/Улсын Их Хурал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнгөрөгч V дугаар сард зохион байгуулсан билээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р багийн малчин Ш.Дэгдэгилмаа МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг энэхүү захидалыг өгсөн юм. Тэрбээр Монголын эгэл жирийн малчин бөгөөд Бодлого боловсруулагчид, Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагынхан болон малчдад хандан өөрийн үзэл бодлоо уг захидлаар илэрхийлсэнийг сийрүүлэн хүргэж байна./
Сайхан Монгол орныхоо Хангай, Говь, Тал хээрийн Гурван бүс нутгаасаа Малчин түмэн олныхоо төлөөлөл болон энэхүү Малчдын Их Хурал оролцож байгаа та бүхнийхээ амрыг эрж сайн сайхны ерөөл дэвшүүлэе ээ.
Малчид бидэнд тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц шийдэл эрэлхийлэн зориг хүч хөдөлмөр хөрөнгө гаргаж энэ хуралийг зохион байгуулагчдад талархал илэрхийлэн байна.
Би өнөөдөр малчдын талаар төрөөс даруй шийдвэр гаргаж амьдралд хэрэгжүүлэх нэн шаардлагатай хэдэн санал тавихаар нутгийн ард олонтойгоо зөвшилцөн бэлтгэж ирсэн юмаа .
Малын эрүүл мэндийн асуудлыг малчид, сум орон нутгийн Мал эмнэлэг, үржлийн албанд даатгасанаар нааштай үр дүнд хүрэхгүй юм байна гэдэг цаг хугацаа амьдрал дээр харагдаж байна шүүдээ.
Малын эрүүл мэнд бэлчээр түүхий эд бэлтгэлийн асуудлаар ойрын үед Засгийн газар, Салбарын яам оновчтой асуудлаар цогц эрхийн хууль, захирамж гарган нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ёс заншил өвийг хамгаалж хойч үедээ өвлүүлэх талаар одоо л даруй арга хэмжээ авахгүй бол цаашид засахад тун төвөгтэй болно гэдгийг анхаарч ажиллахыг бид хүсч байгаа.
Түүхий эд бэлтгэлийн одоогийн шударга бус ченжийн тогтолцоонд малчид бид 27 жил дарлууллаа. Одоо нэн даруй цоо шинэ шударга үнэн цаашдаа үндэсний үйлдвэр үндэстэнээ дэмжсэн хэлбэр тогтолцоог өнөөдөр бид энд ярилцаж шийдэл хайх хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлье!
Уламжлалт нүүдлийн соёл, билгээр байгаль хамгаалахад малчин бидний үүрэг их бий. Өнөөдөр хөдөөд машин, мотоцикль олширч малаа мотоциклиор хариулдаг нь бэлчээр хомсдоход хор нөлөөтэй гэж үзэж шүүмжтэй хандаж, сэтгэл зовж явдаг хүний нэг нь би юм.
Нэг малчин өдөрт мотоциклиор 20км явж байна гэж үзвэл 8-10см өргөн дугуйн мөр гарна тэр нь дайрагдсан үндэс, хөрс, хорхой шавжийг устгана, гэмтээнэ. Моторт техникийн, морины туурай 2 аль нь байгальд хоргүй вэ? Амьд байгальд өөрт нь хэрэггүй амьд биет, хөрс, үндэс огт байхгүй гэдгийг хатуу санаж малчид бид өөрсдөө техникээс аль болох татгалзаж ердийн хөсөг, морь, тэмээгээрээ малаа хариулж байх юмсан. Малыг машинаар ачиж тээвэрлэн зовоож аваачин гадаад дотоодын ёс мэдэхгүй иргэдээр зүй бус үйлдэлээр нядлуулж, буянт малаа зовоодог тухай сонсоод сэтгэл шимширч санаа зовж явдаг малчин хүн би. Эдгээр болон энд хөндөгдөж буй асуудлуудаар зохих үр дүнд хүргэх талаар та бидний хүчин чармайлт чухал шүү гэдгийг хэлмээр байна.
Та бүхэнд гялайлаа.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р багийн малчин Ш.Дэгдэгилмаа