Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог кино компанийн хамтран бүтээсэн Тэсийн Голын Монголчууд кино олон улсын кино фестивальд шалгарлаа. Тодруулбал, Дэлхийн улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой Perspectives on pastoralism буюу Мал аж ахуйн чиг хандлага нэртэй олон улсын кино фестивальд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог Кино компанийн хамтын бүтээл “Тэсийн Голын Монголчууд” кино шалгарчээ.
Тус кино фестивальд дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчдийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлдсөнөөс Тэсийн Голын Монголчууд киноны зураг авалтыг маш өндөр түвшинд хийсэн хэмээн шүүгчид онцолсон байна.
Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулагдах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм.
Тус кинонд Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумд, Монгол, Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгадаг. Голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан болох Тэсийн голынхон аж төрөн суудаг бөгөөд нутгийн иргэдийн бурхнаас заяасан сайхан нутагтаа аз жаргалтай амьдран сууж ирсэн. Нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан мал аж ахуйгаа адгуулан ирсэн уламжлалыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харьцуулан харуулсан билээ.
Тэсийн голын Монголчууд киног бүрэн эхээр нь үзнэ үү.