card

Дэлхийн банкны төлөөлөл МБАНХ-той хамтран ажиллах талаар санал солилцов

Дэлхийн банкны төлөөлөгчид “Уур амьсгал, гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд манай улсад ажиллах хугацаандаа Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонд хүрэлцэн ирж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтад МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, мэргэжилтэн С.Сүмжидмаа, АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны мэргэжилтэн Фелип Флорес, Дэлхийн банкны зөвлөх, Усны мэдээллийн системийн ахлах зөвлөх Ус зүйч, цаг уурч Марк Хеггли, “Holistic Consulting” байгууллагын ерөнхийлөгч, Доктор проффессор Н.Баттогтох нар оролцов.

Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт мал сүрэг, бэлчээрийн даац, газар тариалангийн ургацын гарцад хэрхэн нөлөөлж байгааг судалж, цаг уурын мэдээллийг малчид, газар тариаланчдад яаж түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх тал дээр Монголчуудтай хамтран ажиллахыг зорьж байгаа аж. Дэлхийн банкны төлөөлөгчид Монголын малчид тариаланчид цаг агаарын мэдээллийг ямар арга замаар мэдэж авдаг талаар тодруулсан бөгөөд радио, телевизээр өдөр тутмын, ойрын өдрүүдийн, сарын төлөв байдлыг сонсож, халуун хүйтэн байх, салхи шуурга аадар бороо орох талаар мэдэж авдаг хэмээн Н.Ганхуяг дарга онцолсон.

Цаг агаарын мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх аргыг илүү сайжруулах зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангах боломжтой гэдгийг МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдэгдсэн. Ингэснээр цаг агаарын мэдээллийг хэрэглэгчдэд илүү нарийвчлалтай буюу тухайн аймаг сумын цаг агаарын төлөв байдлыг  орох хур тунадасны хэмжээтэй нь харьцуулж, бэлчээр нутаг, газрын хөрсөнд ямар нөлөө үзүүлэх, өвс ургамлын гарц яаж өөрчлөгдөх талаар илүү нарийн мэдээлэлтэй болох боломжтой болох юм.