У.Сарангоо: Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг”  төслийн багийн уулзалт өчигдөр Корпорейт зочид буудалд боллоо. Ядуурлыг бууруулах, Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий уг төслийг Монголын Бэлчээр Ашиглагчдын  Нэгдсэн Холбоo /МБАНХ/,  Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг /AVSF/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн  Хамтын Ажиллагааны Төв /GGMBH/, Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв /CSCP/, Монголын Банкуудын Холбоо /MBA/ хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн менежментийг чадавхжуулах,  санхүү, эрх зүйн зохицуулалт, орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх мөн  бүтээгдэхүүний эко тэмдэгтээр дамжуулан маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах, ялангуяа ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.

МБАНХ-ны зүгээс орон нутгийн малчдын байгууллагыг чадавхжуулах, сарлаг, торомны ноосны бэлтгэлийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох, чадавхжуулах сургалт, уулзалт, хурал зохион байгуулах замаар хоршоодын сайн туршлагыг дэлгэрүүлж, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран оролцож байгаа билээ. 2018-2021 он хүртэл нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Европын Холбооноос санхүүжүүлж байгаа ба энэ удаагийн уулзалтаар 2019 оны төлөвлөсөн ажлуудын талаар хэлэлцэх, тэдгээрийг гүйцэтгэх хамтрагчдын хоорондын уялдаа холбоог тодорхойлох, хэрэгжүүлэх хугацааг хэлэлцлээ.

“STEP ECOLAB” төслийн менежер У.Сарангоо хэлэхдээ “2018 оны  4 сараас эхлээд хэрэгжиж байгаа Европын холбооны санхүүжилтээр явагдах “STEP ECOLAB” төслийн гол зорилго нь Монголын ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн  арга туршлагыг нэвтрүүлэх зорилготой. Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн арга туршлагыг нэвтрүүлэхдээ нэмүү өртөгийн сүлжээний бүх оролцогч талуудыг оролцуулна. Ноос ноолуурын  нэмүү өртөгийн бүх оролцогч талуудын анхан шатанд малчин, малчдын хоршоод түүхий эдээ бэлтгэж байгаа. Эд нар маань байгальд ээлтэй аргаар түүхий эдээ бэлтгэж үйлдвэрлэх ёстой.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн “Хил хязгааргүй малын эмч ба аграномчдын холбоо”, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хоёртой хамтран үйлдвэрлэлийн хаалга хүртэлх түүхий эд бэлтгэлийг байгальд ээлтэй аргаар явуулах арга туршлага дээр нь ажиллаж байгаа. Хамгийн чухал зүйл нь Монгол Улсын хэмжээнд ирээдүйд гарч болох эрсдэл болсон цөлжилтөөс сэргийлэн бэлчээрийн зөв менежментийг ашиглан  түүхий эдээ бэлтгэх тал дээр анхаарч байна.  Мөн түүхий эдийн чанарт хэрхэн анхаарах юм, малын үржил, үүлдэр угсааг сайжруулан илүү нарийн ноолууртай, илүү сайн чанарын ноостой малыг үржүүлэх, малын эрүүл мэндийн асуудал зэрэг нь их чухал.

Түүхий эдийн байгальд ээлтэй, тогтвортой гэдэг ойлголтод юу багтдаг вэ гэвэл бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, малын үржил селекци зэрэг нь тухайн мал таатай тавлаг байх, стрессгүй байхыг чухалчилдаг. Мөн тухайн орон нутагт оршин сууж байгаа малчид, малчдын хоршоо маань орон нутгийнхаа байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хэр ханган ажиллаж байгаа вэ гэдэг дээр анхаарч ажиллах ёстой юм. Тухайлбал, зэрлэг ан амьтантайгаа хэрхэн харилцан оршин тогтнож байна вэ гэдэгт  анхаарч үйлдвэрийн хаалга хүртэл түүхий эд болсон ноос,  ноолуурыг байгальд ээлтэй аргаар зөв бэлтгэх тал дээр дээр хамтран ажиллаж байна.

Биднийн хамтран ажиллахаар сонгосон  Монголын Бэлчээр Ашиглагчдын  Нэгдсэн Холбоo, Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг хоёр маань сүүлийн арав гаруй жил энэ чиглэлээрээ ажиллаж байгаа туршлагатай хамт олон. Манай төслийн хувьд тэдний тэргүүний туршлагуудыг тодорхойлж гаргаж ирэн бэлчээрийн менежментийн хэсэг, малын эрүүл мэндийн хэсэг, үржил селекцийн хэсэг, түүхий эдийн чанартай холбоотой, түүхий эдийн гарал үүслийн мөшгих тогтолцоотой холбоотой тэргүүн туршлага нь юу байгааг тодоорхойлж байна. Тодорхойлсон тэргүүн туршлагаа бид нар сурталчилан таниулах ажлуудыг хийнэ. Энэ ажлыг хийхдээ үйлдвэрлэгчид болон бусад малчдын хоршоонд таниулах сургалт хийх, хэвлэл мэдээллээр сурталчилах ажлуудыг хийнэ.

Түүнээс гадна нэг чухал ажил нь нэгэнт байгальд ээлтэй аргаар түүхий эдээ бэлтгэж чадаж байгаа юм чинь энийгээ бид баталгаажуулал гэрчилгээжүүлэх ёстой. Гэрчилгээжүүлэх ажлыг хийхийн тулд сургалтууд хийгдэнэ. Төр засгийн байгууллагуудыг  оролцуулна. Тухайлбал, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС-ын Ширхэгтийн судалгаан дээр ажиллаж байгаа багш, судлаачид, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо зэрэг Төрийн болон ТББ-уудыг гэрчилгээжүүлнэ. Ингэснээр байгальд ээлтэй түүхий эд гэдэг гэрчилгээжүүлэлтийн схемийг таниулах, ойлгуулах сурталчилах, чадавхийг нь хөгжүүүлэх ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ. Энэ бүх  ажлуудаа нэмүү өртөгийн сүлжээний бүх оролцогч талууд үйлдвэрлэгчид, эцсийн хэрэглэгчид, малчид, хамтран ажиллаж байгаа бизнесийн бүх байгууллагуудад сурталчилан таниулах ажлууд хийгдэнэ” хэмээн онцоллоо.