Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр Америкт бэлчээрийн чиглэлээр суралцдаг оюутнууд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцлаа. Тэд бие даасан судалгааны ажлыг хийдэг бөгөөд судалгааны явцад монгол айлд амьдарч, малчдын амьдрал ахуйтай танилцаж, бэлчээрийн асуудлыг хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулдаг байна.
Манай улсад гурван сарын хугацаатай ирсэн америк оюутнууд Баянхонгор аймгийн Галуут суманд малчин айлд судалгааны ажлаа хийсэн аж. Оюутнууд хэлэхдээ “Бид АНУ-д байхдаа гадаадийн хэвлэлүүдээс л Монголын тухай мэдээлэл авсан. Өөрсдөө Монголд ирээд харахад огт өөр. Олон өнцгөөс нь харахад асуудлууд ихтэй. Хот хөдөө өөр өөрийн гэсэн тусдаа асуудалтай гэж харагдсан. Судалгааны хувьд ажил маань дөнгөж л эхэлж байна. Бидний хувьд бэлчээрийн асуудлаар судалгаа хийхэд МБАНХ-ны үйл ажиллагаа, хийж байгаа ажлынх нь талаар танилцах нь чухал байсан тул ирлээ. Бэлчээр гэдэг дэлхийн асуудал, нөгөө талаар ирээдүйд хүмүүсийн хүнсний хангамжтай холбоотой. Тиймээс энэ чиглэлээр дэлхийн улс орнуудад судалгаа хийж, харьцуулалт хийж явна” гэлээ.
Америк оюутнуудад МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Монгол орны 18 аймаг, 180 суманд үйл ажиллагаа явуулдаг, 80 мянга гаруй гишүүдтэй. Монголын малчдын дээвэр байгууллага болж, орон нутагт бэлчээрийн менежментийг сайжуулахад чиглэсэн ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж, МБАНХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Уг мэдээллийн дараа америк оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Баг сумын удирдлагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ. Ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилтэй асуудал гардаг уу?
-Мэдээж орон нутгийн удирдлагуудыг Бэлчээрийн менежмэнтийн ажилд оролцуулахгүй бол бидний ажил урагш ахихгүй. Тиймээс бид сумдад Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийг байгуулдаг. Уг ажлын хэсэгт тухайн сумын багийн дарга нар, сумын Тамгын газрын бэлчээрийн мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөлүүд багтана. Ажлын хэсэг бүрдсэнээр сумынхаа бэлчээрийн менежментийн ажлыг хариуцан явуулдаг. Тэгээд сумынхаа бэлчээрийн төлөв байдлыг тогтоодог орчин үеийн арга зүйг тэдэнд эзэмшүүлдэг.
-Нэг багт хамаатнууд дангаараа байдаг уу, эсвэл зүгээр л тухайн газар амьдардаг хүмүүс байх уу?
-Ихэвчлэн бэлчээр нь дундаа малчид байдаг. Зарим нь хамаатан байна, зарим нь биш. Гол нь тухайн нутаг орондоо бэлчээрээ нэг болгосон л хүмүүс. Монголын уламжлалт зохион байгуулалт л даа.
-Орон нутагтай хамтран ажиллах хамтын ажиллагаанд нь нам улс төрийн үзэл бодлоос үүдсэн түвэгтэй асуудал гардаг уу?
-Сум багийн бэлчээр ашиглагчдын хэсгийн хувьд ер нь тийм асуудал байхгүй. Учир нь малчдын бэлчээрийн нөөц нэг учраас бүгдэд нь хамаатай. Тийм учраас бүгд нэгддэг, хамтдаа байж асуудалд шударга ханддаг.