Монгол Улсад газрын эдэлбэрийн сайн засаглалыш дэмжих зорилготой Үндэсний оролцоот стратеги болох “НЭС Монгол” платформын нээлтийг хийлээ. /2019.11.14/ Газар эдэлбэрийн сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны уялдаа, үр дүнг дээшлүүлэх талаар түншилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн “НЭС Монгол” платформын нээлтийн уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ оролцсон юм.
Энэ үеэр БТС-ийн тэргүүн А.Энх-Амгалан “НЭС Монгол” платформын гол зорилго, Засгийн газрын бодлого хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа талаар танилцуулсан. Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх “НЭС Монгол” платформын үзэл санаа орон нутагт-сумаас дэмжин хэрэгжүүлж байгаа төслийн танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн тус платформын гишүүн байгууллагууд болох Бодлого судлалын төв, Байгаль орчин, хөгжлийн “Жасыл” холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулгыг хийж, газрын сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа хамтын ажиллагааны уялдаа холбоо, үр дүнг дээшлүүлэх боломжийн талаар ярилцсан билээ.
НЭС Монгол платформын эрхэмлэх 10 зүйл нь
- Газрын эрхийг баталгаажуулах
- Жижиг аж ахуй эрхлэгчдийг дэмжих
- Газрын эрхийн олон янзын тогтолцоо
- Газрын эрхийн хүйсийн тэгш байдлыг хангах
- Уугуул иргэдийн газрын эрхийг хамгаалах
- Орон нутгийн экосистемийн удирдлага
- Оролцоот шийдвэр гаргалт
- Ил тод хүртээмжтэй мэдээлэл
- Газар булаан авалтаас сэргийлэх
- Газрын эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах
“НЭС Монгол” платформ нь Хүн-төвтэй газрын засаглалын төлөө хамтран ажиллаж буй иргэний нийгмийн болон Засгийн газар хоорондын байгууллагуудын хүчирхэг эвсэл юм.