Габриэлла Спирли тэргүүтэй ШХА-ийн удирдлагууд Ч.Улаан сайдтай уулзав
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриэлла Спирли Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Габриэлла Спирли “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн зорилго, хамрах хүрээ, шинэ санаачилгын талаар танилцуулсан. Монгол Улсын 18 аймгийн 80 мянган малчин өрхийг хамруулан хэрэгжүүлж буй уг төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малчдыг тогтмол орлоготой болгоход чиглэж байна. Төслийн хүрээнд бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хоёр удаагийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад манай улс бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх нь зүйтэй гэдэг нь нотлогдсон бөгөөд малчдад ч бэлчээр талхлагдаж байгаа нь эргээд тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг ойлгох болсон.
Тиймээс ч төслөөс орон нутгийн удирдлага, малчин айл өрх, иргэдтэй хамтран аймаг, сумын бэлчээр ашиглалтын журам, бэлчээр ашиглалтын гэрээг боловсруулан хэрэгжүүлж, малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулж, бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг байгуулан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн зарим сумын малчид өөрсдөө бэлчээр ашигласны төлбөр гэж хуримтлуулан, сумын эрсдэлийн сан үүсгэн, түүнийгээ эргээд доройтсон бэлчээрээ сэргээхэд зарцуулах санаачилга хүртэл гаргаад байна.
Ийнхүү төслөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин өрхийн идэвх оролцоо нь тодорхой үр дүнд хүргэж байгаа ч бэлчээрийг зохистой ашиглах талаар хууль эрх зүйн орчин бий болгох зайлшгүй шаардлага бий. Энэ ч үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, нийслэл, орон нутагт олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, нийтийн дэмжлэг аваад байна. Уг хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-аар оруулж батлуулахад хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарын хөгжлийн агентлагийн захирал Габриэлла Спирли ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд уламжлав.
Швейцарын хөгжлийн агентлаг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж батлуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн бөгөөд дагалдах журам, эрх зүйн актыг гаргахад тус агентлагаас нэмэлт санхүүжилт олгож, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарч байгаа юм. Түүнчлэн “Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны систем” төслийг Монгол Улсын зарим аймагт амжилттай туршин хэрэгжүүлж байгаа. Мөн сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2018-2021 онд хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрнө гэж хамтын ажиллагааны стратегиа тодорхойлсон. Энэ бүхэн нь Швейцарь Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго, чиглэлийг тодотгосон, цаашид хамтарч ажиллах өргөн боломж байгааг харуулсан бодит ажлууд болсон гэж үзэж байгаагаа тус агентлагийн захирал Габриэлла Спирли нэмж хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан түүний өгсөн мэдээлэл, байр суурийг сонсоод, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагын хүчин чармайлт, үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Ойрын гурван жилд Монгол Улстай хамтарч ажиллах стратегийн төлөвлөгөөндөө хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт гэсэн чиглэлүүдийг оруулж, санаа авахуйц олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрүүлжүүлэх бодлого баримтлан ажилласнаар үндэсний боловсруулах үйлдвэрүүд түүхий эдтэй болж, малчдын бүтээмж дээшлэн, бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэ өсөх, улмаар экспорт нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэв.
Талууд одоогийн хамтын ажиллагаагаа бататган бэхжүүлж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бий гэдэг дээр санал нэгдлээ.