card

“Нүүдэлч малчдын мэдээллийн сан”-гийн Дата мэдээллийг боловсруулж байна

НҮБ-ын ХХААБ-аас санхүүжүүлэн ХХААХҮЯ, МБАНХ хамтран Монгол Улсын бүх аймаг, сумдыг хамруулан “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх” төсөл өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.Энэхүү төслийн үр дүнд нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангах түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд эхний шатанд 100 мянга гаруй малчин өрхөөс судалгаа авсан бол дараагийн шатанд илүү нарийвчилан малчин өрхийн нийгэм, эдийн засгийн асуудалд тулгуурлан нийт 1800 гаруй малчин өрхөөс түүвэрлэн авсан. Энэхүү судалгааны ажлын тоо мэдээлэлд үндэслэн бодлогын баримт бичгийг 2019 оны сүүлээр гаргахаар ажиллаж байна. Харин энэ өдрүүдэд судалгаагаар авсан тоо, мэдээллийг боловсруулахаар НҮБ-ийн ХХААБ-ын мэргэжилтэн СеренаФеррари, Олон улсын Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн судлаач доктор Абдрахман Вейн, судлаач доктор Гүйюм Дүтүэгтг нар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр ажиллаж байна.

Энэхүү төслийн үр дүнд орон нутагт байгаа малчдын байгууллагууд өөрсдөө судалгаагаа авч боловсруулаад сум, аймаг, үндэсний түвшинд бодлого гаргагчдыг мэдээллээр хангадаг болно. Тухайлбал, сумын Бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/ уг судалгааг хийж “Манай сумын тэр багийн бэлчээр ашиглагчдын тэр хэсэгт ийм асуудал байна, малчдын нийгэм эдийн засагтай холбоотой ийм асуудал байна” гэж мэдээлнэ. Судалгааны үр дүнд нэг малчин өрхөд оногдож байгаа малын тоо, тэдний олж байгаа орлого ашиг ямар байна, гадаадын улс орнуудаас ямар түвшинд байна гэдгийг тодорхой болгох боломж бүрдэнэ хэмээн МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг онцолж байна.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар дэлхийд ойролцоогоор 200-600 сая нүүдэлчин малчид амьдарч байгаа ба шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар нүүдлийн аж ахуйг хуурай, уулархаг, хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд эрхлэхэд тохиромжтой хэмээн үздэг байна. Эдгээр нүүдэлчид маань Дэлхийн нийт газар нутгийн гуравны нэгийг эзлэх хэмжээний бэлчээрийн газар нутагт аж ахуйгаа эрхэлж байгаа аж.

Хүн амын өсөлт, мөн түүнчлэн малын тоон өсөлт, цаг уурын өөрчлөлт зэргээс хамааран бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах, цаг уурын эрсдлийг багасгах, түүнд хэрхэн дасан зохицохоос нүүдэлч малчдын аж амьдрал ихээхэн хамаарах болсон. Нөгөө талаар нүүдэлч малчдыг байгаль орчноо хамгаалан оршин буй газар нутгийнхаа мал, амьтан ургамлын генетик нөөцийг хадгалан хамгаалахад гол үүрэг хүлээж байгаа хүмүүс гэж үзэх болсон. Тиймээс МАА нь цаг уурын өөрчлөлт, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, санхүү, хүнсний баталгаат байдал, жендер ба залуучууд, эрүүл мэндийн үйлчилгээ, уугуул иргэд гэх зэргээр нэрлэж болох маш өргөн хүрээний асуудлуудыг хөндөж эдгээрт хамаатай олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай болдог салбар хэмээн олон улсын түвшинд анхаарал хандуулдаг байна.