IFAD төслийн 2019 оны ажлын үр дүнг хэлэлцэв
НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэж буй IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2019 оны ажлын үр дүн, 2020 оны зорилт хамрах хүрээ, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцэх уулзалт зөвлөгөөн өнөөдөр /2019.12.17/ эхэллээ. Тус уулзалт зөвлөгөөнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийнхан, Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжиж буй сумдын төслийн ажилтнууд оролцож байна.
Энэхүү уулзалт зөвлөгөөнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэлийн багийн МБАНХ-ны Гүйцэтгэх захирал, Түншлэлийн багийн ахлагч Н.Ганхуяг, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны гишүүн Монгол Улсын зөвлөх малзүйч Б.Биньеэ, МБАНХ-ны Хоршооны зөвлөх Н.Баасанхүү, МБАНХ-ны Зөвлөх Л.Ганцогт, МБАНХ-ны мэргэжилтэн Ю.Амаржаргал нар оролцлоо.
Түншлэлийн багийнхэн энэ үеэр төсөл хэрэгжиж буй аймаг сумдад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын үр дүн, “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн мэдээллүүдийн үр дүн хэрхэн гарсан талаар тайлагнав. Мөн ирэх 2020 онд зорилтот аймаг, сумдын төслийн ажилтнуудад хандан юуг анхаарч ажиллах талаар мэдээлэл хийлээ.