Г.Мөнх-Эрдэнэ: “Ятгар-Уул” хоршоо 10 жилийн хугацаанд өөрийн гэсэн байртай, агуулахтай тоног төхөөрөмжтэй болсон

– Сайн байна уу та  Сайхан зусаж байна уу?

-Сайн . Сайхан зусч байна аа

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Мөнх-Эрдэнэ гэдэг Би Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн малчин Бужирын ар БАХ-ийн ахлагч

–Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би 1968 өнд айлын ууган хүү болж төрсөн. Багаасаа ээж аавдаа тусалж тугал, хурга хариулж өссөн. Тэгээд дунд сургуульд сурч 10-р ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн сургуульд 4 жил суралцаж төгсөөд Ховд аймгийн Ардын цэргийн 123-р ангид салаан захирагч албаны даргаар ажиллаж байгаад 1993 оноос хойш 26 жил тасралтгүй мал маллаж байна.

– Та мал маллаад гаргасан амжилтуудаасаа дурьдвал?

-Би мал маллах хугацаандаа 2015 онд 1015 толгой мал тоолуулж “Мянгат малчин”, 2016 онд “Сумын аварга малчин” 2017 онд “Аймгийн сайн малчин”болсон. Малынхаа хишиг буянаар сайн сайхан амьдарч л явна.

–Та олон жил  мал маллаж байгаа малчин хүний хувьд бэлчээрээ хамгаалах, зөв зохистой ашиглах талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бэлчээр бол мал аж ахуй эрхлэх үндсэн суурь нь гэж боддог. Тийм учраас малчид бид бэлчээр нутгаа хайрлан хамгаалж зөв зохистой ашиглах нь малчид бидний үндсэн үүрэг, хариуцлага гэж бодож явдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой их өслөө, бэлчээрийн даац ч ихэслээ. Бэлчээр ч их талхлагдаж байна. Тийм болохоор малчид малын тоо толгойгоо бэлчээрийн даацдаа тохируулан малаа цөөлж чанаржуулах, бэлчээрээ өнжөөж сэлгэж, хувиартай ашиглах нь чухал болоод байна. Монгол улс маань шинэ нийгэмд орсноор бусад бүх салбарын хууль эрх зүй тодорхой болоод байдаг. Харин малчдаа, бэлчээрээ нэг л орхиод байгаа юмуу даа гэж боддог.

-2009 оноос хойш “Ногоон алт” төсөл танай суманд хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн үр дүн, хэрэгжилтийн талаарх таны бодол?                                                                             

-“Ногоон алт” төсөл 2009 оноос Баянтэс суманд эхлэн хэрэгжиж эхлэхэд  би анх Бужирийн ар БАХ-ийн  ахлагчаар сонгогдож одоог хүртэл ажиллаж байна. Төсөл хэрэгжиж малчдыг хэсэг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, хамтран ажиллах нь хамгийн зөв зүйтэй ажил болсон гэж боддог.

Малчид бид хамтраад өөрсдийн эрх ашиг хамгааалах байгууллага болох “Ятгар Уул” нэртэй малчны холбоо байгуулаад  хамтраад бэлчээрээ төлөвлөж ашиглах, хадлан тэжээлээ бэлтгэх отор нүүдлээ зохион байгуулах хамтраад дундын сан байгуулах зэрэг хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад баяртай байдаг.

Бид анх зохион байгуулалтанд орох гээд явж байсныг бодоход өнөөдөр 30 гаруй сая төгрөгний дундын сантай Малчны холбоо маань өөрсдийн гэсэн байр, скалад, тоног төхөөрөмжтэй болсон байна. Биднийг дэмжиж туслаж ирсэн Швейцарын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье.

–Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт хоршоо байгуулах нь элбэг болсон Таны хувьд ямар хоршооны гишүүн бэ?           

-Манай сумд хэд хэдэн хоршоонууд байгуулагдсан Гэхдээ манай сумын бэлчээр ашиглагчдын холбоо дэргэдээ 2011 онд “Ятгар Уул малчин” гэдэг малчны хоршоо байгуулсан тэр хоршоондоо л гишүүн болсон.

Хоршооны гишүүн болохоор хоршоондоо ноос ноолуур арьс ширээ өгч байна. Тэгээд тэр төрөөс олгож байгаа урамшуулалдаа хамрагдаж зарим жил ногдол ашиг үнийн зөрүү гэж олгоод зүгээр байх юм.

Байгаль цаг агаарын ааш зан танигдахгүй энэ шинэ нийгэмд ороод 30-аад жил боллоо. Монголын маань малчин түмэн хоршиж хамтарч нэгдэж зохион байгуулалтанд орж энэ нийгэмтэй хөл нийлж алхах нь зөв юм байна. Хэзээ болтол ченж гэдэг хэдэн хүний гар харж амьдрах вэ дээ гэдгийг л хэлмээр байна даа.