МОНГОЛЫН МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АЗИЙН БҮСИЙН ЭМЭГТЭЙ ФЕРМЕРҮҮДИЙН УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Олон улсын газрын эвслийн Азийн бүсийн салбар (International Land Coalition Asia)-аас зохион байгуулсан “Эмэгтэй фермерүүдийг хөгжлийн төвд тавих нь: Ази дахь газар эзэмшил, агроэкологи ба уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бүс нутгийн уулзалт 2026 оны 10 дугаар сарын 14–17-ны өдрүүдэд Камбож Улсад зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюун хамт олон, Монголын малчин эмэгтэйчүүдээ төлөөлөн амжилттай оролцлоо.

Энэхүү уулзалт нь Азийн бүс нутгийн эмэгтэй фермерүүд, малчдын харилцан туршлага солилцох, газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэмжээ юм.

Уулзалтаар дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэхэд анхаарчээ. Үүнд:

Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх;

Эмэгтэйчүүдийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалах, баталгаажуулах;

Агроэкологи буюу байгальд ээлтэй, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх;

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малчид, фермерүүдийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх;

Бүс нутгийн эмэгтэй фермерүүд, малчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох.

Монголын нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалалт, малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд малчин эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой ач холбогдолтой.

МБАНХ-ны гишүүн байгууллагын төлөөлөл энэхүү олон улсын уулзалтад оролцсон нь Монголын малчин эмэгтэйчүүдийн дуу хоолойг бүс нутгийн түвшинд хүргэх, бусад орны сайн туршлагаас суралцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж болж байна.

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь малчин эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, манлайллыг дэмжих, тэдний шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон малчин өрхийн хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхийг зорьж байна.

Хамт олноо төлөөлөн олон улсын уулзалтад амжилттай оролцсон Ц.Оюун танд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо

#МБАНХ #МалчинЭмэгтэйчүүд #ЭмэгтэйчүүдийнМанлайлал #ILCAsia #WomenFarmersAtTheCentre #Agroecology #ClimateResilience #ТогтвортойХөгжил