ гэсэн үг юм/
Бэлчээр ашиглахад дараах үйл ажиллагааг бүрэн хориглоно
Үүнд, Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө хаваржаа, түүний ойр орчимд дураараа мал оруулах, улирлын бэлчээрээс бусад газарт дур мэдэн нутаглах, бэлчээр ашиглалтын хуваарь болон гэрээний заалтыг зөрчих, хог хаягдал, хортой зүйлс, сэг зэмээр хашаа хороо өтөг бууцаар бэлчээр усны эх үүсвэрийг бохирдуулах, дур мэдэж өвөлжөө хаваржаа барих, нийтийн бэлчээрийг хашиж хамгаалах, бусдын малыг дур мэдэн оруулж бэлчээрийн ачааллыг хэтрүүлэх, малын урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй, эрүүл мэнлийн дэвтэргүй малыг сум багийн нутагт оруулахгүй байна.
Бэлчээр ашиглалттай холбоотой зөрчил хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ. Энэхүү Бэлчээр ашиглалтын журам төсөлд тусгагдсан арга хэмжээг биелүүлэхийг хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж, зөрчсөн бол зохих хариуцлагыг тооцно. Бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг хашаа хороог дур мэдэн ашиглаж, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцно.
Шаардлагатай гэж үзвэл тухайн бэлчээрт учирсан хохирлыг тооцож, зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авна. Журамтай холбоотой маргааныг Багийн ИНХ-аар хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Журмын хэрэгжилтийг санаатайгаар мушгин гуйвуулж, малчдыг төөрөгдөлд оруулсан ажилтан албан тушаалтанд хариуцлага тооцно” хэмээн танилцуулсан юм.
Энахүү журмын төслийг танилцуулсны дараа оролцогчид төслийн зүйл заалт бүр дээр санал хэлж, өөрчлөлтийг тухай бүрт нь тэмдэглэн авч, зохих хууль дүрмийн хүрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байсан юм. Оролцогчдын санал нэгтэй оруулсан өөрчлөлт нь тэмээ болон бусад мал гэсэн санал байлаа. Учир нь говийн аймгуудын хувьд хамгийн чухал, гол өсгөн үржүүлдэг амьтан нь тэмээ байдаг. Гэтэл түүнийг хонин толгойд шилжүүлэн тооцох нь Тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх бодлоготой зөрчилдөж байна гэж үзсэн билээ.
Ийнхүү аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг “Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмын төсөл”-ийн хэлэлцүүлгээс гаргасан саналыг өөрчлөлтийг оруулан оруулан аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсээр хянуулж, улмаар аймгийн ИТХ –ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Хэрэв уг журмыг хэлэлцэн баталвал “Бэлчээрийг ашиглах, хариуцлагажуулах журам” –тай аймгуудын нэг болох юм.