card

IFAD төслийн Үнэлгээний баг Монголд ажиллав

НҮБ-ын Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн Үнэлгэээний багийнхан МБАНХ –ны Төв байранд хүрэлцэн ирж уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад IFAD төслийн Гадаад зөвлөх Сабина Смитч, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй тус холбооны зөвлөх, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2019 оны 1 дүгээр сараас эхлэн “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-тай хамтран IFAD төсөл хэрэгжиж буй 18 сумдад сургалт зөвлөгөөн явуулж, орон нутагтайгаа харилцаатай ажиллаж байна. Шинээр хэрэгжиж эхэлж буй ажил гэхэд үр дүн харьцангүй боломжийн түвшинд байна. Саяхан бид Хэнтий аймгийн Норовлин суманд төслийн нийт 18 сумын мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, ямар үр дүнд хүрээд байна, цаашид юунд анхаарах талаар санал солилцож уулзалт хийсэн. Одоогоор малчдын хэсэг бүлэг байгуулагдан гишүүнчлэл тодорхой болж, хил заагаа тогтоож, хэд хэдэн удаагийн бүлгийн хурал хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Одоо Дундын сан байгуулах ажил хийгдэж байна. Бүлгийн ажлын төлөвлөгөө 3 жилээр гарч байгаа. Төлөвлөгөөнүүд маань оны эцсээр нэгтгэгдээд сумын нэгдсэн төлөвлөлтөд ороод явна. Хамгийн чухал ажлуудын нэг болох Сүргийн менежментийн төлөвлөгөөг хийгээд зөвөлгөө өгөөд явж байна. Эхний ээлжинд долоон сум төлөвлөгөөтэй болсон. Энэхүү сумын хэмжээнд хийсэн төлөвлөгөө маань цаашлаад бүх бүлгүүд сүргийн менежментийн төлөвлөгөөтэй болох ажлын эхлэл болж байна” хэмээн мэдээлэл өгсөн юм. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон  “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-тай хамтран Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч дууссаны дараа Гадаад зөвлөх Сабина Смитч өөрийн сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Сабина Смитч: Сумын хөгжлийн төлөвлөгөөг Засаг даргын тамгын газраар батлуулдаг уу?

Н.Ганхуяг: БАМБ-ын төлөвлөгөөнүүд нэгтгэгдээд оны эцсээр сумын ИТХ-аар орж батлуулна. Энэ ажлыг Сумын газар  зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө гэж нэрлэдэг. Нэгт, энэ төлөвлөгөө орно. Хоёрт, нь IFAD төслөөс тендер зарлан Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө буюу 5-7 жилийн хугацаанд хэрэгжих Дунд хугацааны төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөнд ганцхан бэлчээрийн менежментийн асуудал биш газар ашиглалтын маш олон төлөвлөгөөнүүдийг оруулдаг. Аялал жуулчлал, тусгай  хэрэгцээний газар, газар тариалан, усан сан, ойн сан бүхий газар гээд энэ бүхнийг зөв зохистой ашиглах зэрэг асуудлыг багтаадаг. Харин сүргийн менежментийн төлөвлөгөө нь бэлчээрийн даацыг тохируулан барихад чиглэсэн төлөвлөгөө бөгөөд бүлгийн түвшинд, сумын түвшинд хийгдэх юм.

–Сүргийн бүтцийн төлөвлөгөө Бүлгийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-БАХ-ийн төлөвлөгөөнд бэлчээрийн даац ачааллын асуудлыг багтааж байгаа. Бэлчээрийн байршил тодорхой болоод наймдугаар сарын эхээр БАХ-ын улирлын бэлчээр бүрт фотомониторинг хийгдсэн. Энэ фотомониторингийг үндэслээд бэлчээрийн даацын тооцоо гарсан. Энэ тооцоог үндэслээд сүргийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна. Даацын тооцоон дээр зөвхөн нэг жилийн мониторингийн үнэлгээ бус тухайн бүс нутгийн олон жилийн ургацан дээр тулгуурлаад бэлчээрийн даац ачааллыг 10 жилийн судалгааг үндэслэн тогтоодог. 10 жилийн хугацаанд бэлчээрийн даац ачаалал хичнээн хонин толгойгоор илүүдсэн байна. Өнөөдрийн даац ачааллаар дараагийн 10 жилд ямааны тоо толгойг бууруулж, хонины тоо толгойг зохистой хэмжээнд байлгаад адууны тоог бууруулж, үхрийн тоог нэмэгдүүлэх зэрэг бодлогыг тусгасан сүргийн эргэлтийн төлөвлөгөөг гаргаж байна. Түүн дээрээ тухайн жилдээ хийсэн фотомониторингийн судалгааг түшиглэн тухайн жилийн даац ачаалал, ургацанд харьцуулаад сүргийн  зохистой харьцаа хэд байна. Зах зээлд борлуулах малын хэмжээ буюу энэ жил хичнээн хэмжээний мал борлуулах боломжтой вэ гэдгийг оруулж байгаа.

Сабина Смитч: Сумын түвшинд гарч байгаа юу?

Н.Ганхуяг: Сумын түвшинд болон бүлгийн түвшинд гарч байгаа. Гэхдээ тухайн сумын онцлогоос шалтгаалаад бэлчээрийн даац ачаалаасаа хэтрээгүй цөөн малтай эсвэл бэлчээрийн даац ачаалал хэтэрсэн  хоёр харилцан адилгүй  ялгаатай байна. 5 жилийн хугацаанд бэлчээрийн даацтаа сүргийн мемежментийн төлөвлөгөө нь нийцэж байвал ямар малаа өсгөх вэ, бууруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулна. Харин даац ачаалал хэтэрсэн байвал таван хошуу малын төрөл тус бүр дээр бууруулах төлөвлөгөөг оруулаад явна. Зарим бүс нутагт сүргийн тоо хэмжээг тогтвортой аваад явах үзүүлэлтүүд гарч болно. Харин даац ачаалал хэтэрч тоо толгой нь ихэссэн байвал малчны өрхийн орлогод нөлөөлж, бууруулахгүйгээр маш олон хүчин зүйлийг харж байж төлөвлөнө. Даацад тохирсон байвал тогтмол яаж барих вэ гэдгийг төлөвөлөнө. Энэ  бүхнийг мэргэжлийн хүмүүс хэлж, зөвлөгөө өгч байгаа.

Одоо бидний хийх чухал ажил бол хоршоо байгуулах. Төсөлд бичээд өгсөн байгаа. Сүргийн менежментийн төлөвлөгөө хэрэгжээд эхлэхээр түүхий эдийг зах зээлд гаргах, малыг зах зээлд нийлүүлэх ажил аяндаа ундарч эхлэнэ. Урт хугацаанд үргэлжлэх учраас зөвхөн бүртгүүлэхэд хоёр сар болдог. Дараагийн асуудал бол хоршооны сургалтууд өгч эхлэх. Зүүн аймгуудаас эхлэн хоршооны сургалтууд өгөхөөр төлөвлөж байна. Дорнод Хэнтий, Сүхбаатар аймгуудаас эхэлж, Дундговь дараа нь баруун аймгууд руу орно. Төслийн аймгуудыг хариуцсан 6 хүн маань өдөр тутамдаа сумдын төслийн ажилтан болон  ажлын хэсгийнхэнтэй холбогдож малын тоо, бэлчээрийн төлөвлөлт, багийн иргэдийн нийтийн хурал, сумын хурал болж байна уу гэдэг тоон мэдээ авах, сумын болон бүлгийн төлөвлөгөөнд зөвлөгөө өгч, төлөвлөгөө боловсруулж орон нутагт хүргүүлэх ажлыг хийж байна.

Гарын авлагыг бэлтгэж орон нутагт хүргүүлсэн, бүлэг бүрт аяны цүнх өгсөн. Бүлгийн гишүүдээр хүргүүлж, тойроод ирэхээр нь шинэчлэн дахин өгөх ажлыг тогтмол хийж байна. Мөн орон нутагт болж байгаа үйл ажиллагааг  орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  сурталчилж, олон нийтэд хүргэж, Монгол малчин сэтгүүл дээр гаргаж байна. Мөн өөрийн дотоод цахим хуудсуудаар дамжуулан орон нутгийн төслийн ажилтнууд болон бусад хүмүүст мэдээлэл өгч байна. Хэвлэмэл материал бэлтгэж өгөх, орон нутагт очиж сургалт явуулах зэрэгт зардал их гардаг. Гэтэл орон нутагт эрэлт хэрэгцээ маш их байна. Тиймээс бид нэгэнт бүлгүүд байгуулагдаад суурь тавигдчихсан  энэ нөхцөлд энэ баримт бичгүүдээ электрон хэлбэрт шилжүүлж, гараас гарт дамждаг цүнхээ еbag  буюу цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлээд байна. Сургалтыг заавал явж өгөхгүй, онлайн хэлбэрэээр өгөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Апликейшн хөгжүүлэх явцад эхний ээлжинд материалууд шууд энэ программдаа орчихдог. Дараагийн оруулж байгаа мэдээллүүдийг тухайн сумын төслийн ажилтнууд електрон номондоо оруулаад яваад байх боломжтой. Энэ бүхний эхлэл тавигдсан. Тухайлбал, Дундговь аймагт бүх сум нь  Улаанбаатар болон аймагтайгаа холбогдоод бүх бүлгийн ахлагч нар нь тойрч суугаад ярилцах боломжтой болсон. Мөн 2G орчинд ярилцан сургалт өгөх талаар зөвлөлдөж байна. Мөн манай МБАНХ-ны салбар холбоодууд аймаг болгонд байдаг тул бидний хэрэгжүүлж байгаа төслийн аймгуудад холбооны ТББ-ын хүмүүс очиж сургалт явуулах боломжтой.

Сабина Смитч: Халхгол, Эрдэнэцагаан Баяндэлгэр, Түвшин ширээт суманд очиж сургалт хийсэн. Эрдэнэцагаан сумын хувьд үйл ажиллагаа нь сайн жигдрээгүй харагдсан. Яаж сайжруулах талаар орон нутгийн хүмүүстэй нь ярилцсан. Халхголын сумын хүмүүс их идэвхитэй  байсан.  Орон нутгаасаа дэмжлэг аваад ажиллаж байгаа харагдсан. Миний хувьд Дунд шатны үнэлгээ хийх юм. Энэ үнэлгээний хүрээнд төслийн стратегийн баримт бичиг, дизайн,  үйл ажиллагаанд зөв тодорхойлогдсон уу, зөв шатандаа явж байна уу,  цаашид хэрэгжүүлж байгаа төсөл маань хэр чадавхижиж байна. Орон нутгийн төрийн ажилтнууд чадавхижиж чадаж байна гэдгийг тодруулах зорилготой. Төсөл дуусахад орон нутагт дах БАМБ-ууд тогтвортой ажиллах чадвар бий болсон уу?

Н.Ганхуяг: Орон нутагт ажиллаж байхдаа цаашдаа Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг байгуулахад төрийн дэмжлэг хэр байна гэж асуусан. Одоогоор орон нутгийн  3/1  нь бүлгийн зохион байгуулалтад орсон байгаа. Мэдээж энэ хэвээр үргэлжилвэл орон нутаг бүхэлдээ бүлгийн зохион байгуулалтад орно. Магадгүй энэ нь IFAD төсөл болон НАМЭМ-ийн төсөл хэрэгжиж, орон нутагт тодорхой хэмжээний урамшуулал хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас ажил урагшилж байж болно.

Сабина Смитч: Цаашдаа илүү олон малчин өрхийг хамруулахын тулд ямар арга ажиллагааг баримталвал зохих вэ?

Н.Ганхуяг: Бидний ажлын хамгийн чухал хэсэг нь төсөл цаашдаа хэрхэн тогтвортой байх вэ гэдэг асуудал. Хэд хэдэн зарчим бий.

Нэгд, Тогтвортой авч явахын тулд энэ бий болсон бүтцийг нь хадгалж үргэлжлүүлэх хэрэгтэй. Ирэх жилээс бид Бэлчээр ашиглах гэрээ байгуулах ажил руу орно. Гэрээг сумын Засаг даргатай  байгуулна. Энэ нь цаашид бүлгийг тогтвортой байлгахад түлхэц болж өгнө. Урд өмнөх туршлагуудаас харахад Бэлчээр  ашиглах гэрээг Сумын засаг даргатай  хийж, энэ нь улсын Мэдээллийн санд бүртгэгдсэнээр тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болдог.

Хоёрт, БАМБ-үүдийн үйл ажиллагааг  хооронд нь уялдуулах Иргэний нийгмийн байгууллага буюу ТББ –ууд суманд хэрэгтэй.

Гуравт, Дундын санг маш эрчимтэй хөгжүүлэх ёстой. Дундын сан нь тодорхой хэмжээнл өсөөд гишүүд нь зохистой ашиглаад сурах юм бол бүлэг оршин тогтносоор байдаг.

Дөрөвт, Дундын хоршоо зайлшгүй байгуулах шаардлагатай. Хоёр хоршооны асуудал яригдана. Нэг нь түүхий эд бэлтгэлийн Маркетингийн хоршоо, нөгөө нь Дундын сан нь сайн бүрдсэн бүлгүүдийг нэгтгэн Хадгаламж зээлийн хоршоо байгуулчивал цаашдаа тогтвортой явахад чухал үүрэгтэй. ХЗХ д шилжихийн тулд  Бүлгүүдийн дундын сангийн мөнгөн хөрөнгө 50 сая хүрэхэд зарим нэг үйл ажиллагааны зардлаа даагаад явахаар болдог. Ингээд хоёр хоршоо болон ТББ-ууд хоорондоо зохистой ажил үүргээ хуваарилаад  удирдлага бүтэц зохион байгуулалт нь зохистой түвшинд хүрчих юм бол төсөл дууссан ч  гэсэн цаашдаа бие биенээ дэмжээд  ажиллаад явж болно.

Тавд, тухайн жилийн сумын төлөвлөгөө нь БАМБ-ийн  төлөвлөгөөнүүдийг дэмжих нь их чухал бөгөөд Бичил төсөл хэрэгжүүлэх зэргээр ямар нэгэн төлөвлөгөөг дэмжсэн үйл ажиллагаа явуулбал их сайн үр дүнд хүрдэг.

Зургаад, энэхүү орон нутагт бий болсон бүтцийг хадгалахад түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж байгаа сумдад бид түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлж мөшгих тогтолцоонд ашиглаж эхэлсэн. Энэ мөшгих тогтолцоо нь үндсэн 6 чиглэлээр стандартууд боловсруулсан. Уг стандартын бүтэц зохион байгуулалт орох чиглэлүүдийг хэрэгжүүлж,  гурав дахь жилээс м­­өшгих тогтолцоог оруулаад эхлэхэд цаашдаа тогтвортой үргэжлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн.

Сабина Смитч: Сум дээр болон аймагт байгуулагдах ТББ-уудыг гадаад дотоодын байгууллагуудтай холбож өгнө гэж байна. Хоршоод тэр холбох ажлыг хийхгүй юу. ТББ болон Хоршоодуудын үүрэг  хариуцлага ямар ялгаатай байгаа вэ?

-Энэ хоёр байгууллага маань хоёул зэрэгцээ байсан цагт харилцан ашигтай ажиллана.  ТББ нь төсөл хөтөлбөрт хандах, орон нутгийн хөгжлийн сангуудад хандах мөн малчдын эрх ашгийг дээдлэх, нийгмийн эргэх хариуцлага, хийх ёстой ажлаа хийж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавих гэх мэтээр олон талаар ажилладаг тул мэдээж сумын түвшинд байна. ТББ-ын удирдах бүрэлдэхүүнд бүх бүлгийн ахлагч нар ордог. Хоршоо нь  өөрийнхөө чиглэлээр малчдын малын түүхий эдийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, гэрээ контракт байгуулах, урьдчилгаа мөнгө авах, түүхий эдийн урамшуулал авах зэрэгт чухал үүрэгтэй. Саяхан Засгийн газрын тогтоол шийдвэр гарлаа. Энэ шийдвэрт Хоршоогоор дамжуулж бэлтгэсэн чанартай түүхий эдэд урамшуулал олгохоор болсон. Тэгэхээр энэ нь хоршооны хөгжилд хөшүүрэг болно гэж бид үзэж байгаа.

Сабина Смитч: IFAD ийн төсөл дуусахад хоршоод болон ТББ-ууд цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжүүлэх чадавхитай үлдэнэ гэдэг та итгэлтэй байж чадах уу?

Н.Ганхуяг: Мэдээж төслийн үүрэг оролцоо чухал ч миний хэлсэн зургаан чиглэлээр үйл ажиллагааг явуулж, ирэх жилийн төсөв хөрөнгийг хуваарилж зарцуулах, ажлын уялдааг хангаж чадвал бүлгүүдийн хөрс суурь маш сайн тавигдаж байгаа гэж бид бодож байна. Хоршооны 7 зарчимын хүрээнд малчдын хүсэл сонирхолд нийцүүлээд суурийг нь зөв тавих юм бол энэ ажил маань цаашаа үлдэнэ. Манай холбооны гишүүнчлэлтэй 156 сумын ТББ  байдаг. 100 орчим хоршоод байна. Тэдгээрийн тал хувь нь Санхүүгийн хувьд биеэ даах чадвартай болчихсон байгаа. Бэлэн загвар нь нэгэнт гарчихсан учраас хөгжинө.

Гол нь бид төсөл хэрэгжих хугацаанд хөрөнгө санхүүгээ зөв хувиарлаад бодлогоо зөв тодорхойлж тал талаас нь дэмжээд явахад хүчтэй  байгууллагууд болж байна. Одоо ч эхлэл суурь нь тавигдсан газруудаас үр дүн мэдрэгдэж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Норовлин сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Сайхан овоо, Эрдэнэцагаан зэрэг аймаг бүрт загвар болчих сумдууд харагдаж байна. Гэхдээ илүү сайжруулахын тулд анхаарч ажиллах хэрэгтэй. Төслийн зүгээс дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, хүү багатай хугацаа урттай зээлийн дэмжлэг эхний үед зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа орон нутагт баригдах байшин барилга, эд хогшил, хөрөнгө мөнгийг малчдын Дундын байгууллагад шилжүүлэх нь маш том дэмжлэг болж илүү сайн хөгжинө. Саяхан УИХ-д өргөн барьсан Хоршооны тухай хуулиар хоршоо зээл авах эрх зүйн орчин нь маш сайжирсан. Тэгэхээр хоршооны хөгжилд түлхэц өгнө. Бэлчээрийн тухай хуулийн төсөл ч яригдаж байгаа. Энэ удаагийн УИХ-аар биш гэхэд дараагийн УИХ-аар энэ хууль батлагдана. Энэ хууль батлагадахаар малчдын хамтын зохион байгуулалтад орох, хамтаараа дундын бэлчээрээ эзэмшиж, ашиглах эрхүүд нь нээгдэж, бүлгүүдийн үйл ажиллага нь жигдэрч томоохон үүрэг хариуцлага хүлээнэ. Саяхан батлагдсан Малын эрүүл мэнд, генетик нөөцийн тухай хуулиуд орон нутгийн энэ бүтцийг дэмжихэд чиглэж байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газар, МБАНХ хамтраад Малын эрүүл мэндийн гэрчилгээний системийг  нэвтрүүлэхдээ бүлгийн зохион байгуулалтаар ажиллаж, бүлгээс нийлүүлж байгаа малыг эрүүл гэдгийг батлан зах зээлд нийлүүлэх юм. Мөн Тогтвортой ноос ноолуурын флатформ байгуулахаар болж, оролцогч талууд шийдвэрлэгдсэн. Төрийн байгууллагууд болон ноолуур бэлтгэлийн чиглэлээр ажилладаг бүх компаниуд, гадаадын оролцогч байгууллагууд байна. МБАНХ болон Ноос ноолуурын холбоо хоёр гол оролцогч нь байх юм. Хариуцлагатай малчид буюу Бүлгийн болон Хоршооны Зохион байгуулалтад орсон, сүргийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа малчдын үйлдвэрлэсэн ноолуурыг “Тогтвортой ноолуур” гэж үзнэ гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Малчдын хамтын зохион байгуулалтыг дэмжиж байгаа учраас цаашдаа тогтвортой үргэлжлээд явна гэдэгт итгэлтэй байна.

Сабина Смитч: Төслийн бүтцэд санал оруулах зүйл юу байна. Ямар нэгэн төсвийг дахин хуваарилах юм уу, аль нэг байгууллага эсвэл салбарыг онцолж чадавхижуулах зэрэг онцлох зүйл байна уу?

Н.Ганхуяг: Бидний хамтран ажиллаж буй төслийн баримт бичиг бүх зохион байгуулалтыг дэмжсэн байна. Тэгэхдээ бидний ярьсан сумын ТББ хөгжих, хоёр хоршоог бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх нь цаашдын ажилд нилээн дөхөмтэй байх болов уу. Нөгөө талаар БАМБ-ын гурван жилийн төлөвлөгөөнд үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Бүлгүүдэд 500 мянган төгрөгийн санхүүжилтийг ирэх жил хуваарилсан байна. Үүнийг  илүү нэмэгдүүлвэл зохино. Нөгөө талаар бид тодорхой төсвийнхөө хүрээнд л ажиллаж байгаа. Илүү эрч хүчтэй, цар хүрээтэй ажиллана гэвэл санхүүгийн асуудал яригдана. Энэ жил бид санхүүг үр дүнтэй зарцуулах зорилгоор богино хугацаанд үр дүн гаргах сургалтуудыг орон нутагт олон баг гарган ажлуулсан. Ирэх жилээс төсөв багасаад явна. Мэдээж үйл ажиллагааг  эрчимжүүлэхийн тулд санхүүг багасгахгүй байх нь чухал.

Л.Ганцогт: Миний санал бол энэхүү төслийн цаашдаа тогтвортой байх шалтгаан бол Малчдын бүлэг. Бүлэг тодорхой байх. Бүлгийн ахлагч малчдыг тодорхой хэмжээнд  зангидаж ажилладаг бөгөөд тэр хүн тодорхой хэмжээний үнэлэмж өндөртэй байх ёстой. Тиймээс малчдын бүлгийн ахлагч болохын тулд малчид дундаасаа өөрийн хийсэн ажлаараа шалгардаг байх хэрэгтэй. Засгийн газар болон Олон улсын хөдөөг хөгжүүлэх сангийн шугамаар  хэрэгжиж байгаа төсөл учраас Малчдын бүлгийн ахлагчид цалин өгч чадахгүй, бензин шатахууны мөнгө өгч чадахгүй байна. Тиймээс  төрийн үйлчилгээг нэг удаа үнэгүй авах, эсвэл эмнэлэгт очоод үзүүлэхэд нь дугаарлахгүй үзүүлэх зэрэг боломж бололцоо олгодог байх саналтай байна. Үүнийг төслийн баримт бичигт тусгаж өгвөл тухайн хүний үйл ажиллагааг дэмжиж, бүлгийн тогтвортой байдалд нөлөөлөх юм болов уу. Ийм туршлага Хэнтий аймагт байдаг. Төрийн үйлчилгээг маш богнио хугацаанд  хүргэх зорилгоор Аравтын системийг бий болгосон. Аравтын системийн ахлагчийг Аймгийн Засаг даргын  захирамжаар эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд дараалалгүй үйлчилгээ авах, үнэмэлэхээ үзүүлээд орох, Улаанбаатар хот руу зорчиход  нэг удаад нь нийтийн унаанаас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх зэргээр  урамшуулдаг юм билээ. Энэ аргыг Засгийн газрын түвшинд  ярьж дэмжих боломжтой гэж бодож байна.

Н.Ганхуяг: Ногоон алт Малын эрүүл мэндийн хүрээнд  ч ийм дэмжлэг байдаг. Малчидтай гар утсаар ярихад зориулан нэгж өгөх, гэр интернэт өгөх зэргээр цахим  орчинд мэдээлэл оруулах,  авах боломжоор хангасан.

Сабина Смитч: Орон нутгаар явж байхад БАХ-ын гишүүд, ахлагч нар “Бэлчээр ашиглагчдын хэсэгт зарим нэг олон малтай малчин өрх орохгүй байна” гэж байсан. Энэ асуудал нь БАМБ-ын төлөвлөгөө болвсмруулж цаашдаа тогтвортой  явахад нөлөөлөх үү?

Н.Ганхуяг: Бүлгийн зохион байгуулалтад ороод ирэхээр тодорхой хэмжээний дүрэм журам заавар хэрэгтэй болдог. Хүссэн үедээ нүүж бууж  болдоггүй. Үүнээс болоод олон малтай хүмүүс нь эсэргүүцэх тохиолдол мэр сэр байдаг. Ялангуяа зүүн бүс нутаг болох Сүхбаатар Дорнодод олон малтай хувь хүн, аж ахуйн нэгж бүхий хүмүүс байдаг. Гэхдээ цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой явуулна гэвэл бэлчээрийн даац ачааллыг барьж, нүүдэл суудлаа зохицуулах зайлшгүй шаардалагатай. Тиймээс энэ хүмүүс явцын дунд зохион байгуулалтад орно гэж итгэж байна.

Л.Ганцогт: Мөн манай малчдын бүлгүүд өөрсдөө Бэлчээрийн менежментийн төлөвлөөг боловсруулж, бүлгийн түвшинд баталж байгаа. Бүлгийн түвшинд баталснаар сумын хэмжээний Газар зохион байгулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаад явдаг. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг зөрчсөн эсвэл хариуцлагагүй хандсан хүмүүстэй хариуцлага тооцох боломжтой байдаг. Тухайн бүлэг ямар ч шийдвэр гаргасан тэнд бэлчээр ашиглаж л байгаа. Тэгэхээр малчин бүр дагаж мөрдөх нөхцөл шаардлагыг тавина. Олон малтай гээд баян ядуугийн  ялгаа гаргасан ч буцаад бүлгийн зохион байгуулалтад орох хандлага жилээс жилд нэмэгдэж байна.

Сабина Смитч: Сумын тухайн жилийн төлөвлөөг батлахад Сумын Засаг дарга, Газрын даамал оролцсоноор ажил хэрэг болно. Магадгүй энэ албан тушаалтнууд асуудалд идэвхигүй хандвал яах вэ?

Н.Ганхуяг: Хэн нэг нь идэвхигүй байвал ажил урагшлахгүй. Асуудал үүснэ. Орон нутагт ийм үүргээ ухамсарлахгүй, улс төрийн шалтгаантай ийм асуудал нилээдгүй байгаа.

Сабина Смитч: Фотомониторингийн судалгаа хийгээд бэлчээрийн даац нь хэтэрсэн гэж гарсан тохиолдолд энэ мэдээллийг амьдрал дээр хэрхэн ашиглаж байгаа вэ?

Л.Ганцогт: Ер нь фотомониторингийн үр дүн нь Малчдын бүлгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний суурь мэдээлэл болж өгдөг. Энэ нь тухайн бэлчээр дээр хичнээн тооны мал бэлчээх боломжтой, төлөв байдал ямар байна. Үнэхээр доройтсон бол технологийн ямар арга хэмжээ авах вэ зэрэгт суурь үзүүлэлт болдог. Энэ жилээс бүлэг тус бүрт 2-3 цэг авч мониторинг хийх, төсөл хэрэгжээгүй газруудад Газрын агентлагийн түвшинд баг төлөөлсөн улирлын бэлчээрийн 2-3 цэгийг сонгож байгаа. Сум дотроо 2-3 малчдын бүлэг байгуулагдсан байвал дахин баг дотор нь цэг сонгож фотомониторингийн судалгаа гаргаад явж байна. Гол нь фотомониторингийн судалгаа улсын хэмжээний ажил болсон. Судалгааг үндэслэн бэлчээрийн даац хэтэрлээ гэвэл ашиглалтгүй байгаа бэлчээрийг ашиглах, түүүнийг нь усжуулах зэрэг ажлуудыг хийж байна. Бэлчээрийн даацыг тодорхойлох хэд хэдэн арга байдаг.  Нэг нь тоо толгойгоор  харгалзан зах зээлд нийлүүлж цөөлөх, нөгөөх нь тодорхой хэмжээний ачаалал багатай  нутагруу отор нүүдэл хийж, өвөл хавар, зун намрын бэлчээр лүү нүүдэллэх, доройтосон бэлчээрийг өнжөөж амраах зэрэг ажлыг Малчдын бүлэг л хийж хэрэгжүүлэх учраас  мониторингийн судалгаа гол суурь болж байгаа ажил юм. Сумын түвшинд тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан отроор ашиглах эсвэл өнжөөж амраах бэлчээр зэргийг газрын зураг дээр тусган, тэр дагуу чөлөөлөх болон ашиглах хугацааг тодорхой болгон Сумын засаг даргын захирамжаар хэрэгжүүлдэг. Тэр захирамжинд заагдсан ажлыг холбогдох мэргэжилтнүүд болон тэнд хамрагдах малчин өрхүүд дагаж биелүүлэх шаардлагатай. Энэ бүгдийг улсын хэмжээний отор нүүдэл хийх отрын бүс нутаг гэдэг албаараа зохицуулаад явна.

Н.Ганхуяг: Манай IFAD төслийн сумдууд харьцангуй шинэ ч бүлгүүд хуралдаад  нүүдэл сэлгээг хийсэн байна. Хэнтий аймгийн Норовлин суманд гэхэд сүүлийн 10 гаруй жил сэлгээж амрааж чадахгүй огтонод идэгдсэн байсан бэлчээрийг сэлгээж амраахад тэр нь эргээд сэргэсэн байна. Малчид ч сэтгэл ханамжтай байна. Бэлчээрийн даацыг тохируулах нэг арга нь тэжээлийн хангамжийг  нэмэгдүүлэх байдаг. Тэгхээр доройтсон бэлчээрийг сэргээх, тэжээл бэлтгэх зэргийг манай төслийн сумдууд хийгээд эхэлсэн байна. Харин  даацнаас хэтэрсэн малыг зах зээлд нийлүүлэх ажлыг одоогоор эхлээгүй байна. Гэхдээ Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийн худалдан авах махны үнэ нэмэгдэхээс сэргийлээд гадагшаа чиглэсэн зах зээлийг ерөнхийд нь хаагаад байна. Энэ зах зээл нээгдчих юм бол малын тоо толгойтой холбоотой Сүргийн менежмеэнтийн төлөвлөгөө хийгдэж тухайн сум жилд хичнээн хэмжэний малыг зах зээлд нийлүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.

Өөр нэг туршлага нь манай НАМЭМ-төслийн хүрээнд ХАС банзктай хамтраад Ногоон зээлийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр нь малынхаа тоог, бэлчээрийнхээ даацад барихад чиглэсэн нүүдэл суудлыг сайн хийх, өвс тэжээлээ бэлтгэх зэрэг бүх чиглэлээр малчидтай гэрээ хийж, гэрээнийхээ үүргээ биелүүлж байгаа малчдад урт хугацаатай хүү багатай зээл олгох саначлага хэрэгжүүлээд явж байна. Энэ ажлыг төслийн 18 сумандаа хийнэ гэвэл малчин нэг бүртэй гэрээ байгуулдаг тул үр дүн сайтай байна. .

Сабина Смитч: Бэлчээр ашиглах гэрээг хэдэн жилээр хийдэг вэ?

Л.Ганцогт: Одоо бол 15 жилээр хийж байгаа. Газрын кадастрын мэдээллийн санд  бүртгүүлж байгаа.

Сабина Смитч: Бэлчээрийн зураглалаа хийгээд кадастрт бүртгүүлчихсэн тохиолдолд уул уурхайн компаниудаас сэргийлж байгаа гэсэн үг үү?

 Н.Ганхуяг: Хамгаалах нэг хөшүүрэг болж чадна.

– IFAD төсөл дээр бэлчээр ашиглалтын гэрээ хийгдсэн байгаа юу?

Н.Ганхуяг: IFAD төслийн хувьд Сүхбаатар аймгийн гурван сумын цөөхөн хэдэн бүлэг дээр гэрээтэй байгаа. Тухайлбал, Эрдэнэцагаан сумын 3 бүлэг дээр гэрээ байгуулан ЛM программ дээр бүртгэсэн. Түвшинширээ, Баяндэлгэр сумдад тус бүр хоёр гэрээ хийгдэж газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа. Энэ гэрээ хийсэн бүлгүүд нь нилээн идэвхитэй үйл ажиллагаанд оролцож байгаа гэсэн үг. Хавсралт мэдээллийг газрын даамал бүгдийг нь гаргаж өгч байна. Бусад аймгуудад гэрээ хийх шатандаа арай очоогүй байна. Эрдэнэцагаан суманд бид нар 9 сард яваад ирсэн 9 малчны бүлэг байгуулагдсан 7 д нь бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглуулах гэрээний асуудлыг оруулсан. Сум орон нутгаас дэмжээд энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд малчдын бүлгийг бэхжүүлэх, чадавхижуулах  зорилгоор бүлгийн бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжийг Орон нутгийн удирдлагууд хэлж байсан. Малчдын газрыг гэрээгээр ашиглуулах асуудлыг Иргэдийн хурлаар оруулаад явах боломж байгааг үгүйсгэхгүй.

МБАНХ дээр хийсэн уулзалтын дараа Үнэлгээний баг болон Төслийн багийнхан хамтран Дундговь, Өвөрхангай, Архангай аймгийн төслийн сумдад ажиллав. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хувьд малчдаа 100хувь бүлгийн зохион байгуулалтад оруулсан байна. Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой уулзахад Бэлчээр ашиглалтыг зохицуулсан журам боловсруулж, татвар хураамж оногдуулах замаар бэлчээрийн даацыг тохируулахаар ажиллаж байна гэлээ. Тус аймгийн Хархорин сумын Хишигбуян малчдын бүлэгтэй уулзалт зохион байгуулж, тус малчдын бүлгийн эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцав. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд ажиллаж сумын Засаг дарга болон ажлын хэсэгтэй санал солилцсон юм. Тус сумын хэмжээнд фотомониторингийн ажлыг жил бүр 30 гаруй цэгт хийж үр дүнгийн тайланг малчдад мэдээлж хэвшсэн юм байна. Тус сумын малчин өрхүүд 7 бүлэг болж зохион байгуулалтад орсон бөгөөд анхны бүлгийн хурлаар өвөлжөөний бүс нутгаас 3 км- ээс ойргүй зайд улирлын нүүдэл хийх хамтын шийдвэр гаргасан талаар уулзалтын үеэр хэлж байлаа.