Эрдэнийн Өлзийсайхан
(1977-2019)
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны салбар Сүхбаатар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Э.Өлзийсайхан нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Э.Өлзийсайхан нь Сүхбаатар аймгийн “Шимт номин тал” бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирлаар 2017 оноос хойш ажиллах хугацаандаа ШХА-ийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй 6 суманд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, малчдын хамтын байгууллагыг байгуулах, дундын сан үүсгэх, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласны үр дүнд сумын бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/ 6, бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/, бүлэг 38 байгуулагдан тус аймагт бэлчээр ашиглалтын талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мөн бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор аймгийн ХХААГ-тай хамтран “Бэлчээрийг зүй зохистой ашиглах, отор нүүдлийг зохицуулах” журмын төслийг боловсруулж аймгийнхаа малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэн нарт танилцуулж хэлэлцүүлэх, ГХБХБГ-тай хамтран бэлчээрийн фотомониторингийн судалгааг төслийн 6 суманд жил бүр хийлгүүлж хэвшүүлэн, энэ ажлын үр дүнд жил жилийн бэлчээрийн төлөв байдлыг тодорхой нэг цэгт харьцуулан үнэлэх боломж бий болгох, малчдын бүлэг, хэсэгт бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах зэрэг ажилд идэвх чармайлт гарган санаачлагатай, бусдадаа үлгэр жишээ болж ажилладаг манай тэргүүний ажилтан байсан юм.
Монгол орны үнэт баялаг “Ногоон алт” болсон бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, малчдын хамтын байгууллагыг чадавхижуулах бэхжүүлэх үйлсэд оруулсан түүнийг үнэтэй хувь нэмэр, хамт олноо манлайлагч, бүтээлч, хүмүүнлэг зан чанар нь бид бүхэнд мөнхөд дурсагдан үлдэх болно.
МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО,
ШХА-ИЙН “НОГООН АЛТ, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” ТӨСӨЛ.
2019.09.23.