Ц.Сандагдорж: Эх нутаг, амьдрах орчноо бид л хайрлаж хамгаалах учиртай
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цэрэнбатын Сандагдорж гэдэг. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат, Аймгийн арслан цолтой. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнд харъяалагдан бэлтгэл сургуулилтаа хийдэг. МБАНХ-ны бөх.
-МБАНХ-ны бөх гэлээ. Энэ талаар жаахан тодруулж болох уу?
-Бололгүй яахав. Бага нас минь хөдөө нутагт сайхан дурсамж дүүрэн өнгөрсөн. Одоо харин цөлжилт, дэлхийн дулаарал явагдаад бидний тоглодог байсан газар байгалын унаган төрх нь алдагдаж байна. Шинэ –Идэр сумын урдуур урсдаг байсан гол маань одоо байхгүй болсон байна. Тиймээс нутаг орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийхийг маш их хүссэн. Тэр утгаараа МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг ах хамтран ажиллах санал тавихад нь талархан хүлээж авсан. Бэлчээр нутгаа зөв зохистой ашиглах чиглэлээр маш сайхан ажил хийж, малчид төддийгүй монгол орныхоо төлөө сайн зүйл хийж байгаа нь их таалагдсан. Үнэхээр их баярлаж явдаг. Бөх хүн гэдэг монголчуудын бахархал, үлгэр дууриал болдог учиртай. Тэр утгаараа нийгэмдээ тустай сайн үйл хийж, МБАНХ-той хамтран ажиллаж байгаа минь олон нийтэд төдийгүй залуусыг уриалан дуудсан манлайлал, хамтын ажиллагааны нэг арга гэж ойлгож болно.
-Эх байгалиа хайрлаж, санаа тавих нь үнэхээр цаг үеээ олсон зөв зүйтэй ажил. Таны зүгээс бөхчүүддээ төдийгүй үеийн залуучууддаа хандан тэднийг бэлчээр нутгаа хайрлан хамгаалахад нь уриалах үүрэг хүлээсэн гэж ойлголоо, зөв үү?
–Тийм. Хүн байгаль хамтдаа оршдог хүйн холбоотой учраас байгаль ээжийгээ сайн хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Миний харж байгаагаар ус их ховордож байгаа нь ажиглагдаад байна. Надад хамаагүй гээд яваад байвал хойч үедээ бид юу үлдээх юм бэ. Элсэн цөл үлдээлтэй нь биш. Одоо цөлжөөд байгааг нь нэмчихэлгүй, хадгалж хамгаалж, нөхөн сэргээж, хайрлаж байж хойч үеийнхэнд минь амьдрахад хэрэгтэй бүхэн үлдэнэ.
-Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад таны хийж чадах ажил юу байгаа бол?
-Миний хийж чадах ажил бол эх дэлхийтэйгээ өөриймсөгөөр харьцах л юм даа. Хүмүүс мод ургамалтай хамаагүй харьцдагаас болж ус их ховордож байна. Би өвөө эмээгийнхээ гар дээр өссөн. Өвөө эмээ минь булаг шанд руу сүү дусааж болохгүй. Бохир юм оруулж болохгүй. Хог хийж болохгүй гэж захьдаг байсан. Тэр захиасыг одоо ч марталгүй санаж явдаг. Тиймээс булаг шандтай ойр явбал бохирдуулчихгүй юмсан гэж хичээдэг. Ойр орчимд нь хог байвал цэвэрлээд янзлаад явдаг. Энэ маань нэг талаараа байгаль дэлхийг хамгаалах ажлыг хүн болгон дор бүрдээ хийх боломжтой гэдгийн баталгаа. Заавал хэн нэгэн очиж цэвэрлэхийг хүлээлгүй хэн ч хийж чадна. Гэхдээ хүн бүр дор бүрнээ л хариуцлагатай, ухамсартай байж, хог хаяхгүй байгаасай. Өөрийнхөө тарьсан хогийг аваад явдаг байгаасай. Туул голын эргээр хааяа очиход үнэхээр замбараагүй ууж идсэн бүхнийхээ уут савыг хаячихсан байдаг. Доторхийг нь ууж идэхээр авчирсан шигээ савыг нь авч яваад хогийн саванд хийчихэж болно доо, уг нь.
-Хотын ойр хүний хөл хөдөлгөөн ихтэй орчинг бохирдуулсныг бид шууд харж болно. Санаачлагаараа цэвэрлэдэг хүмүүс ч байдаг. Гэтэл хээр хөдөө талд, хүний хөлөөс зайдуу хад чулуу, нуур усны хажууд үлдээсэн хогийг хэн очиж цэвэрлэх вэ?
–Тийм, тэр чинь үнэхээр том асуудал. Нэг хуванцар сав хөрсөнд шингэхгүй хичнээн жил болдог билээ гээд бодоход л хэцүү шүү дээ. Улсын начин Эрдэнэбат ах маань “Дүү нар минь ухамсартай бай” гэж захьдаг. Ах маань хааяа Туул голын эргээр цэвэрлэгээ хийдэг юм. Бид түүний зөвлөгөөг их сонссдог учраас хөдөө гадаа явахдаа идэж уусан бүхнийхээ хайрцаг сав, уутыг хаяхгүй аваад явдаг. Хог таарвал цэвэрлээд явахыг хичээдэг.
-Монголчуудын бахархал, үлгэр дууриал болсон бөхчүүд маань байгаль дэлхийдээ ээлтэй байхыг сурталчилан таниулж явдагт талархаж байна. Эх байгалиа, хүн хүнээ хайрлах сэтгэл, бэлчээр нутаг мал сүргээ хамгаалах ухаан гэдэг их чухал.
-Тэгэлгүй яахав. Бөх хүн монголчуудын өв соёлыг тээгч шүү дээ. Наадамд барилдахад нутгийнх нь уул ус хамт ирдэг гэж ярьдаг. Тэр утгаараа бөх хүн байгальтайгаа салшгүй холбоотой гэж би боддог. Уул овоондоо залбирч мөргөж явдаг. Тиймээс хээр хөдөө явж байгаа хүмүүс хамаагүй хог хаяад баймааргүй байна. Одоо хотод ч гэсэн цонхооороо тамхиныхаа ишийг гаргаад хаядаг. Энэ их муухай зуршил. Хүн бүр дор дороо ухамсартай байвал энэ бидний хийж чадах л зүйл. Ямар том хад чулуу хөдөлгө гээд байгаа биш. Өөрийнхөө хогийг л авч яваад хаячихдаг сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Миний эх орон, бидний эх нутаг. Амьдрах орчноо бид л хайрлаж хамгаалах учиртай шүү дээ.
-Хүмүүс байгаль дэлхийгээ хайрлахгүй байгаа жишээ олон бий. Магадгүй таны хүүхэд насаа өнгөрүүлсэн нутаг орон одоо хэр өөрчлөгдсөн бол. Дурсамжаасаа хуваалцаач?
-Намайг жаахан байхад манай сумын урдуур Харзан тархи гээд дээрээ горхитой, доороо булагтай гол урсдаг байсан. Тэнд коньки хөлөглөөд л яваад очдог байлаа. Мэдээж одоо цагийнх шиг гоё биш л дээ. Эсгий гуталны уланд холбоотой. Тэндээсээ байгалийн ус авч хүнсэндээ ч хэрэглэдэг байсан. Харин одоо сумандаа очиход Харзан тархи ширгээд цөл болчихсон байна. Нэг очиход овоог нь шатаагаад хаячихсан байсан. Овоо нь буруутай байсан юм уу, мэдэхгүй юм. Одоо овоо ч үгүй, булаг ч үгүй боллоо. Доошоо жаахан явахад Нүхтийн гол жаахан л урсаж байна. Үр хүүхэдтэйгээ нутаг орондоо очихоороо “Би энд ингэж байсан” гээд ярихаар хүүхэд маань “Та худлаа яриад байна. Хаана байна тэр гол горхи нь” гэхээр л болчихлоо. Үнэндээ цөлжиж байгаагийн л илрэл. Үлийн цагаан оготно зөндөө болсон байна. Үлийн цагаан оготныг устгах ажилд нутгийн удирдлагууд нь анхааралдаа авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь санаа зовоод Засаг даргадаа хэлж үзсэн юм. Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Сарлаг наадам”ын сарлаг бугуйлдаж, морьтой наадамд ирсэн хүмүүс их байсан нь их сайхан санагдсан. Хүмүүс мориор наадам үзэхээ больсон. Тэнд морьтой хүмүүс ирсэн нь их сайхан санагдсан. Жаахан байхад овооны наадамд мориныхоо дэлийг засаж аваад ахтайгаа сундлаад л явдаг байсан. Харин одоо хүмүүс хятад мотоциклтой л их явдаг болж.
-Монгол хүн монголоороо байх нь сайхан юм даа?
-Мэдээж тийм. Эх дэлхийтэйгээ дасан зохицож, үеийн үед энэ нутаг орондоо эзэн нь болж үлдэж, чадсаны гол нууц бол монгол хүн монголоороо байсанд л учир нь бий. Монголоороо байх сайхан шүү дээ. Хөдөө ааруул ээзгий идэж, таван хошуу малаа маллаж өссөн. Гэтэл одоо хотын хүүүхдүүд хонь ямаагаа ч ялгахгүй шахам байна. Хүүхдийг багаас нь мал таниулж, малын дөртэй болгох хэрэгтэй. Хотод байдаг хүүхэд хөдөө очихоор малаас айдаг тохиолдол ч олон бий. Фейсбүүкээр харахаар “монгол” минь байхгүй болоод байгаа мэт харагддаг. Хойч үедээ үзүүлэх юмтай, үлгэр дууриалтай л амьдармаар байна. Тэгж байж л бид байгаль дэлхийгээ илүү их хайрлаж хамгаална. Монгол минь монголооороо үлдэнэ. Бага насны минь дурсамжинд Сангийн далай минь ойрхон байдаг. Багадаа Сангийн далай руу ах нарыг дагаж оторт явна. Нутгийн ах нартай сайхан амраад тарвага зурам хөөсөн шиг олон өдөр хамт байдаг байлаа. Өвөөтэйгээ хонинд их явна. Нэг өдөр цайгаа эрт уугаад дуусчихсан. Ам цангаад “Өвөө би далайн уснаас ууя” гэсэн чинь давстай ус ууж болохгүй гэхээр нь гуйж байгаад уусан чинь элстэй, хужиртай ус ууж билээ. Өвөөтэйгээ хамт байсан тэр дурсамж санаанаас минь гардаггүй юм. Хүний хүүхэд насны дурсамж их сайхан юм даа. Харин тэгтэл Сангийн далайн ус жилээс жилд багасаад маш жаахан болсон байна лээ. Бороо хур ороод байгаа ч ус ховордоод байна.
–Бидний хүүхэд нас аз жаргалтай сэтгэл тайван байж. Магадгүй байгаль дэдлхий минь илүү амар амгалан байсан юм болов уу?
-Тийм шүү. Одоо хүүхдүүддээ үзүүлэх гэхээр энд ийм юм байсан гэж ярьж чадахаас үзүүлэх зүйл бага л болчихоод байна. Арай л хурдан өөрчлөгдөөд байх шиг санагддаг. Дэлхийн өөрийн явц өөрчлөлтийг бид яаж ч чадахгүй гэлээ өөрөөсөө шалтгаалах чадах юм аа хийж хугацааг нь ядаж уртасгах боломж бидэнд бий. Өнөөдөр би үр хүүхэддээ хамаг анхаарал хайр халамжаа зориулж байна. Түүн шиг үр хүүхэд минь өөрийнхөө хүүхдэд бүхнээ зориулах учиртай. Ач зээ нар минь ямар байгальтай, ямар нийгэмд үлдэх вэ л гэдэгт өнөөдөр анхаарах хэрэгтэй байна. Хүн бүр дор бүрдээ л ухамсартайгаар амьдралаа зөв залаад явбал болохгүй, бүтэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй санагдана.
-Бид сайхан монгол ухаан, уламжлал, ёс заншлаа алдаад л байх шиг. Хүмүүст хандаж хэлэг үг?
-Хүмүүс хоорондын харилцаа л их онцгүй болж байгаа харагдах юм. Ялангуяа интернэт цахим орчинд илүү их харагдаж байна. Хүмүүс нэгнийгээ их муухайгаар бодож, хэлж, бичдэг болсон байна. Цахим орчинг их буруу ашиглаж байна. Хүүхэд залуучууд минь цахим орчинд хамтдаа аялж байгаа. Тэд томчуудын үг хэл, харилцаа хандлагыг харж, суралцаж байгаа. Энэ бүхнийг анхаарч ухаалаг харилцаа үүсгэж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсэж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажил амьдралд аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье.