МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ III ФОРУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

“НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИД”

 МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ III ФОРУМААС

ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

 

2019 оны 8 дугаар сарын 11                                                                                                Ховд хот


Ховд аймгийн төв Ховд хотноо “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохион байгуулагдсан Монгол орны бэлчээрийн үндэсний III форумд 18 аймаг 156 сумын малчид, малчдын хэсэг бүлгийн төлөөлөл, аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 500 гаруй хүн оролцлоо.

Монгол орны бэлчээрийн үндэсний III форумын үндсэн илтгэлүүдтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг тусгасан бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр дараах зөвлөмжийг төр, төрийн бус байгууллага малчид, иргэддээ хүргүүлж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар,  ХХААХҮЯаманд хандан:

  1. Бэлчээрийн ашиглалтыг зохицуулах хууль тогтоомжийн төсөлд “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” Монгол орны бэлчээрийн үндэсний III форумд оролцогчдын саналыг тусган эцэслэн боловсруулж, ойрын үед шийдвэрлэх
  2. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчдын хамтын үүсгэл санаачлагаар бий болсон хэсэг бүлгийг дэмжих, бэлчээрийн менежмент дэх оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, бэлчээрийг сэргээн сайжруулахад хөрөнгө оруулах санхүүгийн болон бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах тогтвортой механизм, эрх зүйн орчныг бүрдүүлэх
  3. Малчдын хэсэг, бүлгүүдийн үйл ажиллагааг бэлчээрийн зохистой ашиглалт, мал сүргийн менежментийг сайжруулах, ХАА-н түүхий эд бүтээгдэхүүний чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглүүлэн мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, өргөжүүлэн хөгжүүлэх, чадавхжуулах
  4. Ногоон хөгжлийн төлөөх чиглэлээр малчид, төрийн болон төрийн бус байгууллагын гаргасан аливаа шинэлэг санал санаачлага, тэргүүний туршлагыг хөхиүлэн дэмжиж олны хүртээл болгон хамтран ажиллах

Нийт аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдын хурал, Засаг даргад хандан:

  1. Малчдын орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацыг тохируулах, санхүүгийн хөшүүрэг бий болгох, малчдыг хариуцлагажуулахад чиглэсэн орон нутгийн онцлогт тохирсон журам боловсруулж батлан мөрдөж ажиллах.
  2. Бэлчээр ашиглалтад оролцогч талуудыг хариуцлагжуулах, эрх үүргийг тодорхой болгохын тулд дундын бэлчээрээ хамтдаа ашиглаж ирсэн уламжлалаараа зохион байгуулагдсан малчдын хэсэг бүлэгт бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, хэрэгжилтийг жил бүр дүгнэх.
  3. Малчдын өөрсдийнх нь үүсгэл санаачлагын байгууллага болох хэсэг бүлэг, аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, бэлчээрийн менежмент дэх оролцоогоо нэмэгдүүлэх

Малчдын хэсэг бүлэг, аймаг сумын болон үндэсний бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодод хандан:

  1. Үйл ажиллагааныхаа зорилго, ач холбогдол үр өгөөжийг олон нийтэд зөв таниулан сурталчилж, хөдөөгийн малчдыг өргөнөөр хамруулж, гишүүдийнхээ тэгш оролцоо, идэвхи санаачилгыг өрнүүлж, олон нийтийг бэлчээр нутгаа хайрлан хамгаалах зохистой ашиглах үйлсэд уриалах
  2. Бэлчээр нутагтаа ээлтэй, хариуцлагатай, жам ёсны, байгаль экологийн цэвэр түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд малчдыг сургах, дадлагжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх, бүтэц, зохион байгуулалтаа улам бэхжүүлж бэлчээрийн менежментийн сайн туршлагыг дэмжин дэлгэрүүлэх.
  3. Уламжлалт МАА-н үйлдвэрлээр бий болсон нутгийн малчдын бэлтгэсэн чанартай, цэвэр түүхий эдийн бусдаас ялгарах давуу талуудыг дотоод гадаадын хэрэглэгчдэд сурталчлан таниулах, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах замаар малчдын хоршооны оролцоог нэмэгдүүлж, идэвхжүүлэх
  4. Малчдын хэсэг бүлгийн дундын мөнгөн хуримтлалыг өргөжүүлэх, нэгэнт бий болсон дундын санг түшиглэсэн хадгаламж зээлийн хоршоо байгуулах, хөгжүүлэх, малчдын эрэлт хэрэгцээг хангах, ирээдүйн боломжийг нээж өгөх.

Малчдад хандан:

  1. Бэлчээр ашиглалттай холбоотой хууль, дүрэм журам, гэрээг нийтээрээ мөрдөн ажиллаж төрөө дээдлэх, тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх гарцыг хамтран олох
  2. Бэлчээрийн даац, багтаамжинд тохируулан малынхаа тоо толгойг зохицуулан чанаржуулах, нэг малаас ашиглах бүтээгдэхүүн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг аргуудаас байнга суралцаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшүүлэх
  3. Бэлчээр ашиглалтын аливаа асуудлаа нутаг усаараа хамтран хэлэлцэж шийдвэрлэх, хэсэг бүлэг, холбоо, хоршоодын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож өөрсдийн санал бодол, эрх ашгийг илэрхийлж байх.
  4. Залуу малчдыг мал, маллагааны арга барилд сургаж дадлагажуулах, дагалдуулан сургах.
  5. МАА эрхлэн хөтлөн явуулах менежментийн арга болон санхүүгийн боловсролоо дээшлүүлэн санхүүгийн эрх чөлөөг өөрөө өөрсдөө олж авах талаар хамтран ажиллах

Бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд нутгийн иргэд, малчны амьжиргааг дээжлүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад ногоон хөгжлийн төлөөх нүүдлийн мал аж ахуйн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Монгол улсын Засгийн газарт дэвшүүлсэн Олон улсын бэлчээр ба малчдын жил бий болгох тухай НҮБ-д гаргасан саналыг бэлчээрийн үндэсний III форумд оролцогчид бид санал нэгтэй дэмжиж байна.

Ховд аймгийн залуучуудын санаачилсан 10000 мод тарих үйлсийг талархан дэмжиж “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” Монгол орны бэлчээрийн үндэсний III форумын нэрэмжит төгөл байгуулахаар хандив өргөснөө тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бэлчээр нутгаа соргог сайхнаар нь байлгаж нүүдлийн соёлоо хадгалах ариун үйлсийг хамтдаа цогцлооход Та бүхнийг уриалж байна.

Зөвлөгөөнд оролцогчид