Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтын үеэр Өвөрмонгол малчин айлын төлөөлөл ӨМӨЗО-ны Зүүн Сөнөд хошууны малчин Т.Өлзийбаярын гэрт зочилж очсон бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Төгсбуяны Өлзийбаяр гэдэг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны малчин, бизнесмэн хүн. Манай “Хамт хоршоо” 250 гаруй өрхтэй. Хэрэглэгчдийн амьдралын хэрэгцээ шаардлагад тааруулаад малын мах, цагаан идээ зэрэг хэрэгцээтэй бүхнийг борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлж явна. Манай хоршооны “Хамт” үйлчилгээний төв нь Хөх хотод гол сууриа болгоод Өвөр Монголын хошуу бүрт салбартай. Энэ төвдөө малчдын амьдралд нэн түрүүн шаардагдах хэрэгцээтэй бүхнийг худалдан борлуулдаг. Шаардлагатай бол хийнэ. Эм эмнэлгийн бүтээгдэхүүн ч худалдаалдаг.
Магадгүй заримдаа надад байхгүй юм чамд байна. Чамд байхгүй юм надад байна. Энэ хоёрын хооронд нь гүүр болно. Малчдаас сүү цагаан идээг авч бүтээгдэхүүн болгоод дэлгүүрийнхээ лангуун дээр тавьж борлуулна. Малчдын орлого нэмэгдэнэ. БНХАУ-ын Шанхай, Гуанжу, Бээжин зэрэг хотуудад “Хамт” нэрийн дэлгүүр, хоолон гэр, үйлчилгээний төвүүдтэй болж, амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Бид “Хамт” хоршоог хамтдаа хоршиж, цугтаа хийе гэдэг зорилгоор байгуулсан.
Бидний суурь бол малчид. Тодруулбал, миний хариуцсан 300 өрх, өөр хүний хариуцсан 300 өрх, бас нэгний хариуцсан 300 өрх гээд байна. Бид аймаг хошуу тус бүрээс хоршоогоо хариуцсан над шиг хүмүүс малчдынхаа гүүр болж, “Хамт” хоршооныхоо үйл ажиллагааг явуулдаг. Манай “Хамт” хоршоонд 100 гаруй компани, хувийн аж ахуйтан нэгдсэн.
-“Хамт” хоршооны санхүүгээ батжуулахад нэг өрхөөс хичнээн төгрөг авдаг юм бэ?
-Нэг айл хонь хургаа зах дэлгүүрт хувиараа борлууллаа гэхэд тэр газрын л ханшаар борлуулна. Магадгүй бүр багаар ч зарж борлуулж магадгүй. Зах дэлгүүрээс гадна хэн нэгэн арилжаачин /ченж/ гэрт нь ирээд үнэ ханш тогтоодог. Харин хоршсоноор малчид гадаад зах зээлд худалдаалах үнээ өөрсдөө тогтоодог. Яаж гэвэл, жишээ нь танай 300 хонь, тэдний 300 хонь, өөр хэн нэгний 300 хонь гээд 900 хонь боллоо. Тэгээд малчид хонины махыг худалдаалах ханшыг тогтооно. Хоршсоноор малчид нэгд, мөнгөтэй болно. Хоёрт, аж ахуйн суурь бүрдэнэ. Ямар нэгэн юм хийнэ гэхэд бөөнөөрөө хамжаад хийчихнэ.
Хятадын нэг зүйр үг бий. “Гурван хүн нийлснээр нэг мэргэн ухаан болно” гэдэг. Тэгэхээр манай малчид нэгдэхэд маш их ухаан гарч ирнэ. Гурван өрх байлаа гэхэд зөв хоршвол илүү үр ашигтай хөдөлмөрлөх хүч гарч ирнэ. Жишээ нь, “За чи хонио маллачих” гээд хоньтой айлдаа хэлнэ “За чи үхрээ маллачих” гээд дараагийн үхэртэй айлдаа хэлнэ. Тэгээд илүү гарсан гуравдахь хүн нь гадагшаа явж зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад анхаарна. Цагаан идээгээ борлуулж, махаа зарна. Хэрвээ гурван айл хамтраагүй бол чи өөрийнхөө хонийг хариулна, чи өөрийнхөө үхрээ усална. Үнэндээ чи өдөртөө хаана ч хүрэхгүй их ажилтай, ямар ч завгүй амьдарна.
Харин малчид хоршсоноор малаа хариулж, тариагаа тарьж, зах зээлд борлуулалт хийх гээд бүхий л асуудлыг зөв шийдэж болдог. Гол нь зүгээр л сууж болохгүй. Ер нь малчин хүн гэдэг бэлчээр нутгаа хамгаалагч, байгалаа хайрлагч, монгол соёлыг дэлгэрүүлэгч. Нэн ялангуяа малчин бүсгүй хүнээс, тулгаа тойрсон тэр бодол монгол ухаанаас урган гарч ирдэг. Тийм болохоор энэ бүхнийг үлдээж, амь, ахуйгаа хамгаалах гэж чармайж явна.
Хамгийн гол нь хоршоог бид өөрсдийн хүчээр босгосон. Мөнгөтэй болоод ирэхээр ажлыг хачин амархан шийдэж болдог. Харин бидний хувьд 5-7 айл нэгдээд энэ асуудлыг маш амархан бүтээсэн. Тодруулбал, нэгдсэн айлуудаас тодорхой тооны малыг нийлүүлж мөнгө болгоно. Тухайн жилдээ нэг айлаа дор нь баян айл болгож болно. “Чи энэ мөнгөөр нэг сайн босоод ир” гэдэг. Ингэснээр хэдэн жилээр хичээж, амьдрах аргаа олох гэж чармайдаг бол нэг л жилд босоод ирнэ. Тэгээд амьдрал боломжийн болчихсон хүмүүс нь бусаддаа туслана.
Амьдралын аар саар асуудалд санаа зовохгүй амьдрана. Ингээд бодвол олон арга бий. Ямар ч юмыг бодоход айхтар ухаанаар ажил урагшладаггүй. Амьдрал хэцүү байна гээд хөмсөг зангидаж, амьдралдаа, биедээ дарамт өгч амьдрах хэрэггүй. Түүний оронд гурван айлын ашиг орлогоор нэг айлыг босгоход дор нь чинээлэг өрх болно. Гурван жилд 3 өрх гээд гурав, гурваараа явахад их амархан босоод ирнэ. Хоршоод ирэхээр аяндаа бэлэн мөнгө гар дээр ороод ирнэ. Түүгээр асуудлыг хачин амархан шийдэж болдог.
Ийм зарчмаар ажилласаар яваандаа хоршооны гишүүд итгэл батжиж, нэг өрх жилд 300 хонины худалдаа хийлээ гэхэд түүнийхээ 100-200 хонины мөнгийг үлдээдэг болсон. Тэр мөнгийг нь бид жилийн туршид эргэлдүүлдэг. Мөнгөний өсөлт биднийг гаднаас зээл авах шаардлагагүй болгосон. Малчид малаа бидэнд өгснөөр мөнгө нь өснө, жилийн эцэст ашиг хүртэнэ. Хэдий их мөнгө нийлүүлнэ тэр хэмжээгээр ашиг нь өгнө. Тийм болохоор малчин хүн болгон бидэнтэй хамтрах дуртай. Гэхдээ жилийн хугацаанд хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх бол бид өмнөөс нь төлчихнө. Мэдээж тооцоо данс нь тодорхой, хувийн гишүүнчлэлийн картанд нь орж байдаг.
Малчдын гар дээр 10 зоос байвал үхмэл зоос л гэсэн үг. Харин бидний гар дээр тэр 10 зоос нь байвал хэд дахин эргэлдүүлнэ. Ашиг өгнө. Бид мөнгөний төлөө ажилдаггүй. Мөнгө бидний төлөө ажилладаг системд орчихсон. Бидэнд эргэлтийн бэлэн мөнгө дутна гэж байхгүй. Бидний төсөв төлөвлөгөө тийм л мөнгөөр хэрэгждэг. Гуанжу, Шанхай зэрэг хотын махны захиалга гэхэд бидэнд 2 жилийн өмнө ирж, урьдчилж мөнгөө өгдөг. Захиалга тэр дороо явдаггүй. Бэлэн мөнгөө өгөөд хэдэн гр мах авья гэсэн ч ямар ч боломжгүй. Захиалгын дагуу махаа хүргэж өгдөг. Бид одоо махны бодлогыг барьж байна.
-Махны бодлого барьдаг гэж байна. Малчин хүн малаа өсгөөд түүнийгээ зараад амьдрах биш улс орны хэмжээний хүнсний бодлогын гол цөм гэсэн үг үү?
-Тийм. Би 16 жилийн өмнө том хотуудад айлын хаалга тогшоод “Бүтэн мах авах уу” гээд явдаг байсан. Харин одоо хүмүүсийн хэрэглээнд нь тохируулан өдөр, өдрөөр нь буюу 200-300 гр аар нь үдийн хоол, оройн хоолны махыг нь аваачиж өгдөг болсон. Мах хүргэлтээр явдаг нутгийн оюутан залуучууд ажилтай болж, сургалтын төлбөрөө олчихож байна. Нэг хонийг хуваагаад арван айлд өгөхөд 10 хүн ажилтай болчихно. Ийм л ухаанаар бид ажиллаж байна.
Сөнөд хошууны “Хамт” хоршоо гэхэд үндсэн 10 ажилтантай. Сарын цалин нь монгол мөнгөөр 4 сая орчим төгрөгийн цалинтай. Үндсэн цалин нь 2 сая, 7 хоногоор шагналыг нь өгөөд явчихна. Нэг ажилтан 3 хүний ажил хийдэг учраас ачаалалтай бас хариуцлагатай хөдөлмөрлөдөг.
Хамтарч хорших ухааныг бид санаанаасаа зохиогоогүй. Чингис хааны бодлогод аравтын дарга гэдгийг гаргаж ирсэн. Бид одоо тэр аргыг л ашиглаж байна. Аравтын дарга аравтаа харуицаж, Зуутын дарга нь тэднийг хариуцдаг тэр сайхан уламжлалыг мартчихсан байна. Тэр бол манай өвөг дээдсийнс хэдэн мянган жилээр мөрдөж ирсэн арга. Тэр бидэнд таарсан арга.
Он цагаар нь тооцвол хэдэн зууны наана цаана гэж харж бид адилхан монгол хүн. Монгол хүн өвөл яаж амьдардаг, хавар нь, зун нь, намар нь яаж амьдардаг вэ гэдэг нь ч ижил. Өвөг дээдэс минь тэгээд амьдарч болно гэдгийг заачихсан байхад өнөөдөр бид тэрийг нь сонсохгүй, тоохгүй өөрсдийн замаар явж байна. Одоо харин хуучин өвөг дээдсийнхээ хэлж захисан уламжлалт замыг сонгосноор бид зөв гэдгийг нь мэдэрч байна.
-Хүний амьдралын тойрог эргэсээр өвөг дээдсийн хэлсэн сургасан нь хамгийн зөв гэдгийг ухаарчээ?
-Тийм. 60 хүрч ухаараад 61 хүрээд үхдэг гэдэг дээ. Муу бодол муу хүн гэж байхгүй. Хүн өөрийн биедээ дайсан болоод өөртөө хэмжүүр тогтоогоод байдаг. Энэ сайн хүн, энэ муу хүн, энэ сайн зүйл, энэ муу зүйл гэж хүн өөрөө бодож тогтоодог. Хүнийг ээж нь төрүүлэхдээ, аав нь хайрлахдаа миний хүү муу хүн болоорой гэж хэзээ ч бодохгүй. Тэгж боддог хүн энэ дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн хүний харьцаа, бие биенээ ойлгож дийлэхгүй нөхцөлд ороход тэр сайн хүн, тэр хүн муу болоод явчихдаг.
Хүний зан араншин ямар ч байж болно. Нарийн харамч байж болно, харгис хатуу зантай байж болно. Тэр бүхнийг сайхан аялуулж зохицуулж болно. Тэгэхийн тулд хүмүүстэй харилцахдаа хамгийн түрүүнд сэтгэлийн талаасаа хамтарч хоршиж нэгдсэний дараа ажил үйлсээ хоршиж хийх хэрэгтэй. Ямар нэгэн хүнтэй үг таарахгүй, сэтгэл таарахгүй бол хэцүү. Сэтгэл байж хоршино. Эхлээд сэтгэлээ дэлгээд яриад “За болно” гэж зан авираа авсаны дараа аж ахуйгаа нэгтгэчихэд зорьсон ажил их энгийн болчихож байна.
Зүв зүгээр зах дэлгүүрт юм үзэж зогссон хүн дээр очоод хоршино, нийлнэ, хамтрана гэвэл бүтэхгүй. Хэн хэнийгээ мэдэхгүй, танихгүй байж яаж хорших билээ. Өнөөдөр монголчууд та бүхэн манай улсад ирсэн байна. Тэгээд манай энд ийм байна, танайд ийм байна гээд харилцан сэтгэлээ ойлголцож байна. Надаас авах юм юу байна, би чамаас авах юм байна гээд сэтгэлээ ойлголцож байна. Та бид ялгаагүй нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй маш том зүйлийг авчихаад явж байна гэсэн үг. Ганцхан удаагийн уулзалтаас та бүхэн их юм олчихсон байгаа, би ч бас ихийг олж авсан. Тэрийг зоос мөнгөөр үнэлж дийлэхгүй. Зоос мөнгөөр үнэлвэл хичнээн сая төгрөгийн юм олчихсон байгаа. Тийм л байдаг.
-Монголоос анх удаа малчин хүмүүс та бүхнийг зорьж ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тун баяртай байна. Халх монгол, өвөр монгол гэж ялгаж салгаж их ярьдаг юм билээ. Тэр нь буруу үзэгдэл, буруу ухаан. Бүгд л адилхан монгол туургатан. Мал маллаж л амьдардаг. Ялгаа нь хоёр улс гэдэгтээ л байгаа. 20 улс ч бай хамаагүй бид хаашдаа л Монгол хүмүүс. Малтай, нутагтай тийм л хүмүүс. Тийм болохоор хэн хэнээсээ нуумаар, ичмээр зүйл байхгүй адилхан л буянт малынхаа ашиг шимээр амьдардаг хүмүүс. Хүн надаас юу хүснэ, түүнд мэдсэн сурсан бүхнийг ярьж хэлж зааж өгнө. Тэр нь миний хүн болсны утга учир. Тиймээс биднийг зорин ирсэн зочиддоо талархаж байна.
П.Нарандэлгэр