Т.Лхагвасүрэн: Сүргийн эргэлтийн бүтцийг аймгийн бүх сумдын хэмжээнд хийсэн

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-МБАНХ, Ногоон алт төсөлтэй хамтран ажиллах болсон түүхээсээ хуваалцаач

-Миний хувьд 2017 оноос хойш Ногоон алт Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран ажиллаж, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлаар  томилогдон ажиллаж байна. Манай аймагт Ногоон алт төсөл 2013 оноос хэрэгжиж байгаа. 2018 онд  Улаангом сум нэмэгдэж, нийт 19 суманд төсөл хэрэгжиж байна. Одоогоор 4 сум нь Хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. 2 сум нь энгийн хоршоотой. Дэлхийн байгаль хамгаалах сангийн чиглэлээр 3 суманд хоршоо байгуулагдсан. Цаашдаа бид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулж, Аймаг дундын хоршоо байгуулна гэж төлөвлөж  байна. Ингэхдээ хоршоодыхоо үйл ажиллагааг нэгтгээд аймаг дээрээ түүхий эд боловсруулдаг болох юм.

-2019 онд хийсэн ажлын үр дүнгээс онцолвол?

-Өнгөрсөн онд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд Бөхмөрөн, Ховд, Улаангом, Түргэн сумдад сарлагын  хөөвөр самнах ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн БАХ-ын ахлагч нарыг идэвхижүүлэх ажлыг түлхүү хийлээ. Өмнөговь сумын БАХ-ын ахлагч нар маш сайн ажиллаж байгаа. Загвар сум болох Бөхмөрөн Давст сумын БАХ-ын ахлагч нар ч идэвхитэй ажилласан. БАХ–ын ахлагч нартай шууд харилцан ажиллах нь илүү үр дүнтэй юм байна.

БАХ-ын ахлагч нар өөрсдөө санаачлаад хөрөнгө мөнгөө гаргаад, булаг рашаанаа хамгаалаад, малчдиддаа ухуулга сурталчилгаа хийх ажлуудыг хийгээд явж байна. Хадгаламж зээлийн хоршоод маань сум орон нутагтаа нэр хүндтэй, гишүүнчлэлийн тоо  өндөр,  доод тал нь 100 гаруй хүнтэй байна. 2 хоршоо нь жил гаруй болсон, 2 хоршоо нь дөнгөж байгуулагдсан. Байгуулагдаад жил гаруй болсон хоршоод тус бүр 200-250 гаруй гишүүнтэй болсон байна.

Сүргийн эргэлтийн бүтцийг аймгийн бүх сумдын хэмжээнд хийсэн. Бөхмөрөн, Давст хоёр сумандаа БАХ тус бүрээр нь сүргийн эргэлтийн бүтцийг хийлээ. Сүргийн эргэлтийн бүтэцтэй холбоотойгоор манай аймаг Махмаркет ХК-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд загвар хоёр сумандаа бэлчээрийн даацад нь тохирсон мал сүрэг өсгөх зорилгоор мал мах авах ажлыг түлхүү хийж байна. Ингэхдээ “Мах Маркет” ХК-ийн төлөөлөгчид тухайн сумдад ажиллаж, хашаа татаж зах зээлд борлуулах малыг нэгдсэн цэгт төвлөрүүлж   малыг нь шууд худалдан авч, малчинд мөнгийг нь газар дээр нь өгөх ажлыг зохион байгуулсан.

Мөн Тариалан, Ховд, Өмнөговь суманд “Мах Маркет” ХК-тай хамтран мал мах зах зээлд борлуулах ажлыг хийсэн. Цаашдаа ингээд үйлдвэрүүдтэй хамтраад явбал малчдын амьдралд бодитой хөрөнгө оруулалт болж чадна гэдэг нь харагдаж байна. Учир нь  ченжийн гар дамжихгүй., зах зээлд шууд нийлүүлэгдэж байгаа тул малчид “Мах Маркет хэзээ ирэх вэ” гэдгийг асуудаг болсон. Эхний удаад загвар хоёр сумынхаа 2019 онд зах  зээлд нийлүүлсэн мал, өөрсдийн хэрэгцээнд нийлүүлсэн мал гээд бүх тоо баримтуудыг нэгтгэж, МБАНХ-ндоо мэдээлж, сүргийн эргэлтийн бүтцэд өөрчлөлт хийснээр ямар үр дүн гарсан гэдгийг тодорхой болгоно.

-МБАНХ-нд орж ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан уу. Таны үндсэн мэргэжил?

-Миний үндсэн мэргэжил газар зохион байгуулагч. Тийм болохоор хүндрэлтэй асуудал гараагүй. Миний мэргэжлийн чиглэлийн ажил учраас бараг давуу тал гэж хэлэхээр байсан. Тэр тусмаа бэлчээрээр нилээн олон жил дагнан ажиллачихсан хүн шүү дээ. Дипломын ажил маань “Увс аймгийн Бэлчээр ашиглалт” сэдэвтэй учраас энэ чиглэлд нилээн сайн судалгаа хийгдсэн байсан. Уг судалгаан дээрээ түшиглээд бэлчээрийг хэрхэн яаж сайжруулах вэ, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг хэрхэн гаргах, газрын даамлуудтайгаа яаж ажиллах вэ гээд багагүй туршлага хуримтуулсан байсан.

Миний хувьд Увс аймгийн Газрын албанд 26 жил ажилласан. Тэр утгаараа орон нутгийн хүмүүстэйгээ ажиллахад маш том давуу тал болж чадсан учраас Газрын менежментийн программ дээр суух, гэрээг бүрдүүлэх зэрэг ажлууд нь хэцүү байгаагүй. БАХ-ын ахлагч нарыг энэ ажилдаа дайчлаад бүртгэл хийж, газрын даамал нь бүртгээд явчихдаг. Зарим нэг сумдын мэдээлэл анхан шатнаас ирээгүй тул газрын даамал бүртгэж чадахгүй байх тохиолдол бий. Гэхдээ оны эцэст газрын даамлуудынхаа ажлыг дүгнэж урамшуулсан. Тухайлбал, бэлчээрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мэдээллийн санд оруулах, гэрээнд хавсрах материалуудыг бүрдүүлсэн байдал зэргийг гол шалгуур болгон дүгнэсэн.

-Увс аймгийн бэлчээрийн онцлогийг тодорхойлвол. Бусад аймгуудаас ялгарсан эрс тэс уур амьсгалтай шүү дээ?

-Манай аймгийн бэлчээр нь бусад аймгуудаас илүү онцлогтой. Ялангуяа сум дамнаж нүүх асуудал манайд маш их байгаа. Тэгээд бэлчээрийн  даац хэтэрчихсэн зарим нэг сумдын малчдад тодорхой хэмжээний бензин түлшний урамшуулал өгч отор нүүдэл хийлгэдэг. Отор нүүдэл хийдэггүй суурин байдаг сумдын малчдыг ингэж дэмжсэнээр 2-3 сар бэлчээрийг нь өнжөөж амрааж, эргэн ирэхэд нь ургац хэрхэн өөрчлөгдсөн байгааг нь  харуулдаг болсон нь үр дүнтэй ажил болж байна.

Хамгийн гол нь манай аймгийн хувьд хоёр байршилд буюу хавар намар, зун өвөл  нэг нутагт бууна. Ийм хоёр л янзаар бэлчээр сэлгэж нүүдэл хийдэг сум олон байдаг. Энэ нь 4 улирлаар сэлгээ хийх ямар ч боломж олгохгүй байгаа нь маш төвөгтэй байдаг. Тиймээс бэлчээрийг тодорхой хэмжээнд, богино хугацаагаар  өнжөөж амраах маягаар ашиглаж байна. Түүнчлэн огт ашигладаггүй бэлчээрийг ашиглах тал дээр анхаарч, багахан хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Зүүнхангай суманд Согоо нуур орчмын газарт зуны сууц барьж өгсөн. Учир нь тэр нутагт малчид машин унаатай хүрч очиж чаддаггүй. Тэмээ малаар нүүдэл хийгээд очиход зуны хэдэн сард тэндээ ая тухтай байх, өвөлдөө адууны отрын бүс  болгон ашиглахад малчдын ая тухтай амьдрахад нь зориулж, 4-5 сууцыг  орон нутгийн дэмжлэг, НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр барьж өгсөн. Ингэснээр бэлчээрийн даац хэтэрсэн газраа өнжөөж амраахад үнэхээр тустай ажил болж чадсан.

Манай аймгийн хувьд 2019 онд бэлчээрийн  даац сайн буюу 1 дахин  илүү гарсан. Учир нь хур бороо элбэгтэй жил байсан учраас ургац маш сайн гарсан тул өвөлжилт ч харьцангуй гайгүй байна. БАХ дээр “Эрсдлийн сан”-гийн мөнгө төвлөрөөд эхний сумдууд тэр хөрөнгийг  нь авч ашиглаад  буцааж өгсөн. Ашиг тусыг нь ойлгосон малчид маань дахин хөрөнгө хуримтлуулах нь зөв зүйтэй ажил юм байна гэдэг ойлголт мэдээллийг аваад байна. Бид дахин хуримтлал үүсгэсэн байдлаа харж байж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар  ярилцаж, хэрхэн туслах  вэ гэдгийг шийднэ.

-Үйлдвэрүүдтэй шууд хамтран ажилласанаар хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдал нь бүрэн хангагдах давуу талтай болж байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Манайх баруун гурван аймагтаа хамгийн эрүүл малтай бүс гэдгээрээ онцлогтой. Тэр нэрээ хадгалахад “Ногоон алт Малын эрүүл мэнд” төсөл үнэхээр хэрэгтэй байсан. 2019 онд гэхэд энэ төслийн хүрээнд манай аймгийн 19 суманд Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийг компьютер тоног төхөөрөмж, бар код унших төхөөрөмжөөр хангасан. Аймгийн төсвөөс малыг ээмэгжүүлэн зах зээлд борлуулах ажлын зардлыг санхүүжүүллээ. Тиймээс бид орон нутгаас цаашдаа “Эрүүл мал” гэдгийг нь баталгаажуулан ээмэгтэй малыг зах зээлд борлуулах буюу “Зах худалдааны төвд дандаа ээмэгтэй мал оруулж борлуулна” гэсэн бодлого чиглэл баримталаарай гэдэг саналаа  сумдын Засаг дарга нарт танилцуулсан.

-2020 оныг ШХА-ийн НАМЭМ төслийн хаалтын жил гэж буй. Төслийн хэрэгжих хугацаа дууслаа гэхэд Увс аймгийн хувьд цаашаа бие даагаад хөгжих чадал, чадвар хэр суусан бэ?

-Цаашдаа бие даагаад явах чадвар сум бүрт янз бүр л дээ. Биеэ даагаад явах боломжтой нь ч бий. Боломжгүй нь ч бий. Тиймээс “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн үр дүнгээ хадгалж, өөр бусад төслүүдтэй хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас Ховд, Баян-Өлгий, Увс гэсэн баруун гурван аймагт төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Энэ төсөл нь 700 гаруй сая ам.долларын томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг  хийх зорилготой гэж байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжээд баталчихвал зөвхөн манай аймгийн Өмнөговь, Улаангом суманд л гэхэд “Сум дундын аж үйлдвэрийн парк” байгуулагдана. Энэ нь бидний хувьд үнэхээр үр дүнтэй ажил болж чадна. Бэлчээрийн асуудлыг шийдэж, малчдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, мөнгөн хөрөнгө оруулалтыг шууд хийх учраас маш том боломж гэж харж байна.

П.Нарандэлгэр