МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ФОРУМ
“НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИД”
2019 оны 08-р сарын 11,
Ховд хот
Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийг байгаль цаг уурын өөрчлөлтийг дагасан хариуцлагатай, ухаалаг хэрэглээний эрэлт хэрэгцээнд уялдуулан хөтлөх орон нутаг дахь бүтэц, түүний чадавхи, санал санаачлага, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд Бэлчээрийн үндэсний гуравдугаар форумын зорилго оршиж байна.
Монгол орны бэлчээрийн үндэсний 2 дахь тайланд дурьдсанаар доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, нутгийн зарим хэсэгт бага зэрэг буурсан нь Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн мөн.
Мөн түүнчлэн доройтсон бэлчээрийн доройтлын зэрэглэл нэмэгдсэн, өөрөөр хэлбэл, хүчтэй доройтож байгалийн аясаар сэргэх чадавхиа алдах эрсдэлтэй түвшинд хүрсэн бэлчээрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь монгол хүн нэг бүрийн анхаарах, оролцоогоо нэмэгдүүлэх, хамтрахад цаг алдах эрхгүй болохыг анхааруулсан дохио юм.
Тиймээс бэлчээр нутгийнхаа эзэд нь болох малчиддаа бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, МАА-н үйлдвэрлэлийг бэлчээрийн нөөц чадавхид тохируулан хөтлөх сайн туршлагаа солилцох замаар сайн туршлагын хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бий болгох зорилгоор энэ удаагийн форумыг малчиддаа ойрхон, Ховд хотноо зохион байгуулах шийдвэр гарсан байна.
Одоогоос арав гаруй жилийн өмнөөс дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хамтын зохион байгуулалтад орж бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг (БАХ) байгуулах болсноор өнөөгийн малчдын байгууллагын эхлэл суурь тавигдсан байна. Улмаар сум аймгийн түвшинд бэлчээр ашиглагчдын холбоод (СБАХ) байгуулагдан маркетингийн болон хадгаламж зээлийн хоршоодын харилцан уялдаатай бүтэц бий болж хөгжиж ирсэн байна.
Шинэ хэлбэрийн малчдын байгууллагууд төлөвшиснөөр бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, МАА-н үйлдвэрлэлийн арга ажиллагааг шинэчлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд тодорхой үүрэгтэй оролцож төрийн байгууллагатай харилцан уялдаатай хамтран ажиллаж байгаа сайн туршлагууд бий болсон байна.
Бэлчээр ашиглах журмыг Баянхонгор, Завхан зэрэг аймгуудаас улбаалан нэвтрүүлж эхэлснээр бэлчээрийн даац, сүргийн менежментийн төлөвлөлт мэдэгдэхүйц сайжирж малчид бэлчээртээ хөрөнгө оруулах нөхцөл бүрдэж эхэлсэн байна.
Бэлчээрийн чиглэлээр төсвөөс, ОНХ-аас хийгдсэн хөрөнгө оруулалт 3 дахин, малчдын оруулах хувь 10 дахин нэмэгдсэн ба 2017 онтой харьцуулахад малчид болон орон нутгийн төсөв, ОНХ-аас хийгдсэн хөрөнгө оруулалт 167 сая төгрөг байснаа 2018 онд 587,0 сая төгрөг болж өссөн байна. Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор болон бусад аймгийн хэмжээнд малчдын 380 гаруй бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг 4 улирлын бэлчээрээ зохистой ашиглахаар сумын Засаг даргатай байгуулсан гэрээгээ газрын улсын санд бүртгүүлснээр тэдний уламжлалт эрх баталгаажиж илүү хариуцлагатай ашиглах нөхцөл бүрдсэн байна.
Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, сүргийн зөв бүтэцтэй байх, малын эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь хийх, чанартай түүхий эд, малыг бэлтгэн нийлүүлэх зэргээр үүрэг хүлээж сумын ЗД, ИТХ, СБАХ-тай хариуцлагын гэрээ байгуулж хэрэгжүүлж байгаа малчдад хүү багатай, урт хугацаатай зээлийн “Ногоон-Бэлчээр” төслийг ХАС банк нийгмийн хариуцлагын хүрээндээ Ховд аймагт хэрэгжүүлж эхэлсэн байна. Баруун болон төвийн бүсийн 75 хоршооны жилийн нийт борлуулалтын орлого 11,9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос 57% өсч 250,0 сая төгрөгийн ноогдол ашиг гишүүддээ хуваарилсан байна. Хоршоод нийт самнасан хөөвөр, торомны ноосны 80 хувийг нийлүүлж сарлагтай малчид 1,7 тэрбум төгрөгийн нэмүү орлого олсон байна.
Энэ удаагийн форум анх удаа хөдөө орон нутагт буюу Монгол орны баруун бүсийн тулгуур төв Ховд хотод зохион байгуулагдаж байгаа ба оролцогчдын дийлэнх нь МАА-н үйлдвэрлэл эрхлэгч залуу малчид болон бүх аймгуудын бэлчээр ашиглагчдын төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байгаагаараа онцлогтой болж байна.
Форумын үеэр 5 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна. Үүнд: 1) Малын эрүүл мэндийн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа туршлага, үр дүн, сургамжаас, 2) “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт” Баянхонгор аймгийн санаачлага, түүний хэрэгжилтийн талаар, 3) “Ногоон зээл-Хариуцлагатай малчин” хөнгөлөлттэй зээлийн тухай, 4) Малчны байгууллагын хөгжил-10 жилд, 5) Баруун бүс нутгийн ургамалжилтын судалгааны дүн.
Улмаар бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй “Хариуцлагатай малчид” туршлагаасаа танилцуулж ханан илтгэл хэлэлцүүлэх ба “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь зохистой ашиглалтын үндэс мөн” сэдэвт залуу малчдад зориулсан ургамал таних тэмцээн зохион байгуулагдаж “Бэлчээр нутгаа дээдлэгч хариуцлагатай малчид” манлайлагчдыг тодруулах, шагнах ёслолын үйл ажиллагаа явагдана.
Зохион байгуулагчид:
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- Ховд аймгийн ИТХ
- Ховд аймгийн ЗДТГ
- Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо
- Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл
- Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо