Олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалтын оролцогчид Төв аймгийн Борнуур суманд зочиллоо

 

Монгол Улсын Засгийн газар, Үндэсний Газрын Эвсэл болон бусад түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулсан "Талуудын оролцоонд тулгуурлан Бэлчээрийн засаглалыг шинэчлэх" сэдэвт олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалтын оролцогчид Төв аймгийн Борнуур суманд зочиллоо. Энэхүү хоёр өдрийн аялалыг Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн болон Борнуур сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид, сумын дунд сургуулийн сурагч, орон нутгийн иргэд хамтран зохион байгуулсан юм.

Зочид төлөөлөгчид гурван баг болон Сумын бэлчээр ашиглагчдын хэсгийн /БАХ/ айл өрхүүдэд зочилж, монгол малчин хүний хөдөлмөр, амьдралын хэв маягтай танилцсан. Мөн энэ үеэр МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Удирдах зөвлөлийн гишүүн Р.Гүррагчаа, Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн нар тус сумын бэлчээр ашиглагчдын хэсгийн тэргүүний малчин гурван өрхийг шалгаруулж, дурсамж, мөнгөн шагнал гардуулсан юм.

Борнуур сум нь газар тариалан, мал аж ахуй хосолсон онцлогтой бөгөөд Бэлчээр ашиглагчдын 13 хэсэгтэй. Энэ үеэр долоон хэсгийн малчин өрхүүд нэгдэн бэлчээрийн асуудлыг хэлэлцэхээр ирсэн зочид төлөөлөгчид зориулан бэсрэг наадам зохион байгуулж, монголынхоо ёс заншил, өв соёлыг үзэж сонирхох боломж олгосон юм.